УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль аравдугаар сарын 10-ны ням гаригт болно. Нөхөн сонгууль явагдах хэсгийн хороодоос өгөгдөл дамжуулах туршилт хийлээ. Дээрх хоёр тойрогт нийтдээ 148 хэсгийн хороо ажиллах юм. Эдгээрт 212 ширхэг санал тоолох төхөөрөмжийг иж бүрдлийн хамт байршуулжээ.
СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан “Санал тоолох төхөөрөмжүүдийг эвдрэл гэмтэлгүй тээвэрлэсэн эсэх, дүн дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгааг шалгаж байна. Хэсгийн хороодоос сонгогчдын ирцийг цаг тутамд гар утасны аппликэйшнээр авдаг болсон. Мөн хэсгийн хороодыг камержуулсан нэгдсэн систем ажиллана. 95 хэсгийн хорооны камерыг шууд нэгдсэн сервер рүү татаж авна. Сонгинохайрхан дүүргийн бүх хэсгийн хороо, Хэнтий аймгийн сумын хэсгийн хороодын камерыг энд холбосон. Туршилт 12.00 цагт зэрэг эхэллээ. Одоогоор ямар нэг доголдол гараагүй байна” гэв.