Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

-ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 69, ХАНГАЛТГҮЙ 67, ХАНГАЛТТАЙ 25 НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БАЙНА-

Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Энэхүү хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.

Энэ хүрээнд АТҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2020.09.15/ дээрх аж ахуй нэгжүүдийн 200 орчим төлөөллүүдтэй уулзаж санал солилцож, тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг 213 аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсанаас 161 аж ахуй нэгж шалгалтанд хамрагджээ. Үүнээс “Их” эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй 69 ААН, “Дунд” эрсдэлтэй буюу хангалтгүй 67 ААН, “Бага” эрсдэлтэй буюу хангалттай 25 ААН байгууллага шалгагдсан байна.

Шалгалтаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний ил болон дулаан зогсоол, техникийн үйлчилгээ, засварын байранд тавигдах шаардлага, автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, боловсон хүчний хангалт, тээвэрлэгч жолооч, инженер техникийн ажилтанд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх зэргийг шалгахад дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.

  • Автотээврийн хэрэгслийг байрлуулах зориулалтын зөвшөөрөгдсөн зогсоол, талбайгүй
  • Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй
  • Автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгах мэргэжлийн алба хүмүүсийг зохион байгуулаагүй
  • Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах техникийн үйлчилгээ, засвар хийх барилга байгууламжгүй
  • Тээврийн хэрэгсэлд хийх техникийн үйлчилгээний хугацааг явсан бодит гүйлт эсвэл төлөвлөгөөт гүйлттэй уялдуулан тогтоогоогүй, мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ангилал, зэрэг, ажлын байранд тавих шаардлагыг бүрэн тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлолтыг гүйцэд боловсруулаагүй
  • Автотээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй
  • Тээврийн хэрэгслүүдийг баталгаажуулсан холбоо мэдээллийн хэрэгслээр бүрэн хангаагүй
  • Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд удирдлагын ажлын байр болон жолооч амрах, хооллох байргүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.

Шалгалтын явцад зэрэглэл тогтооход 111 аж ахуйн нэгж шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын байцаагчийн заалт бүхий албан шаардлагыг 25-90 оноогоор дүгнэгдсэн 148 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлжээ. Шалгалтын дүн мэдээг олон нийтэд нээлттэй болгож, цахим хуудаст байршуулахаас гадна, “Тээврийн нэгдсэн систем”-ээс тавигдах шаардлага, дүн, оноог бүгд нээлттэй харах боломжтой гэдгийг энэ үеэр дуулгав. Мөн шалгалтад хамрагдаагүй 52 аж ахуйн нэгж, байгууллагад улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгохгүй байх шийдвэрийг танилцууллаа.

Тээвэрлэгч аж ахуй нэгуүүдийн зүгээс “Тээврийн нэгдсэн систем”-д холбогдосоноор төрийн байгууллагуудтай харилцах уялдаа холбоо сайжирч, ил тод болсон гэдгийг онцлон хэлж байв. Мөн энэхүү системээрээ дамжуулж жолооч нарын хариуцлагыг сайжруулах, тэднийг бүртгэлжүүлэх, чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг цэгцлэх боломжтой гэдэгт нийт төлөөлөгчид санал нэгдэв. Ингэхдээ хариуцлагагүй, ажил хаядаг, давхар бүртгэлтэй, осол зөрчил гаргадаг, ёс зүйгүй, хэрэг зөрчилд холбогддог, согтууруулах ундаа хэрэглэдэг, хориотой бараа тээвэрлэсэн зэрэг хэрэг зөрчилд холбогддог жолооч нарыг “хар жагсаалт”-д оруулж, хариуцлагыг өндөржүүлэх тал дээр нийт аж ахуй нэгжүүд хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *