Categories
мэдээ нийгэм

Нутгийн 60 хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

Зуншлагын байдал 2018 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг, зөвхөн Баянхонгор аймгийн ганц нэг сумдын нутгаар муу байна. Энэ жилийн зуншлага 7 дугаар сарын 2-р арав хоногоос сайжирч, 31-н гэхэд нутгийн 70 хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

42% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

21% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

23% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

5% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нутгийн 60 хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Увсын Завхан, Малчин, Ховдын Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Булган, Дуут, Зэрэг, Буянт, Мөст, Мянгад, Манхан, Чандмань, Дарви, Завханы Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Тонхил, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр,Архангайн Хайрхан, Өгийнуур, Өвөрхангайн Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Богд, Гучин-Ус, Сант, Тарагт, Хэнтийн Дархан, СүхбаатарынУулбаян, Өмнөговийн Баяндалай сумд орж байна.

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлддэггүй онцлогтойг мөн харгалзан үзэх шаардлагатай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *