Categories
мэдээ нийгэм

Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn

Д.Амарбаясгалан: МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг  болгосон байгаа

ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд нар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон нийтэд ил болоод буй хулгай дээрмийн асуудлын үр дүнг нэхэж иргэд өнөөдөр жагсаж байгаа гэж ойлгож байна. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хулгай, дээрмийн хэргүүд нийтэд ил тод болсон. Эдгээр хэргийг АТГ болон хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн. Засгийн газрын гомдлоор тодорхой тооны хүмүүс шалгагдаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна. Иргэд шаардлагаа тавьж жагсаж байгааг дэмжиж байна. Гэхдээ жагсаал цуглааныг өөр чиглэл рүү оруулах, үймээн самуун дэгдээх оролдлого гарч болзошгүй тул яриа хэлэлцээрийн шугамаар асуудлыг шийдвэрлэж хамтарч ажиллана” гэлээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын түвшинд нүүрсний хулгайн хэргийг гурван удаа ярьж, улмаар “Эрдэнэс Таван Толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. “Эрдэнэс Тавантолгой”-н бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс АТГ-т хэд хэдэн удаагийн албан тоот бичгийг явуулсан. Нүүрстэй холбоотой хэрэг гэдэгт нэгдүгээрт гэрээ, хоёрдугаарт тээвэр, гуравдугаарт төмөр замтай холбоотой нийт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна. Хуульд нийцэж байгаа бол энэхүү хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудын нэрсийг бидэнд өгөх хэрэгтэй гэсэн асуудлыг хууль хяналтынханд тавьсан. Эл хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Таван толгойн төмөр зам” ХХК, ХХЕГ, ГЕГ болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг холбогдуулан шалгаж байна.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргийг прокурор руу шилжүүлсэн. Прокурор хянаад удахгүй шүүх рүү шилжүүлнэ байх. Эдгээр хэргийн явцыг олон нийтэд ил тод болгох, хурдавчлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр Засгийн газар Биржийн тухай хуулийг өргөн барьсан нь эцсийн хэлэлцүүлэг дээрээ яваа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдан борлуулдаг болно. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр үнээр уул уурхайн бүтээгдэхүүнийг худалддаг болно гэсэн үг. Түүнчлэн Уул уурхайн салбарт томоохон мөнгө эргэлддэг тул Уул уурхайн ил тод байдлын тухай хуулийг боловсруулж байна. Ингэснээр хүн засагладаг биш хууль засагладаг болно.

Засгийн газрын түвшинд 14 хоног тутамд дээрх хэргүүдтэй холбоотой, түүний араас хийж буй ажлуудтай танилцаж буй. Мөн төрийн өмчит 48 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох, тодорхой хэсгийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах хэрэгтэй гэж үзсэн. Тэгснээрээ иргэддээ нээлттэй, ил тод тайлан гаргадаг болох юм” гэлээ.

Ерөнхий сайдын захирамжаар нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдсан ба эл хэрэгтэй холбоотой дээд түвшний албан тушаалтнуудын нэрсийг өгөх боломжгүй. Учир нь хууль хяналтын байгууллагаас өгсөн нэрсийг зарлаж байгаа. Хууль хяналтын байгууллагууд ч өөрсдөө бие даасан мэдээллийг өгөх боломжтой гэсэн асуудал энэ үеэр сөхөгдөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *