Categories
мэдээ цаг-үе

Нямын Баттөмөр: Төрж өссөн нутгаа зарлуулж, улсад гурван адуу айрагдууллаа. Сайхан байна.


Айрагдана чинээ санаагүй хүрэн хязаалангийнхаа хамт

Өнөө жилийн наадмаар Баянхонгорын Бууцагаан сумынхан одтой сайхан наадаж улсын алдарт уяачаа угтаж авсан. Нямын Баттөмөр гэх залуу улсын наадамд гурван адуу айрагдуулж өндөр амжилт гаргасныг наадамчид өнөө хэр нь ярьцгааж байна. Сартай хонгор азаргаа аман хүзүүнд давхиулж, хар морио айргийн дөрвөөр хурдлуулсан нь наадамчдын баяр бахдалыг төрүүлсэн. Унаган адуу хүрэн хязаалан нь айргийн гуравт хурдалсан нь Н.Баттөмөрийн баяр дээр баяр нэмж өгсөн. Эдгээр хүлгүүдийн уяач аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулдаг аж. Нутгийнхаа бахархал болсон хоёр залуугаа нутгийн зөвлөлийн дарга М.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс хүндэтгэл үзүүлж байхад нь таарч Н.Баттөмөртөй хөөрөлдлөө.


-Улсын алдарт уяачийн болзол хангасан танд баяр хүргэе. Малд ойр өссөн үү. Хэзээнээс моринд оров?

-Баярлалаа. Бууцагаан сумаас Б.Цэдэв, И.Золбоо нар улсын алдарт уяачийн болзол биелүүлж байсан. Энэ нутгаас төрсөн гурав дахь алдарт уяачаар би тодорч байна. Өвөө, эмээ ойр тойрныхон малчин улс. Ах нь сумандаа малын дэргэд өсч хүмүүжсэн хүүхэд. Тийм учраас л малд хайртай байдаг юм.

-19 жилийн дараа Бууцагаан сумаас улсын наадамд морь айрагдлаа?

-2000 онд Б.Цэдэв ахын алаг морь улсын наадамд аман хүзүүдэж байсан юм билээ. Тэр цагаас хойш 19 жил өнгөрчээ. Сая төрж өссөн нутгаараа зарлуулж гурван ч насны морь айрагдууллаа. Их баяртай байна. Нутаг орныхон маань ч огшсон байлгүй. Бууцагаанд маань хүн малын зоо тэнэгэр, дэлгэр сайхан зун болж байна лээ.

-Г.Болдбаатар ах та хоёр багын найзууд уу. Хэзээнээс хамтран ажиллах болов?

-Бид хоёр чинь дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Сургуулиа төгсөөд л зах зээлийн шилжилтийн үед Улаанбаатар луу орж ирсэн. Сүүлийн таван жил хамтарч ажиллаж байна даа.

-Өнгөрсөн жил та Хангайн бүсийн даншигт сайхан наадсан даа. Хар морь тань түрүүлсэн бил үү?

-Тийм ээ, Булганд их том наадам болсон. Олон ч том уяачид цугласан. Хар морь маань түрүүлээд, хонгор азарга аман хүзүүнд давхисан. Эрдэнэтийн даншигт өөр нэг үрээ айрагдуулж ганзага дүүрэн буцаж байлаа, бид хоёр.

-Таны гол зөвлөхийг би тод манлай уяач Д.Онон гэж ойлгож байна. Энэ их уяачтай яаж танилцаж байв?

-Улсын алдарт уяач Цэндийн Бямбадорж ах бид хоёр адуугаа Өлзийт хороолол руу авчирч байлаа. Хамар хашаа нь Онон ахынх. Энэ цагаас хойш л “Түмэн эх” галд айлсч морь уях болсон доо.

-“Түмэн эх” гал өнөө жил сайхан наадлаа. Дээд гурван насанд энэ галын л морьд давхилаа шүү дээ?

-Үнэхээр сайхан наадлаа. Нэг уяаны гурван азарга дараалж орлоо шүү дээ. Их хурдад бас “Түмэн эх” галын гурван азарга цувж орсон. Эрлийз дээд насанд бас эхний байранд энэ галаас морьд орсон байгаа.

-Улсын наадамд гурван адуу оруулчихна чинээ санаж байв уу?

-Ер нь бол уяа нь эвлэг сайхан таарсан. Болдбаатар маань ч наадмын өмнө “Энэ жил айргаас мултрахгүй байх аа. Сайн байна” гэж хэлж л байсан. Гэхдээ арай ч гурав дөрвөөрөө орчихно чинээ санаж байсангүй ээ. Хязаалангаа айрагдахад их баярласан.

-Хүрэн хязаалан таны унаган адуу байх аа?

-Тийм ээ. Морь уяна гэдэг чинь давхар үржүүлгийн ажил явагдаж байдаг шүү дээ. Үржүүлгийн ажил хийж гаргаж авсан унаган адуу маань айргийн дөрвөөр хурдалсан.

-Хонгор азарга ч энэ цагт тодорч байна даа. Та хаанаас авсан бэ, энэ адууг?

-Азарга маань сайхан уралдаж байна аа. Би дархан аварга А.Сүхбатын дүү Төгсбатаас авч байсан. Сүхбаатарын Халзангийн адуу л даа. Хүүгийн Түмэнбаяр ахын хонгор азарганы төл. Эх нь Төв аймгийн Эрдэнэ сумын хонгор гүү бий.

-Том уяачид том морьдоороо л нааддаг шүү дээ. Аман хүзүүнд ороод ирэхэд нь ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Тийм ээ. Их морь, азаргандаа хүч хаядаг. Миний хонгор азарга ч битүү адуу л даа. Төрийн наадамд азарга аман хүзүүдүүлнэ гэдэг чинь тэр бүр заяахгүй, том хувь заяа шүү дээ. Их баярладаг юм билээ.

-Та хар мориныхоо талаар ярихгүй юу. Сүхбаатарын Халзангийн адуу бил үү?

-Тийм ээ. Халзан сумын Дулмаагийн Эрдэнэбулган гэж хурдан адуутай хүн бий. Түүний дүү Энхтайван гэж залуугаас авч байсан юм. Сайхан хурдалж байна аа.

-Улсын наадамд айрагдаж түрүүлсэн 30 адуунд цэвэр монгол адуу хоёр гуравхан л байна гэх яриа яваад байна. Нэг нь таны хар морь?

-Яах аргагүй цэвэр монгол адуу л даа. Болдбаатар бид хоёр зөвлөж их олон адуунаас сонгож авч байлаа. Авч ирэх гэж их ч хол замыг туулж билээ. Болдбаатар маань жилийн дөрвөн улиралд л тулж ажилладаг юм.

-Таны адуун сүргээс гурван адуу төрийн наадамд орчихлоо. Үнэ цэнэ нь ч өсч байгаа биз?

-Үнэ цэнэ ч юу байх вэ дээ. Магнайгаа хагартал баярлаад л явж байна.

-Адууны орчинд та хэдэн айлын аж амьдралыг залгуулж явна вэ?

-Морь уяна гэдэг бүтэн багийн ажил. Цаана нь олон хүний хичээл зүтгэл хөдөлмөр бий. Бүгд хичээж байж л морь хурдаж байна гэж ойлгодог. Ах нь адууны орчинд 10 гаруй айл өрхийн амьжиргаанд тус нэмрээ өгч яваа болов уу гэж боддог юм.

-Адуу уях таны дуртай ажил байх. Нөгөө талаас нь харвал адууны аж ахуй, бизнес гэж ойлгож болох уу?

-Бизнес гэхээс илүү ахынх нь дуртай ажил, хобби юм даа.

-Ламын гэгээний наадамд та одтой сайхан наадсан шүү дээ. Улсын алдартын болзлоо энэ наадамд хангасан?

-Нутгийнхаа том гэгээнтний наадамд эртнээс зорьж байгаад очиж наадсан даа. Хар морь маань түрүүлсэн. Хонгор азарга маань аман хүзүүнд давхисан. Өөр нэг даага айргийн таваар давхилаа. Нутгийн гэгээнтний наадамд хийморьтой сайхан наадаад ирсээн, бид хоёр. Хонгор нутгийн зон олноо баярлуулъя гээд энэ жилдээ Их хурдаа өнжчихсөн юм.

-Адуу өөрөө их хөлийн мал. Гарын дор амьтан биш. Хэрхэн хариулж байна?

-Арыг минь хариуцаж дааж явдаг хүмүүс бий. Тэр хэд маань л аваад явдаг юм. Адуу маань Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бий.

-Жилийн 365 хоногийн хэдэн өдрийг адууны дэргэд өнгөрүүлж байна вэ, та?

-Би ч тусдаа ажилтай хүн. Болдбаатар маань жилийн турш л адуутайгаа тулж ажилладаг юм. Энэ их ажлын үр дүнд л өнөөдрийн амжилт ирж байна шүү дээ. Сайхан байна аа.

-Та хурдан моринд, ер нь адуунд хэр зардал гаргаж байна?

-Нүдэнд туссан адуунд нэг их гар татддагүй. Сонирхож байгаа хойно, боломж гарвал авахыг л боддог юм.

-Унаач хүүхдийн асуудлыг яаж шийдэж байна?

-Хүүхэд чухал шүү. Сайн моринд, туршлагатай сайн унаач байж л сая нэг амжилт ирнэ. Чухал асуудал.

ГАЛСАНГИЙН БОЛДБААТАР: Д.ОНОН МАНЛАЙ ХОНГОР АЗАРГЫГ ХАРЧИХААД “ДАВХИЛ НЬ ТОГТСОН БАЙНА, САЙН ДАВХИХ ДЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН

Бид энэ үеэр нохой жилийн шилдэг уяачаар шалгарч байсан аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатартай хөөрөлдлөө.


-Таны хувьд нохой жилийн шилдэг уяачаар шалгарч байсан. Сая наадмаар шилдгээ баталлаа. Ер хэзээнээс улсын наадамдаа морь уях болов?

-Баттөмөр бид хоёр багын найзууд. 2015 оноос хойш тууштай морьж уяж байна даа, би. Өөрөө хэдэн адуутай, дээрээс нь найзынхаа адууны уяа сойлгыг нь тааруулаад явна. 2016 оноос эхлээд улсын наадамд морьдоо сойж эхэлсэн дээ. Тэр жил соёолонгоо 11-т хурдлуулчхаад “Болох юм байна шүү” гэж урам авч байлаа. Дараа жил нь хавчиг морь, улсын наадамд айрагдуулна гэж бэлдээд хасуулсан. Тэр жил чинь их олон морь хассан шүү дээ. Эрлийз адуу ч хасагдсан, сайн байсан монгол адуунууд ч хэлмэгдсэн. Гурван сунгаандаа түрүүлчихсэн, уяа сойлго нь эвлэгхэн сайхан морио хасуулж билээ.

-Өнгөрсөн жилийн наадмаар таны морьд их хурдан байсан. Айргийн архан талаар давхиад байсан санагдана?

-Уяа эвлэг сайхан байсан ч айрагдуулж хараахан чадаагүй. 20 дотор гурван адуу давхиулаад буцсан даа.

-Ер нь морь уяна гэдэг бүтэн жилийн ажил биз. Одоо морьдынхоо хариу уяаг тааруулж байна уу?

-Ах нь 365 хоногийн 330 өдөр л адууны ажил хийдэг юм. Уралдуулсны маргаашнаас л дараа жилийн наадмын ажил эхэлдэг юм даа. Тавил ажил, хариу уяагаа хийгээд явж байна. Үүнийгээ сайн хийж тавихгүй бол өвөл мах, муутай, дал шил нь годойсон юмнууд л орж ирнэ. Уяа буруу болно гэсэн үг л дээ. Одоо 20-доор адуугаа тавиад хадлан тэжээлийн ажилдаа гарна даа. Арваннэгдүээр сард л жаахан амарна.

– Хар морины уяа сойлгыг та гардаж хийдэг. Шинэ цагийн монгол адуунууд цээжинд давхиж байгаа энэ цагт монгол адуугаар ийм хэмжээний амжилт үзүүлж байгаа тань олны талархал хүлээж байна. Уяа сойлгыг нь яаж тааруулж байна вэ?

-Хар морь ч их хурдан адуу л даа. Ямар ч бариа татаа байхгүй, хөнгөхөн адуу. Зөөлөн уяагаар уядаг. Доогуураа суга цавины зай томтой, их хурдтай. Цуцаалтыг нь гүйцэд аваад л биеийн амраараа байж байгаад л уралдчихдаг онцлогтой.

-Улсын наадамд гурван адуу оруулчихаад сууж байхад юу бодогдож байх юм?

-Уяач хүний мөрөөдөл чинь улсын наадамд морь айрагдуулах байдаг шүү дээ. Өнгөрсөн жил бүсийн наадамд морио түрүүлгэсэн хүн чинь улсын наадмын айраг авчих юм сан гэж зорьж байгаа юм. Өнгөрсөн жилийн наадмаас хойш л өнөө жилийн наадамдаа бэлдсэн дээ. Их ч хөдөлмөрлөсөн.

-Ер нь сартай хонгор азаргаа айрагдуулна гэж санаж байв уу?

-Горьдлого байсан. Азарга уяна гэдэг өөрөө их ухаан, мэдрэмж шаарддаг л даа. Жаахан чангалаад уячихвал давчих гээд, дутуудвал дутчих гээд, эцэг малын уяа эмзэгхэн байдаг. Тэр утгаараа азарган дээрээ их анхаарч ажилласан даа.

Морь уяна гэдэг их ухаан. Та хэнээс өвлөж авсан бэ?

-Миний аав өөрөө уяач хүн. Одоо байхгүй л дээ. Ах нь 13 нас хүртлээ хурдны морь унаад л томдсон. Тэгээд өөрөө морь уяад л энд тэндхийн наадам хэсээд явдаг болсон доо. 20 гартлаа ингэж явж байгаад л хэсэг завсарласан. Эргээд морь луу орохдоо шинэ цагийн төв халхын ханагар уяаг тод манлай уяач Д.Онон, О.Батбилэг нараас л сурч явна даа. Онон ах “Ахтайгаа ойрхон яв. Юм сур” гэж хэлдэг юм.

-Их уяачийн эрдэм аугаа биз?

-Их шүү. Дан ганц морь уях ч биш, амьдралын ухаан, төлөв түвшин байж өрх гэрээ авч явахаас авахуулаад их юмыг Онон ахаасаа сурч явна даа.

-Онон уяач наадмын өмнө таны морийг хараад юу гэж байв?

-Хонгор азаргыг хараад “Давхил нь тогтсон байна, энэ жил наадах чинь сайн уралдана” гэж хэлсэн. Сунгаанд бүгд л тархинд давхиж байсан. Би ч азаргаа мордуулчихаад “Ямар ч байсан айрагдчих байх аа” гэж Баттөмөртөө хэлсэн. Харин хязаалангаа айрагдахад огшоод хачин болсон шүү. Нэг их найдаагүй, мордуулсан юм.

-Ногоо эрт идсэн адуу хурдалдаг гэх туршлагатай уяачдын яриа байдаг. Энэ жил та хаана адуугаа барив?

-Төв аймгийн Цээл суманд ногоо эрт гарсан шүү дээ. Хаврын Дүнжингаравын уралдаанд оролцчихоод тийшээ гарсан. Наадам дөхөөд ирэхээр Налайхын ойролцоо Буурлын давааны өвөр лүү ирсэн. Ногоо эрт идсэнээрээ уяач ажилдаа эрт орно гэсэн үг л дээ. Тэр хэрээрээ морь эрт онгойдог сайн талтай.

-Бууцагааны наадамд сүүлд хэзээ очиж наадав. Нутгийн наадам сайхан биз?

-Сайхан шүү. 2015 онд адуугаа цуглуулаад хамгийн түрүүнд сумын наадмаа зорьж байлаа. Тэр жил нутагт маань жаахан гантай байсан. Соёолонгоо айрагдуулчихаад л эргэж байсан даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *