Барьж байгаа утаснаас эхлээд энэ дэлхий дээрх юм бүхэн ухаалаг болж байна. Мэдээж амьдарч буй нийгэм, эдэлж хэрэглэж байгаа эд юмс хүртэл ухаалаг болоод байвал сайхан. Гэвч сайны хажуугаар саар байдаг хүний хорвоо хойно. Ямар нэгэн дутагдал ямагт дагадаг жамтай аж. Яагаад гэвэл нийгэм, эд юмс ухаажих тусам нууц юм гэж байхаа больдог юм уу даа.
Саяхан нэг бүсгүй ярьж байна. Фейсбүүкийнхээ хаягийг хичнээн өөрчлөвч хартай найз залуу нь хэзээд хакердаад олчихдог гэнэ. Шальтай хардахаар зүйл байхгүй ч харааж, зүхээд амар заяаг нь үзүүлдэггүй болсон байна. Гэх мэтчилэн интернэт ертөнцтэй холбоотой хачирхалтай зүйлүүд энэ нийгэмд дүүрэн байна. Ер нь тэгээд бусдын фейсбүүк, твиттер, мессенжерт нэвтэрдэг нууц код гэдэг чинь цагдаа, хүчнийхэнд битгий хэл энгийн иргэдэд юу ч биш болсон цаг бололтой. Нөхөртэй нь учир ургуулсан эмэгтэйн фейсбүүкийн нууц кодыг хакердаж, бусадтай юу бичилцсэнийг нь олж аваад твиттерээр тарааж, нүүрийг нь ч “шарж” байх шиг. Эхнэртэйгээ муудалцвал тэр даруй интернэтэд хэрүүлээ бичээд тавьчихаж ч байх шиг. Ингээд бодохоор энэ ертөнцөд нууц гэж зүйл байхаа больжээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ