УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцож, Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хийлээ.
Прокурор байгууллага 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгасан байна. Хүлээн авч шалгасан байгууллагаар нь авч үзвэл, Авлигатай тэмцэх газар 32 гомдол мэдээлэл буюу 88.9 хувьд, Эрүүгийн цагдаагийн алба 4 гомдол мэдээлэл буюу 11.1 хувьд нь тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Нүүрстэй холбоотой гэмт хэргийн талаарх нийт гомдол мэдээллийн 5 буюу 13.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31 буюу 86.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 32 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 16 хэрэгт 72 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 8 хэргийг хааж шийдвэрлэсэн аж. Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар, нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 38 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 21 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 38 хэргээс 2013 оны хоёр, 2015 оны нэг, 2017 оны хоёр, 2018 оны зургаа, 2019 оны нэг, 2020 оны зургаа, 2021 оны зургаа, 2022 оны 14 хэрэг ба хэрэг бүртгэлтэд нийт 21 хэрэг шалгагдаж, мөрдөн байцаалтын 17 хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан бөгөөд яллагдагчаар татагдан шалгагдаж буй 76 хүний 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Үүнийг төрлөөр нь авч үзвэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 38, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 яллагдагч тус тус байна.
Мөрдөн байцаалт явуулсан нийт 17 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа юм. Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг дээр нийт 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжлэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор нийт 118 зөвшөөрөл олгосон аж