НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Хүн амын Сан COVID-19 – ийн халдвараас сэргийлэх үндэсний арга хэмжээний хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 220 сая төгрөг буюу 80,000 ам.долларын төсөв бүхий хамтарсан санаачилгын хүрээнд Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт жирэмсэн эмэгтэйчүүд болон нярайд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг цар тахлын үед ч тасалдуулахгүй явуулахад дэмжлэг үзүүлэх сургалтуудыг зохион байгуулна.
Мөн эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хайр өвтгөдөггүй” үндэснийаяныг дэмжих, хүүхэд хамгааллын кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх, онцгой байдал зарласантай холбоотой зай барих, гэрээсээ гарахгүй байх зэрэг зөвлөмжийн дагуу айл өрхүүдэд эрүүл харилцааг бий болгохын тулд эцэг эх, өсвөр насныхан болон хүүхдүүдэд зориулсан стрессээ удирдаж сурах сэтгэл зүйн зөвлөгөө бүхий контент бэлтгэн түгээх зэрэг ажлууд хийгдэх юм.
Санаачилгын бас нэгэн үйл ажиллагаа нь хөл хорионд орсон байгаа эмзэг бүлгийн болон халамж асрамжийн төвүүдэд байгаа хүмүүсийг нэн шаардлагатай эрүүл ахуйн багцаар хангана. Түүнчлэн халамж асрамжийн төвүүд, түр хамгаалах байрууд болон хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн ажилтнуудад вирусийн дэгдэлтийн үед чанартай үйлчилгээг аюулгүйгээр үргэлжлүүлэн хүргэх чиглэлээр сургалт явуулна. Мөн COVID-19 халдвартай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн болон хил гаалийн аж ажилтнуудад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг олж илрүүлэх, тохирох үйлчилгээнд холбон зуучлах мэдлэгийг олгох сургалт хийх юм.
“Улс орнууд вирусийн дотоод тархалтаас сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь зорилтот бүлгийн хүн амын дунд нийгмийн олон асуудлуудыг үүсгэж байна” хэмээн НҮБХАС-ийн Тэргүүн, хатагтай Каори Ишикава тэмдэглэн хэлэв. Мөн тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: “Бид НҮБ-ын Хүүхдийн Сантай, мөн Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай энэхүү хүнд хэцүү цаг үед эмэгтэйчүүд, эхчүүд, тэдний хүүхдүүдийн эрүүл энх, сайн сайхны төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэв.
“Хамтарсан санаачилгын санхүүжилт нь Япон улсын Засгийн газраас Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласан 1,7 тэрбум төгрөгийн (610,000 ам.доллар) санхүүжилтээс гарч байгаа. Энэхүү санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас түнш байгууллагуудтайгаа хамтран COVID-19-той холбоотойгоор хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол болон хамгааллын асуудлаар богино болон урт хугацаанд гарч болзошгүй сөрөг үр дагаврыг бууруулахын төлөө ажиллахболно” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.
Цар тахлын үр нөлөөгөөр үүссэн нийгэм, эдийн засгийн дарамт, мөн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дэлхийн ихэнх улс оронд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх охид, эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бүх засгийн газруудыг COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөндөө гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг оруулахыг онцгойлон уриалав.
НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан хамтын ажиллагааны гэрээнд 2020 оны 4-р сарын 1-нд гарын үсэг зурсан бөгөөд төслийн үйл ажиллагаа 2020 оны 9-р сарыг хүртэл үргэлжилнэ.