Орос, Монголын жүдочид нөхөрсөг барилдаан хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2017 онд хүрсэн тохиролцоо ажил хэрэг болж, “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж буй билээ. Тус арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээнээр эхэллээ. Мөн залуу жүдочдын үзүүлэх тоглолт болов.
Жүдочдын нөхөрсөг тэмцээнд хоёр орны төлөөлөл болсон 16 тамирчин холимог багийн нөхөрсөг тэмцээнд халз өрсөлдлөө. Д.Уртнасан, Л.Энхрийлэн, С.Лхагвадулам, Ш.Сэржмядаг, Г.Галмандах, Б.Гончигсүрэн, Б.Дарханбаатар, С.Бат-Орших нарын оролцогчтой манай улсын баг тамирчид зургаан ялалт, хоёр ялагдалтайгаар тэмцээнийг өндөрлүүлэв. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Мүн Вон Бай болон тус холбооны гишүүн Широли Уцужи, зөвлөлийн дарга Ли, Олон улсын жүдо бөхийн холбооны Энхтайвны хорооны дэд тэргүүн, Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн захирал Б.Пагва, Монгол Улсын болон дэлхийн зэрэглэлийн шүүгч н.Энхтайван нарын хүмүүс багтан оролцов.
Дасгалжуулагч Д.Батсайхан хэлэхдээ “ОХУ-ын нөхөрсөг халз барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Манай баг тамирчид зургаа хоёрын харьцаатайгаар ялалт авлаа. Баяртай байна. ОХУ-аас залуучуудын шигшээ багаас сайн тамирчид ирсэн байна. Манай багийн хувьд энэ жилийн залуучуудын УАШТ-нд алтан медаль авч тамирчин оролцсон юм. Одоо жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцоно. Энэ тэмцээнд оролцохоос өмнөх сорилт тэмцээнүүдийн нэг боллоо” гэв.
Тэмцээнд оролцсон залуу жүдоч Г.Галмандах ярихдаа “Өрсөлдөгч зүүн учраас надад хүндхэн, чанга байлаа. Хөмрөхөд хөлөө урдуураа тавьж үүрээд ялж чадлаа” гэв. Мөн залуу жүдоч Э.Уртнасан “Эхлээд дэвжээнд гараад базари үнэлгээ алдсан. Дараа нь этэж базари аваад, үүрээд ялалт байгууллаа. Өрсөлдөгч чанга байлаа” хэмээн ярилаа.
Дашрамд дуулгахад, Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Спортын төв ордонд нээлтээ хийх бөгөөд Монгол, БНСУ, БНХАУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонконгийн баг тамирчид оролцоно. Мөн хоёр Солонгосын тамирчид нэгдсэн багаар оролцох юм.