Categories
мэдээ нийгэм

Нүүдлийн лаборатори Шаамарт ажиллаж байна

Шилмэл омгийн малыг малчид, хувийн компаниуд гаднаас оруулж ирдэг болсон. Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийг хувийн компани оруулж ирсэн байна. Энэ нь хуурай сэрүүн уур амьсгалд тохиромжтой махны үүлдрийн үхэр юм. Энэ үүлдрийн бухнаас үрийг нь авахаар Малын удмын сангийн үндэсний төвийнхөн нүүдлийн лаборатори ажиллуулж байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд уг нүүдлийн лаборатори ажиллаж буй.

Малын удмын сангийн үндэсний төвийн дарга Д.Цолмон ярихдаа “Сэлэнгэ үүлдрийн малын махны чанарыг сайжруулахаар Малын удмын сангийн үндэсний төв, “Шимт Агро” компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр явуулын лаборатори ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар бид 14 хоногт 6000 тун үр үйлдвэрлэсэн. Цаашдаа 20000 тун үр үйлдвэрлэхээр зорьж байна. Махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхрийг сайжруулах, зохиомлоор хээлтүүлэх үрийг авч байгаа юм” гэв. Тус сангийнхан хөдөө орон нутагт нүүдлийн лабораториг 2014 оноос хойш ажиллуулж байгаа гэнэ. Сэлэнгэ орчмын газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Нэг бухнаас 5,5 мг үр авч, 60-120 үнээг хээлтүүлэх боломж бүрддэг ажээ. Малын удмын сангийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Ч.Түмэн-Өлзий “Бух нэгээс гурав харайж байж үр тогтоодог. Харин үрийг нь авч ашигласнаар нэг харайлтаас олон тооны үнээ хээлтүүлэх боломжтой” гэв. Энэ бухны тугалыг олон газар тээвэрлэх боломжгүй, харин үрийг нь авч тээвэрлэх боломжтой. Сайн үүлдрийн бухнаас жилд 20 орчим тугал авах боломжтой бол үрийг нь авсанаар нэг харайлтаас 120 орчим тугал авах боломжтой гэнэ. Зохиомол хээлтүүлгийн үед тодорхой горим сахих хэрэгтэй болдог байна.

Казакын цагаан толгойт үүлдрээр Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхон-Туул сумын нутаг дахь монгол үхрийг хоёроос гурав дахь үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн үхрийг цаашид “өөр дотор” нь шилэн сонгож үржүүлсээр 1980-аад оны дунд үе гэхэд махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг бий болгосон түүхтэй.

“Сэлэнгэ” үүлдрийн үхэр нь Сэлэнгэ, Булган аймаг, Төв аймгийн хойгуурх сумдад тархжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *