Сирийн иргэдэд туслахаар
явж байсан НҮБ-ын тусламжийн цувааг Оросууд бөмбөгдсөн хэмээн АНУ мэдэгдлээ.
Олон улсын Энхтайвны өдөр өнөөдөр тохиож
байна. Энэ өдөр дэлхий нийтээрээ хүчирхийллээ зогсоож, дайн болон тулааны үеэр
амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг билээ.
АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулган эхлэхээс өмнө тус холбооны ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мүн “Олон улс Энхтайвны өдөр Сирийн хямралын бүрэн
зогсооход бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. Сирид дахин цус урсах ёсгүй. Бид
хамтарч чадвал энэ бүхнийг ганцхан өдрийн дотор зогсоож чадна” гэж мэдэгджээ.
Харамсалтай нь энэ өдөр Сирид гал зогсох бус улам хүчирхийлэл газар нэмэгдсэн
талаар эх сурвалжууд онцоллоо.
“АНУ, ОХУ-ын байгуулсан гал зогсоох гэрээ
хүчингүй болсны дараа террористууд халдлага үйлдэх нь нэмэгджээ. Мөн Сирийн
ардын армийнхан террористуудтай байлдах нэрээр энгийн иргэдийг хохироож байгаа
нь энэ улсад хууль үйлчлэхээ больсны тод жишээ” хэмээн НҮБ дахь Сирийн асуудал
хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгдлээ. Тэрбээр “Сирийн
хямралыг хэн зогсоох нь тодорхойгүй байна. Ард түмэн удирдлагууддаа итгэл
алдарсан. Тус улсыг террористуудаас чөлөөлөхөөр амласан гүрнүүд хяналтаас
гарлаа. Тэд дур зоргоороо аашилж эхэллээ” гэсэн байна.
Ерөнхийлөгч Барак Обама “Бид хүчирхийллийг
өдөөх бус таслан зогсоохоор тэмцэж байна. Бид шаардлагатай тусламжийг
үргэлжүүлэн олгох болно” гэж мэдэгджээ.