Categories
мэдээ нийгэм

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн Хүндэтгэлийн хуралдаан болов DNN.mn

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны болон Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жил, нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаас тусгаарлан бие даасан бөгөөд 1992 онд шинэ Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу өөрөө удирдах шинэ, ардчилсан тогтолцооны суурь тавигдсан юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллага хэрхэн хөгжин замнасныг иргэд, олон нийтэд танилцуулах хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга, төлөөлөгчид, нийслэлийн үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа элчин сайд нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хуралдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болгосноор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залсан юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарын дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцуулав. Мөн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар баяр хүргэж, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ үеэр хотод тулгамдаж буй асуудлуудыг нэгдмэл бодлогоор хамтран шийдвэрлэхээр зорин ажиллаж байгаа нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагч нар, төлөөлөлд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд НЗДТГ-аас НИТХ-тай хамтран ажиллаж, хотын өмнө, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг хамтран шийдвэрлэж ирсэн. Цаашид ч нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийг төлөвшүүлж, хотод тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээлт үүсгэсэн олон чухал сэдвийг хөндөж, энэ талаар олон ажлыг хийхэд бид нягт хамтарна” хэмээн онцоллоо.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мөн хурлын үеэр “Нутгийн өөрөө удирдах шинэ ардчилсан тогтолцооны 30 жилд нийслэлийн иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт найман удаагийн хуралд 383 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж ирсэн. Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгон угсрах үүрэг одоо бидэнд ногдож байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *