Авлигатай тэмцэх газар Австрали Улсын Холбооны цагдаагийн газартай хамтран Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний гишүүн 22 улс орны төлөөлөгчдөд зориулсан “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэве Восен, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар үг хэллээ.
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ /АРИН-АП/-ний гишүүн улс орнуудын 110 орчим төлөөлөгч “Эцсийн өмчлөгч буюу далдаас удирдагч гэж хэн бэ”, “Хууль бус хөрөнгийн эцсийн өмчлөгчийг мөрдөн шалгах”, “Хөрөнгө хураах үйл явц”, “Эцсийн өмчлөгчийн хууль бус хөрөнгийг илрүүлж, буцаах олон улсын хамтын ажиллагаа”, “Эцсийн өмчлөгчийн эзэмшил дэх хөрөнгийн талаар мэдээлэл солилцох” зэрэг сэдвээр Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга /СтАР/, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба /FATF/-ны мэргэжилтнүүдээс сургалт авч байна.
Хууль бус хөрөнгийн эцсийн өмчлөгчөө нуун далдалдаг гэмт хэрэгтнүүдийн арга болон түгээмэл ажиглагддаг сул талуудтай танилцаж, хууль сахиулах салбарын мэргэжилтнүүд дотоодод болон олон улсад эцсийн өмчлөгчдийг олж тогтоохдоо ашигладаг мэдээллийн эх сурвалжууд, мөрдөн шалгах ажиллагааны арга хэрэгслүүдээс суралцаж, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй хууль бус хөрөнгийг илрүүлэн хамтран ажиллах талаарх олон улсын сайн туршлагыг хуваалцаж, эцсийн өмчлөгчийн талаар тухайн улсаас гаргаж өгөх боломжтой мэдээлэл, хязгаарлалт, тулгардаг бэрхшээлийн талаар ярилцаж байгаа нь уг сургалтын онцлог юм.