Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нүүрс хотойтол ачсан галт тэрэг Хятадын нутагт цутгасаар л байгаа биз дээ DNN.mn

МАН 2016 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төр барьж байна. Энэ намын ажиллаж буй тактикийг харахад пи ар талаа илүүтэй хөгжүүлж, өөрсдийгөө сурталчлахдаа ихээхэн хөрөнгө мөнгө хаяж, харин бодит амьдрал дээр босгосон, бүтээсэн нь маруухан байгаа нь олны нүднээ хэдийнэ ил болсон. Алслагдсан суманд нэг худаг нээгдэхэд хүртэл тууз хайчилж, түүнийгээ улс даяар шууд дамжуулж сурталдана. Нэг км замын нээлт болоход хотоос дарга нар онгоцоор очоод улаан хивсэн дээр заларчихдаг. Улс эх орны ирээдүйд түлхэц өгөхүйц хэмжээний сүртэй бүтээн байгуулалт энд тэнд, хаа сайгүй өрнөж байгаа гэх утга агуулга тээсэн мэдээллээр өдөр шөнөгүй “бөмбөгдөнө”. Тийм ийм бүтээн байгуулалт эхэлж байна гэж мэдээлнэ. Удахгүй ашиглалтад орно гэж худал хэлнэ. Нэг харахад л ногоон цайг хадганд ороогоод оршуулж байх юм. Нэг харахад цагаан бээлий өмссөн дарга нар инээмсэглээд л улаан тууз хайчилж зогсох юм. Ийм дүр зурагтай бид байнга тааралддаг болсон. Уг нь ямар нэг том бүтээн байгуулалт, үйлдвэрийн нээлт болсон бол маргаашнаас нь орон нутаг, дүүрэг, ард түмний амьдрал ахуйд шууд эерэг нөлөө үзүүлж, эдийн засагт зүтгүүр болж эхэлдэг. Гэтэл МАН-ынхан ногоон цай оршуулахаас хэтрэхгүй юм. Тэр нь ядаж байхад хүн оршуулж, хөдөөлүүлж байгаатай төстэй зан үйл харагддагийг ч хэлэх үү.

Өнгөрсөн хавар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт гэж баахан хөөрцгөөв. Ханги боомт хүртэл 226 км үргэлжилж, БНХАУ-ын Мандал боомттой холбогддог уг зам нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн 50 хувь нь нэвтрэх боломжтой, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 доллараар буурна, хамгийн чухал нь Монгол Улс экспортын шинэ гарцтай боллоо гэж түг түмэн сувгаар мэдээлсэн.

Саяхан даа, есдүгээр сард Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам буюу Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын нээлт болов. Энэ зам нээгдсэнээр Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган гэрэлтүүлж, Монгол Улсын хөгжилд шинэ гарц, олон талт үр ашгийг авчрах нь гарцаагүй юм гэж дарга нар магтаж, нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэнэ, ирээдүйд энэ замаар дамжин импортын бараа, бүтээн байгуулалтын тээвэр эхэлнэ гэж сайхан үгс хэлдгээрээ хэлсэн. Жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэх энэ замын нээлт наадмын дайтай юм болж өнгөрсөн билээ. Сайд дарга нараас эхлүүлээд Ерөнхийлөгч нь хүртэл очиж “Таван толгой -Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас. Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ” гэж нээж үг хэлэв дээ. Сайд, миссүүд хөлхөлдөж, хөгжимтэй, бүжигтэй цэнгэлдэж, их буугаа нижигнүүлж ёслол хийхийн л наагуур нижгэр юм болсныг та бид харсан. Одоо тэгээд эдгээр төмөр замуудаар нүүрс ачиж байгаа юу. Нээлтийн үеэр хөөрөн догдлон ярьж байсан шиг хар алт ачсан галт тэрэг өдөр шөнөгүй Хятад руу цуваад л, хотойтол нүүрс ачсан гал тэргүүд хятадуудыг нүүрсээр цутгаад л байгаа юм биз. Тийм үү?

2017 онд одоогийн Ерөнхийлөгч маань “Цэвэрлэх байгууламжийг Х.Баделхан сайд толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байсныг санаж байгаа байх. 2019 оны хавар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барих” төслийн шав тавих ёслолын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделхан ч “Шинэ төв цэвэрлэх байгууламжийг 2020 он гэхэд барьж дуусгана. Энэ ажлыг нэр төртэй хэрэгжүүлнэ” гэж ярьсан нь одоо ч бичлэг хэвээр хадгалагдан үлдсэн байна. Эдгээр мэдэгдлийн дагуу шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихсон уу? Толгойгоороо хариуцсан Х.Баделхан сайд нээрэн юу болсон бэ, байгууламжийг ашиглалтад оруулчихаад явчихсан уу, эсвэл хар толгойгоо аваад буучихсан уу.

Энэ мэт шавыг нь тавиад сураг алдарсан МАН-ын “бүтээн байгуулалт” олон.

Нью-Йорк, Москва, Лондон зэрэг дэлхийн олон хотод ашигладаг, “Cable car” буюу дүүжин тээвэр нь Монгол орны цаг уурт тохиромжтой бөгөөд -50, +50 хэмд ажилладаг бөгөөд агаарын зам нь 100 хувь цахилгаан. Тиймээс дүүжин тээврийг Улаанбаатар хотод байгуулснаар түгжрэлээс эхлүүлээд олон бэрхшээлийг шийднэ гэж эрх баригчид ярьцгааж, улаан өнгийн нэгэн бүхээгийг үзүүлэн болгож нийтэд харуулж “Удахгүй та нар үүгээр зорчино” гэсэн. Гэтэл юун дүүжингээр толгой дээгүүр зорчих вэ, Дүүжин тээврийн захиргааг татан буулгаад энэ ажил сураг алдарсан. Бас Сүхбаатарын талбайн урд хэсэгт байгуулсан усан оргилуур бол МАН-ын “бүтээн байгуулалт”-ын хамгийн “сонин” нь. Усыг нь зөөдөг. Оргилохоосоо хуурай байх нь олонтаа өндөр өртгөөр боссон ийм бүтээн байгуулалт бол бас л сураг тасарсан бүтээн байгуулалт мөнөөс мөн. Ашиглалтад өгсөн нэртэй ч огт ашигладаггүй, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жилийн ихэнх хугацаанд хөлдүү байдаг байгууламж.

Монголын хэвлэл мэдээллийг харж, цахим ертөнц дэх эрээвэр хураавар юмнуудыг шүүн үзвэл “Энэ улс үнэхээр хөгжиж байгаа юм байна. Шав тавиад л алга ташдаг, тууз хайчлаад л ашиглалтад оруулдаг, энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөдөг лут орон юм даа” гэж андуурмаар. Үнэхээр ч тэгж харагддаг. Бараг бүх мэдээллийн хэрэгслээр ийм тийм үйлдвэр нээгдлээ, тийм ийм юм шинээр нэвтэрлээ гэдэг мэдээ бол байнга, өдөр шөнөгүй л явж байна. 2019 онд ашиглалтад орох ёстой байсан Олимпийн гүүр яасан их дуншив. Энэ гүүрний шав тавих ёслол ямар сүртэй болж байлаа. Тэр их сүрээр эхэлсэн ажил элдэв саад бэрхшээл тоочсоор өнөөдрийг хүргээд байна. Энэ мэт замхарсан “бүтээн байгуулалт” олон бий.

Шавыг нь тавьсан шигээ дуусгаж чаддаг бол тэр хэрээр улс, хотын хөгжил түргэсч, ард түмний аяганд орох боорцогны тоо нэмэгдэх учиртай. Эсвэл нэмэгдэж байгаа юу. Сонгууль дөхлөө. Он гараад эрх баригчид, УИХ-ын гишүүд гэнэт л ард түмнээс сонгогдсон гэдгээ ухаарч, хөдөөгүүр давхилдаж, тойргоо услах байтугай цутгаад эхэлнэ. Бас дарга нар цагаан бээлийгээ өмсөөд олон гоё шав тавина, бас тууз хайчилна. Тэр мэдээж. Гэхдээ эцсийн дүндээ сонгогчид хэнд санал өгөх вэ гэдэг торгон агшиндаа тулбал аяган дахь боорцог, хоолны хэмжээ минь нэмэгдсэн бил үү, яалаа гэж эргэцүүлнэ. Тэгж л хэнийг сонгохоо, сонголтоо яаж хийхээ шийднэ дээ. Үүнийгээ эрх баригчид мэдэж байгаа байлгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *