Categories
мэдээ нийгэм

Нүүдэллэдэг зэрлэг амьтдаа хамгаалах боломж байна DNN.mn

Улс орны хөгжил, эдийн засгийн боломж гэдэг утгаараа төмөр зам барих нь маш чухал. Харин энэ бүтээн байгуулалтыг хэрхэн байгальд ээлтэй хийх нь маш чухал юм. Учир юу гэвэл, зүүн босоо чиглэлийн төмөр зам барих нутаг нь хялганат хээрийн гайхамшиг болсон цагаан зээрийн амьдрах орчин болдог. Хэрвээ бүтээн байгуулалт эхлэхдээ үүнийг онцгой анхаарахгүй бол зөвхөн Монголд олон зуун мянгаараа нүүдэллэдэг зээрийн сүрэг таслагдаж устах аюулд ойртох юм. Гашуун жишээ ч бий.
Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг 1949 оноос ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваачих нь тэр. Хөөрхий зэрлэг амьтад бидэн шиг ярьж, эрхээ хамгаалж чадахгүй болохоор хөгжлийн золиос болоод хоцорсон юм.
Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ. Амьтдын нүүдлийг төмөр зам дагуухь тороор хааж тэнд нь амьтад олноороо өлгөгдөж үхсээр байгаа дүр зураг олон жил давтагдсаар ийнхүү цагаан зээрийн тасарсан сүргийг мөхөл рүү чирсэн юм. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгааны дүнд батлагджээ. Тухайлбал, 2016 оны нэг, хоёрдугаар сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр өргөст торонд өлгөгдөж үхсэн байсныг судалгаагаар тогтоосон юм. Нутгийн зүүн хэсэгт төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц хийхгүй бол зүүн хэсэгт үлдсэн зээрийн сүрэг дахин хуваагдаж мөхлийн ирмэгт тулах аюултай. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хоорондоо “учирч” чадахгүй хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.
Чухамдаа ийм байдалд дахин хүргэхгүйн тулд байгаль хамгаалах байгууллагууд талуудтай хамтран ажиллаж боловсруулсан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандарт, “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг хэрэгжүүлэх нь маш чухал билээ. Стандартчилал, хэмжил зүйн газраас баталсан ийм хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болсон. Тодруулбал, нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэх юм.
Стандарттай болох нэг хэрэг, харин хэрэгжүүлэх нь дутахгүй ач холбогдолтой байдаг. Тиймээс шинээр батлагдсан стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах нь маш чухал болоод байна. Одоогийн байдлаар төмөр замын салбарт гурван томоохон төсөл хэрэгжиж байгаа. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам анхны тээврээ д Оюутолгойн зэсийн баяжмалаар хийсэн. Удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхдээ нүүдэллэдэг амьтдын нүүдлийг таслахгүй байхад анхаарч гүүрэн болон нүхэн гарцыг хийсэн хэмээн албаны хүмүүс хэлсэн. Хэдийгээр байршил, нүхэн гарц стандартын дагуу хийгдсэн эсэх, тэрүүгээр нь зэрлэг амьтад гарч байгаа нь тодорхой болоогүй байгаа ч энэ нь нэг талаар том дэвшил юм. Стандарттай болсон, үүнийгээ хэрэгжүүлж эхэлллээ гэсэн эерэг дохио ч болно. Ололт амжилтаа улам ахиулж стандартын хэрэгжилтийг улам сайжруулах чухал цаг ирснийг шинээр хийх төмөр замын бүтээн байгуулалтууд сануулж байна.
Тиймээс төмөр замыг стандартын дагуу, байгаль зэрлэг амьтдад ээлтэй байдлаар барих ажилд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар онцгой анхаарал хандуулах шаардлагатай болоод байна. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн үүрэг, хариуцлага энд маш их юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн төвшинд хийлгэх, талуудыг бодлогоор зангидах, компаниудад шаардлага тавих, санал зөвлөмж өгөх гээд олон ажил түүнийг хүлээж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтын ажиллагаа маш чухал. Нэг нь ажил хийгээд байдаг, нөгөөх нь гэдийгээд байвал үр дүн гарахгүй. Хамтран ажиллах нь маш чухал юм. Мөн гарц, гармын байрлалыг сонгохдоо энэ салбарын мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн зөвлөмж, байгаль хамгаалах байгууллагуудын үнэлэлт дүгнэлтийг харгалзан үзэх нь ач холбогдолтой билээ.
Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь бидний анхаарч хийх ёстой ажил юм. Шинээр баригдах төмөр замуудыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн бүтээн байгуулалтад зөв жишиг болох ач холбогдолтой билээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *