Categories
мэдээ нийгэм

Нууц казино байрлаж байсан газрыг өөр компани түрээсэлдэг байсан гэв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс байрладаг байрны хонгилд казино ажиллуулж байсан нь илэрсэн гэдэг мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Москва дахь Монголын Элчин сайдын яам нь гурван давхар байшин бөгөөд 1300 орчим м2 аж. Үүний тодорхой хэсгийг нь буюу нууц казино ажиллуулж байсан гэх байрыг Москвагийн Центр Регион Стиль гэх компанид түрээсэлдэг байна. 2007 онд анх түрээсийн гэрээг байгуулж байхдаа урт хугацааны буюу 10 жилийн гэрээ байгуулжээ. Түрээсийн гэрээ энэ оны есдүгээр сард дуусна гэж тэрээр хэллээ.

Энэ хэргийн талаар тодруулбал Оросын Life.ru сайтад Москва дахь Монголын дипломат төлөөлөгчийн газрын мэдлийн байранд нууцаар казино, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ гэсэн агуулга бүхийн мэдээ нийтлэгдсэн юм.

Тодруулбал Арбатын өргөн чөлөөнд байрлах нэгэн байрны хонгилд нэг сая ам.долларын үнэ бүхий 17 автомат тоглоомын машин, рулетын таван ширээ бүхий нууц казино ажиллаж байжээ. Шалгалтын явцад мөрийтэй тоглоомын газрын касснаас 20 сая рубль хураан авчээ. Мөрдөн шалгалтаар Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газартай хаяа залган байрладаг энэ байр нь Монголын Засгийн газрын мэдлийнх болох нь тодорхой болсон гэв.

Москва хотын цагдаагийн газар энэ хэрэгтэй холбогдуулан эрүү үүсгэн, Дипломат төлөөлөгчийн мэдлийн байранд ямар, арга замаар казино ажиллах болсныг илрүүлэхээр ажиллаж байна гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *