Categories
мэдээ цаг-үе

Нуураараа овоглосон өнөд мөнх орших өлгий нутаг минь

Байгаль
дэлхий өнгө засан сэргэж, дэлгэр зуны улирал эхлэхэд хүмүүн гэгч унасан газар
угаасан усаа санадаг ажээ. Хяргас нуураараа овоглосон нутаг минь нэгэнтээ
алдарт зохиолч яруу найрагч Милхаабаатарын бичсэнээр

Гүнзгий
нуурын ус нь намгаа орхиод эргэлдмээр

Гүйдэлд
яваа морьд нь нутгаа мартаад хоргодмоор

Уултай
устай сайхан нутаг минь

Дэлхийн
аварга Баянмөнхийн дэвж гарсан хаалга

Туйл
судлаач Цэрэндэлэгийн төрж өссөн нутаг минь алдартнуудын өлгий
билээ.

Модун
Шаньюугийн үеэс Монгол угсаатны түүхэнд тэмдэглэгдэн орж ирсэн баяд ястны түүх
арвин баялаг юм. Онон, Балж, Хэрлэн, Туул, Орхон, Сэлэнгэ мөрний үржил шимт
хөндийнүүдэд зуу зуун жилээр нутаглаж их нүүдлийн замд баруун Алтай даван
Монголын Зүүнгарын улсад багтаж зарим нь ижил мөрнийг гаталж Халимаг хүрч
суурьшиж зарим нь Увс Хяргас нуурын газраа суурьшсан. Ер нь Баядын түүх
нүүдэлчдийн түүх ажээ. Зүүн гарын нутгаас нүүдэллэн ирсэн баядуудыг Сайн
заяатын хоёр чуулганд хуваахад баядууд Зүүн гарын чуулганд багтсан бөгөөд хожим
аймаг байгуулагдахад Дайчин засаг, Саруул засаг, Ерөөлт засаг гурав одоогийн
Хяргас сум болжээ.

1875 онд
Хяргас сумын нутаг Бугатад арван баядын шашны төв Дэжээлэнгийн хүрээ
байгуулагдаж түүнд Энэтхэг, Түвдийн лам залран ирж, энэ нутаг зуу зуун жилдээ
эрдэм боловсролтой хүч чадалтай ухаант хүмүүн тасрахгүй энергийн хүч чадал
шингэсэн өлгий нутаг юмаа гэж айлдсан нь биеллээ олж эрдэмтэн доктор
алдартнууд, хүчит бөхчүүд олноор төрөн гарсан. Дэжээлингийн хүрээ 1000 орчим
ламтай хурал хурдаг том хийд байлаа. Энэ хийд баруун Монголын соёл боловсрол
үйлчилгээний төв байж уг хүрээнд лам нарын ном хаялцуулж шашны цол хэргэм албан
ёсоор олгодог байсан хэмээдэг.

Тус сумын
нутагт XI-XII зууны түүхэнд хамаарагдах 40-өөд хүн
чулуун дурсгал, буган чулуу хиргэсүүрүүд элбэг бөгөөд хадны сүг зураг, туурь
түүхэнд холбогдох дурсгалт газрууд элбэг. Миний төрж өссөн өлгий нутгаас
Монголын төрийн жолоог атгаж түшилцэж ирсэн нам төрийн нэрт зүтгэлтэн Жамбын
Батмөнх, Түмэнбаярын Рагчаа, Ноостын Элээ, Оросоогийн Нямаа, Галиндэв, Ширнэн,
Ганжаагийн Жамбаа, Ваанчигийн Удвал, Жамбын Цэдэндамба, алдарт туульч
Мандихайны Парчин, Монгол Улсын дархан аварга зууны манлай алдарт бөх Монгол
Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улс ОХУ-ын гавьяат тамирчин,
дэлхийн зууны од тамирчин Хорлоогийн Баянмөнх, алдарт зохиолч Баярын
Милхаабаатар, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Цэмбэл, туйл судлаач Антрактид
тивд монгол хүний мөрийг хамгийн анх гаргасан байгаль орчны гавьяат Жачингийн
Цэрэндэлэг, ардын багш, Монгол Улсын гавьяат багш Цэрэнгийн Цэвээн, Ардын эмч
Монгол Улсын гавьяат эмч Чогсомын Бальдар нар төрж, Монгол Улсын хөдөлмөрийн
баатар нэг, ардын цолтон хоёр, гавьяат цолтнууд 33, шинжлэх ухааны доктор 80,
академич хоёр, төрийн соёрхолт нэг төрж гарчээ. Мөн гавьяат малчин Д.Лүндэн,
гавьяат багш Л.Өвгөн, Ц.Өнөрбаян, С.Мөөмөө, Ц.Төвөө, Н.Даваа, Эрүүлийг
хамгаалахын гавьяат Г.Жамбаа, гавьяат эмч О.Лхамсүрэн, Монгол Улсын гавьяат
тамирчин Б.Гантогтох, О.Одгэрэл, Д.Батбаяр, О.Насанбурмаа, гавьяат мал зүйч
Д.Сайнбуян, гавьяат агрономич Б.Цэрэн, гавьяат эдийн засагч Т.Рагчаа, Монгол
Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, жүжигчин С.Өлзийхүү, академич
Г.Аюушжав, Н.Даваа, гавьяат тээвэрчин А.Санжжав, төрийн соёрхолт аж үйлдвэрийн
гавьяат ажилтан З.Ганбаатар зэрэг улс орон даяар алдар цуугаа мандуулсан
алдартнууд олон бий.

Аяа, Бор
хайрхан Цагаан хайрхан Булганхангай уулаараа овоглож, Хяргас нуураараа бахадсан
миний өвөг дээдсийн ариун голомтоо бадраасан нутаг ус уул хангай байгаль
дэлхийн минь. Энерги шингэсэн хосгүй үзэсгэлэнт нутаг минь үр ач хүмүүн
бидэндээ ээлээ өгсөн мөнхөд шүтэн залбирах шүтээн минь гэж би үргэлж бахархаж
явдаг юм.

Монгол түмний бахархал хүчит
бөхчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй. Дэлхийн аварга олимп тивийн хүчтэн
дархан аварга Хорлоогийн Баянмөнх, улсын гарьд Баянмөнхийн Гантогтох, улсын
заан Очирын Одгэрэл, улсын начин Л.Хаймчиг, Ц.Цэрэнхүү, Ц.Баянмөнх,
Б.Эрдэнэбилэг, Ч.Баянмөнх, Б.Батсуурь нар төрөн гарчээ. Нутагт маань өнөөдөр
эцэг өвгөдийнхөө гал голомтыг 2475 хүн сахин амьдран сууж, 156 мянга орчим мал
сүрэг бэлчиж байна. Улсын сайн малчин аварга гэхэд л 124, Монгол Улсын залуу
аварга малчин тав төрөн гарчээ. Социализмын үед сум нэгдэл маань дэгжин дээшилж
нэгдлийн даргаар алдарт Бадам, Цэдэв гээд мундаг дарга нар ажиллаж байв. Дайнд
оролцож явсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн дарга нар маань мандуулж явсан
болохоос магтуулж явсангүй даруухан байжээ. Би мэддэгсэн бол Хөдөлмөрийн баатар
шагнах байлаа, тэдэнд. Дурсамж хөврүүлээд байвал барагдахгүй, миний нутгийн
сайхан. Энэ жил миний төрөлх сургууль Увс аймгийн ууган сургууль, биднийг
суралцаж байхад улсын тэргүүний цол мандатаа гардаж авсан сургуулийн маань 90
жилийн ой тохиож байна. Намайг 1972 онд сургуульд ороход Хяргасын сургуульд
насаараа багшилсан аав Бизъяагийн Мөнхөө маань

Царцаа царгих цагаар

Цагаа татрах намраар олон аавын
хүүхдүүд

Гэгээн эрдмийн хаалгаар алхаж

Гэрэлт номын шимийг хүртэж байна

Тэдний одоогийн нэр нь сурагч

Ирээдүйн нэр нь эрдэмтэн хэмээн
шүлэглэсэн нь зөвхөн надад бус энэ сургуулийн босгоор алхан орж, ачит багш
нарынхаа хайр энэрэлд хүмүүжиж, оюуны далайд умбаж, боловсрол эзэмшсэн олон
олон аавын охид хөвгүүдэд зориулсан шүлэг байв. Анх 1925 оны наймдугаар сард
арван баядын хошууг харьяалсан “Хошууны тэнхим” нэртэйгээр нэг багш, 25
сурагчтайгаар Бугат багийн нутаг “Өргөн ширэгт” анх үүдээ нээж хичээл сургалтаа
явуулж эхэлснээс хойш эдүгээ 90 жил өнгөрчээ.

Алдарт туульч Мандихайны
Парчингийн нэрэмжит улсын тэргүүний Хяргасын сургууль минь дээр дурдсан бүх
алдартнуудыг төрүүлсэн оюуны ээлтэй танхим юм. Миний нэгдүгээр ангийн багш 80
насны босго давсан багш Сүхээ минь дөнгөж өнгөрсөн жил Боловсролын тэргүүний
цол тэмдгээ авсан юм. Харин төр засаг гэнэт сэхээрсэн үү, араас нь залгуулж
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Гавьяатын энтэй багш минь
нутаг усандаа энх тунх амьдарч үе, үеийн олон мянган шавь нараа дурсаж сууна.

Нутгийнхаа ажилч хичээнгүй хүмүүсийн тухай дурсахад сонины зай
багадах буй за. Уул усныхаа тухай дурдахгүй бол алдас болно. Баяд ястны соёл
зан заншил ахуйн түүхийг хадгалж үлдсэн 870 гаруй үзмэртэй, хойч үедээ өвлүүлэн
үлдээх хосгүй үзэсгэлэнт байгальтай өлгий нутаг. Түүх соёлын үнэт өв нэн элбэг.
Эдгээрээс дурдваас “Уст хад”, “Гялгар хад”, “Усны нүдэн хад” 50 метрийн
диаметртэй 3 м өндөртэй нэн ховорт тооцогдох дөрвөлжин хэлбэртэй Ламын худгийн
хиргэсүүр, Түрэгийн үеийн чулуун хиргэсүүр бүхий байгалийн сонин тогтоц
үзмэрүүдтэй Галдан бошгот хаан, Амарсанаа нар тусгаар тогтнолын төлөө Манж чин
улстай тулаан хийж байсан ард түмний тахин биширдэг уул “Тахилт уул”, Байгалийн
үзэсгэлэнт Хийвийн гол, Занданы хавчиг өвөр ар мушгиа, Долооны хэдрээ, Нэг бух,
хоёр бух, гурван бух, дөрвөн бух, таван бухын хэвтрүүд бүхий цахируудтай
саравх, Цэцэнхайрхан зэрэг оргил уулуудтай далайн түвшнээс дээш 2552 м
өргөгдсөн тахилгат Цагаанхайрханы овоо, Байгалийн үзэсгэлэнт Ичээтийн гол,
Модотын гол, харганат, Цагаанбургасны гол, Умзадын сүрлэг уул, далайн түвшнэээс
дээш 2591 м өргөгдсөн ханхөхий
уулсын үргэлжлэл, Тогтохын

шил дагуу байрлах Ясмал замтай манай
ард түмний үеийн үед залбиран шүтэж ирсэн овоо тахилгат таван бумбын Борхайрханы
овоо, 300 гаруй бог мал багтах үзэсгэлэнт Тэрэмийн агуй, Оргилдог рашаан, Монголдоо
томоороо дөрөвт ордог 1028 ам км талбайтай 90 км урт 80 м гүн хоёр км урт шугам
бүхий ус руу түрж орсон эх газартай хүн малын жаргалын өлгий, ховор шувууд элбэг,
Байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад хамрагдсан Хяргас
нуур, Байгалийн нөөц газар үзэсгэлэнт Булганхангай уул, Морины хийморийн овоо, Цогтхайрхан
уул, суварга, Шон мод, Найртын хяр зэрэг үзэсгэлэнт газруудаар хүрээлүүлсэн Автономит
Монголын дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө, Галт уулын
лав дээр тогтсон хүн малын мөр бүхий Цахир чулуу, Сэнжит хад, Жинст хад, малгайт,
Эхэн богоч, дөргийн хулх зэрэг байгалийн сонин тогтоц бүхий үзэсгэлэнт газрыг
багтаасан хувилгаан лам Түвдэн Довдонгийн бясалгал хийж байсан Даяанчийн агуй, ардын
засгийн үед хоёр тэмээтэй хувилгаан лам нэртэй Дамбийжанцан Дэжээлин хүрээний лам
хуврагуудын хүчээр байгуулсан “Шаархын нуур”, Буган хөшөөнүүд бүхий хамрын онгорхой,
Оросын худалдаачин Бурдуков дэргэд нь амьдарч байсан Оросын улаан хад, Нэсэрийн
овоо, Каакаан ам, Сэмбэрүүн, Бугатын овоо зэргийг багтаасан арван баядын шашин соёлын
төв Дэжээлингийн хүрээний туурь гээд тоочоод байвал барагдашгүй түүх соёлын өв,
баялаг байгалийн онгон дагшин газар нутаг манай суманд бий.

Ямар сайхан нутагт эзэн болж бид төрөө
вэ ямар сайхан хүмүүсийг нутаг минь төрүүлээ вэ. Уул усны диваажин Хяргас нутаг
минь чамайгаа үеийн үед сүслэн дээдэлж хүндлэн мөргөм үү.

ОХУ, Монгол улсын Байгаль орчны тэргүүний ажилтан, Дэлхийн өв Увс
нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны
дарга Мөнхөө өвогтой Анхбаяр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *