Хүүхдийг ээжээс нь салгаж, ээжид нь ажил хийх боломж олгох тухай л манай хууль тогтоогчид бодоод байх юм. Хүүхдийг хэн нэгэнд харуулаад цалинжуулахын оронд 0-3 настай хүүхэдтэй ээжүүдэд цалин өгөөд, хүүхдээ өөрөө харах боломж олговол хэн хэндээ амар юм сан. Нялх хүүхэдтэй ээжүүдэд бага ч гэсэн хэмжээний цалин өгдөг бол нийгмийн нэг хэсэг асуудал шийдэгдэнэ дээ.
Нэгдүгээрт нялх хүүхдийг хамгийн найдвартай гарт байлгана. Ээжүүд талхны мөнгөө олох гэж хүүхдээ орхиж ажил хийх шаардлагагүй болно. Хүүхэд эцэг, эхийнхээ халамжид эрүүл аюулгүй зөв хүн болж өсвөл Монголын ирээдүйд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Саяхан Япон нөхөртэй найзтайгаа уулзахад тэнд энэ асуудлыг энгийн аргаар шийддэг тухай хуучлав. Эхнэр нь гэртээ хүүхдээ хараад суудаг бол нөхрийнх нь цалин дээр гэр бүлийн мөнгө гэж өгдөг гэнэ.
Ам бүл нэмэгдэх тусам хүүхдийн мөнгөний хэмжээ өснө. Гэрийн ажилтай эхнэрийн тэтгэврийн шимтгэлийг нөхрийн цалингаас суутгадаг. Нөхөр тэтгэвэрт гарахад насаараа гэрийн ажил хийсэн эмэгтэй ч тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлжээ. Японд эхнэрүүд ихэвчлэн цагийн ажил хийдэг байна.
Бүтэн цагаар ажилладаг ээжүүдийн хүүхдийг авдаг цэцэрлэгт эцэг, эхийн сарын орлогоос шалтгаалаад уян хатан төлбөр авдаг. Харин гэртээ суудаг ээжүүдийг харьцангуй боломжтой гэж тооцоод хүүхдийг нь хагас өдөр саатуулдаг цэцэрлэг нь үнэтэй байдаг аж.
Б.ЯНЖМАА