Categories
мэдээ цаг-үе

Нурманд төмс булж иддэг байсан наймын А-гийнхан

Намрын шаргал нар элчээ харамгүй хайрласан энэ л өдрүүдийн нэгэнд тэртээ 1968 онд сургуулийн босгоор алхан орж байсан нэгэн үеийнхэн уулзалдлаа. Сургуульд элсэн орж нэг ангийнхан гэж дуудагдсанаас нь тоолбол 48 жил, наймдугаар ангиа төгсөж амьдралын харгуйгаар салан одсоноос нь хойш яривал 40 жилийн дараа уулзаж буй төгсөлтийнхөнд ярих сонин хачин чамгүй олон. Өчигдөр Сүхбаатарын талбайд нэгнээ таньж ядан уулзсан тэд Увс аймгийн Зүүнговь сумын найман жилийн сургуулийн 1976 оны төгсөлтийнхөн. Сургуулиа төгссөнөөс хойш албан ёсоор уулзалдаагүй болохоор 40 жил бие биенээ хараагүй хүмүүс ч байв. Зарим нь ч нэгийнхээ зүс царай бүү хэл нэрийг мартагнасан ажээ. “Чи чинь хэн билээ, нөгөө Жижгээ мөн үү” гэхчлэн хочоор нь л илүү мэдэх юм. Цагийн уртад хөгширч хэдийнэ өвөө эмээ болсон ч гэлээ “Хүүе ээ, чи минь яг л хэвээрээ жоохноороо байна шүү дээ” гэсээр уулзалдлаа. Түрүүлж ирсэнүүд нь бусдыгаа бүртгэн амар мэндээ мэдэлцэж байв. Зарим нь ч шинээр ирсэн нэгнээ “Алив хө, чи чинь Нямжав мөн юм уу. Нүдний шилээ ав даа” гэж инээдэм болох ажээ. Харин таньсан даруйдаа тэвэрч аван хацар дээр нь үнсээд баярын нулимс цийлэгнүүлж байлаа. Ер нь нэг ангийнхан байна гэдэг сайхан юм. Хөндлөнгийн нүдээр харахад аль хэдийнэ өвөө эмээ болчихсон мөртлөө найзуудынхаа сэтгэлд үргэлж охин, бас хөвгүүнээрээ дурсагдан үлддэг ажээ.

Номонд дурлагчдын баярын өдөр жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоног болдог билээ. Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Номын ертөнц төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй тус баяр нь энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Биднийг сурвалжлахаар очиход жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлсээр буй тус үзэсгэлэн нь хөл гишгэх зайгүй бужигнаж байлаа.

Зохиогч, уншигчдыг уулзуулахаас гадна бүх ном 20-50 хувь хямдардаг учир ийнхүү цуглах нь дамжиггүй биз ээ. Энэ жилийн “Номын баяр”-т 60 гаруй асар баригджээ. Асарнуудад өнгө алаглаж будаг нь ханхалсан шинэ номноос эхлээд ховор нандин хуучин ном хүртэл харагдаж байсан юм. Шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиол, тууж, роман, хүүхдэд зориулсан ном, шашин судлал, Монголын болоод дэлхийн сонгодог бүтээлүүд гээд салбар бүрийн хэрэгцээтэй номнууд өрөөстэй байлаа. Номын салбарын идэвхтэй байдлыг хангах зорилготой энэ арга хэмжээнд ахмад уран бүтээлчид, зохиолч, орчуулагч, ном эрхлэн гаргагчид болон хэвлэлийн газрууд оролцжээ.

Мөн тус “Номын баярт” хэвлэлүүдээс ганцхан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, уран бүтээлчид өөрсдийн гаргасан ном, бүтээлээ дэлгэсэн байлаа.

“Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн “Барын зулзага бамбар буюу амьтны тухай өгүүллэгүүд”, нэрт сэтгүүлч Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ” ном, М.Саруул-эрдэнийн хэл шинжлэлийн номнууд, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъянгийн уран бүтээлүүдийг уншигчид илүүтэй сонирхож байлаа. Сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ номыг танилцуулахаас гадна сониныхоо шинэ дугаараа үнэгүй тараасан нь уншигчдад ихэд таалагдаж байсан юм.

“Охидоо бүгдээрээ зургаа авахуулъя. Дараа нь хөвгүүдтэйгээ хамт зогсоно шүү” гэж шаагилдацгааж байв. Эдний ангийнхан бол Зүүнговийн найман жилийн сургуулийн 8-ын а бүлэг. Ангийн багш нь Л.Гүнтэвсүрэн. Ангийнхнаа өөрийн хүүхдээс илүү юу гэхээс дутуу хайрлаагүй багш нь хэдэн жилийн өмнө бурхны оронд оджээ. Бас есөн сурагч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Уулзалдсан хэд нь сонин бас сайхан мэдрэмж төрж буй тухайгаа ам булаалдан ярьж байв. Энэ удаагийн уулзалтад 8-ын а-гийнхнаас гадна бага, дунд ангид хичээл зааж байсан багш нарынх нь төлөөлөл уригдаж иржээ.

Дунд сургуулийн сурагчид олон сайхан дурсамж хөврүүлэв. Уулзалтыг зохион байгуулагчдын нэг ангийн дарга Т.Нямаа “Манай ангийнхан сургуулийнхан дундаа л хамгийн эвсэг хүүхдүүдтэй нь байсан. Бас их хөдөлмөрч. Учиргүй онц сурч бусдаасаа тасархай илүү хүүхэд байгаагүй мөртлөө муу дүнтэй сурагч бараг байгаагүй. Ер нь их жигд хүмүүжсэн. Аливаа зүйлд илүү ч үгүй, дутуу ч үгүй төлөвшинө гэдэг амьдралд их хэрэг болно. Хожим бусдаас дутахгүй, хүний дайтай явдаг юм байна. Ийм сайхан хүмүүжил олгосон багш нартаа хожим их талархаж байна” гэх ажээ. Эдний ангийнхан сурлагаар ч тэр, урлагаар ч тэр тун жигдхэн байсан гэнэ. Харин дунд ангид орсон цагаасаа эхэлж бусад бүлгийнхнээ манлайлах болжээ. Анги даасан багш нь математикийн багш байсан учраас тоонд дуртай хүүхдүүд байж. Хэдийгээр ангидаа нэг нэгээсээ илүү гарахгүй ч гэлээ сургуулиа төгссөн хойноо их, дээд сургуулийн элсэлтэд өндөр оноо авцгаасан гэнэ. Өдгөө эдний ангийнхан дунд эрдэмтэн, доктор, урлагийн гавьяат зүтгэлтэн, хүний их эмч, инжинер, багш гээд олон салбарынхан төрөн гарчээ. Наймын А-гийнхныг ямархуу хүүхдүүд байсан тухай биеийн тамирын багш Ц.Тэгшжаргал “Би 1972 онд Улсын багшийн их сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөнгүүтээ Увс аймгийн Зүүнговь сумын найман жилийн сургуульд хуваарилагдсан юм. Өнөөдөр уулзаж буй ангийнхнаа би 1973 онд дааж авсан. Манай хүүхдүүд бүгдээрээ маш хөдөлмөрч. Тэр үеийн хүүхдүүд багшийнхаа үгнээс гардаггүй байсан болохоор их ч томоотой байж. Мэдээж хэрэг хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр дүрсгүйтэх, буруу үйл хийх тохиолдол гаралгүй яахав. Хамгийн гол нь сургуулиа төгссөнөөс хойш 40 жилийн дараа ингээд уулзаж байгаа нь үнэхээр сайхан байна” гэв.

Эдний ангийнхнаас хоёр хос төрөн гарсан. Тэдний нэг нь Д.Балжинням, П.Одгэрэл хоёр. Дунд сургуулийн сурагч байхдаа бие биедээ сэтгэлтэй болж өдгөө 33 дахь жилдээ ханилж буй гэнэ. Сурагчийн ширээний ард сэтгэлээ илчилсэн хос өнөөдөр дөрвөн охин, хоёр хүүгийн аав ээж болцгоожээ. Гэргий П.Одгэрэл нь алдарт эхийн нэгдүгээр одонтой болж ангийн охидоо манлайлжээ. Сургуулиа төгссөнөөс хойш нутагтаа амьдарч байгаа бөгөөд хаа хол 1000 гаруй км-ийн цаанаас ангийнхнаа зорин ирсэн гэнэ.

Тухайн үед арван жилийн сургууль цөөхөн байж. Хүүхдүүд голдуу л найман жилээ төгсөнө. 18 нас ч хүрээгүй байхдаа бие биенээсээ салан одож байсан болохоор тухайн үед ихэд хорогдон өмөлзөн уйлж байснаа өнөөдөр баярын нулимсаар хачирлан ярив. Төгсөх үед сэтгэл нь хэрхэн догдолж байсан талаар Ц.Жавзан-Орлом “Хонхны баярын өдөр бүгдээрээ ангидаа суугаад дуулж байлаа. Аав ээжээсээ салах гэж байгаа мэт, эсхүл хэзээ ч дахин уулзахгүй мэт их л гунигтай санагдаж байсан. Мэдээж хэрэг хөгтэй хөөртэй дурсамж бидэнд олон бий. Дөрөвдүгээр ангид байсан юм. Үстэй дээлээ гадагш нь харуулаад хэн өндөртөө өмсүүлнэ. Жижигхэн биетэй хоёрыгоо бөх болгоод тэмээ болон тоглодог байлаа. Нэг удаа ийн тоглож байгаад хичээлийн эрхлэгчдээ баригдчихсан. Багш бид нарыг хонгилд жагсааж зогсоож байгаад их загнаж байсан” гэж хуучлав. Мөн эдний ангийнхан шинэ жил болгоноор цаас хайчилж түүнийгээ будаж байгаад янз бүрийн дүрс хайчилж ангиа чимдэг байжээ. Тэр үед ямар саа, шаар байсан биш. Өөрсдийн гараар хийсэн бүтээлээрээ ангиа чимдэг байсан гэнэ. Бас арван хоёр жилийн амьтны дүрд хувирахдаа мөн л өөрсдөө илүүдэл цаас, даавуухнаар аргалдаг байжээ. Харин ангийн багш нь өвлийн өвгөний дүрд хувираад хүүхдүүддээ бэлэг сэлт өгдөг байсан нь тэдний сэтгэлд тод хадгалагдан үлдсэн байна. Бас хичээлээ тараад өдөр бүр шахуу тоглодог “Гагнасан гинж” тоглоом цагийг сайхан өнгөрүүлэх хамгийн таатай зүйл байж. Сургуулийнхаа арын талбайд хоёр талцаж байгаад л “Гагнасан гинжийг таслахтун” гэж тоглодог байсан гэнэ. Мөн алаг бөмбөгөөр хөл, гар, тохой гээд бүхий л биеэрээ дамжуулан шидэлж тоглодог байсан нь сурагч ахуй насны гэгээн дурсамжийн нэг болжээ.

Эдний ангийн Ц.Нямжав сургуулиа төгссөнийхөө дараа багшийнхаа бэр болсон гэнэ. Гэр бүлийнхээ хүнтэй хайр сэтгэлтэй болсон хойноо анги удирдсан багшийнхаа ач хүүтэй сууж байгаа гэдгээ мэджээ. Багшийнхаа бэр болсон болохоор баяр ёслол гэлтгүй жирийн үед ч байнга уулзалдана. Хэдийгээр бэр нь болж очсон ч гэлээ багшаа гээд бодохоор их сүрддэг байжээ.

Тухайн үеийн хүүхдүүдийн хамгийн дурсгалтай мөчүүд сангийн аж ахуйд өрнөнө. Тавдугаар ангид орсон жилээсээ хойш намар намарт тариан талбайд очиж сангийн аж ахуйн ажилд тусалдаг гэсэн. Өдөржин талбайд ажилласан хүүхдүүд орой нар шингэх алдад амрах байрандаа ирж оройн хоолоо иднэ. Ихэд өлссөн байдаг болохоор хоолондоо цадахгүй. Тийм үед тогооч эгчийг явангуут нь хураасан төмснөөсөө хэдийг нурманд булан иддэг байж. Нуугдаж идэж байгаа учраас халуун төмсөнд ам хамраа түлчих гээд их л хэцүүхэн юм болдог байсан гэнэ. Харин ингэж идсэн төмс амттай гэж жигтэйхэн. Хожим аль ч тансаг ресторанд ороод тэр үеийнх шиг амттай төмс идэж байгаагүй гэцгээлээ.

40 жилийн дараах уулзалтад ирсэн Хөдөлмөрийн багш, боловсролын тэргүүний ажилтан Б.Чүжий “1976 оны хөдөлмөрийн хичээл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд өөр агуулгатай ордог байсан. Эрэгтэй хүүхдүүдэд дархан мужаан, эмэгтэй хүүхдүүдэд гэр ахуйн хичээл ордог. Нэг ёсондоо сургуулийн хүүхдүүдийг цаашдын амьдралд нь бэлтгэдэг байсан юм.

Өнөөдөр ингээд хүүхдүүдтэйгээ уулзаад харахад миний заасан хичээлийг эд маань амьдралдаа сайтар хэрэгжүүлсэн байна. Миний шавь нар амьдралын урсгалд хөл тавихдаа ямар ч байсан зөв явж байгаа юм байна, үр хүүхэд хань ижлээ зөв сайхан авч явж байгааг нь хараад би их баярлаж байна. Би багш болоод удаагүй, дөнгөж 24 настай байхдаа энэ хүүхдүүдтэйгээ уулзаж байсан. Залуу хүн байсан болохоор ч тэр үү, эдэнтэйгээ үеийн найзууд шиг байсан даа” хэмээн дурсав.

Өчигдөр уулзсан ангийнхан лав гурав хоногтоо салахгүй шүү, дараагийн уулзалт хэзээ ч билээ гэлцэж байв. Наймын А-гийн энэ удаагийн буюу анхны албан ёсны уулзалтыг ангийн дарга Т.Нямаа болон тус ангиас төрөн гарсан урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу нар зохион байгуулсан юм.

С.АЛТАН

Э.АРИУНЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *