Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын 5 дугаар тайлан илтгэлийг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Хүүхдийн эрхийн хорооны 75 дугаар чуулганы 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.
Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөгчид оролцов.
Манай төлөөлөгчид тайлангийн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар илтгэж, Конвенцийн хорооны гишүүдээс тавьсан асуултуудад хариулав.
Конвенцийн хорооны гишүүд Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчинг шинэчлэх, нэн ялангуяа Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай зэрэг хуулиудыг шинэчлэн болон шинээр баталж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр өмнөх хэлэлцүүлгээс өгсөн Хорооны зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилласныг сайшаан тэмдэглэв. Конвенцийн хорооноос манай улсын илтгэлийг хэлэлцсэн тухай дүгнэлт, зөвлөмжийг 2017 оны 6 дугаар сарын 8-ний өдөр албан ёсоор гаргах юм байна.