Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

НҮБ-д ганц санал авч, цагдаа шууд баривчилдаг болсонд бид л буруутай DNN.mn

Ганц хоёрхон сарын өмнө манай монголчууд улсынхаа гадаад бодлого, нэр хүндийг гайхан шагширч, бахархан суулаа. Нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүн Антонио Гутерреш, хоёр хөршийн Гадаад хэргийн сайд нар манай улсад шил дараалан айлчилсан нь ийнхүү улсаараа омогших, бахархах сэтгэлийг төрүүлсэн хэрэг л дээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа “Дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энхтайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж хэллээ гээд л мөн ч их хөөрцгөөсөн. Гэвч бидний энэ хөөс арилж, хөрсөн дээрээ буусан үйл явдал боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн хурал саяхан болсныг бүгд санаж байгаа байх. Ерөнхийлөгч маань Нэгдсэн үндэсний байгууллагын индэр дээрээс энхтайванд уриалж, “Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хичнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хичнээн сая хүн ядуурлаас гарч, хичнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хичнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол” гэж хэллээ гээд л Ерөнхийлөгчийнхөө ухаантайг гайхсан. Яг тэр хурлын үеэр манай улсын бодит байдлыг илэрхийлсэн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нэгэн үйл явдал болжээ. Энэ бол Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д ажиллах 12 улс орныг шинээр сонгосон үйл явдал. Тодруулбал, дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, ахиулах үүрэг хүлээсэн Нэгдсэн үндэсний байгууллагын тус зөвлөлийг Ерөнхий Ассамблейн гишүүдийн нууц санал хураалтаар тодруулдаг бөгөөд 47 улсаас бүрддэг аж. Энэ удаагийн санал асуулгаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д өрсөлдсөн байдлыг авч үзвэл, баларч яваа Бангладеш 160 саналаар тэргүүлж, Мальдив 154, Вьетнам 145, Киргизистан 126 санал авч шалгарчээ. Харин Афганистан 12, Монгол нэг санал авч Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүний эрхийн зөвлөл”-д шалгарч чадаагүй байна. Манай улсын авсан нэг санал нь бид өөрсдөдөө өгсөн санал юм. Ийм л явдал болсныг Гадаад харилцааны яам нууж, тийм зүйл огт болоогүй гээд л байсан. Гэтэл Нэгдсэн үндэсний байгууллагын цахим хуудсанд энэ тухай мэдээлэл байна.

Энэ бол Монгол Улс гадаадад нэр хүндгүй болсны илэрхийлэл. Монгол Улсын гадаад нэр хүндээс гадна манай улс ардчилалгүй болж, иргэдийнхээ эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүн тавьсан явдал боллоо. Бид өөрсдийгөө “Ардчиллын баян бүрд” гээд л байдаг. Гэтэл биднийг хөндлөнгөөс ямар ч улс орон ингэж харж дүгнэсэнгүй. Түүнчлэн манай улс ардчиллын баян бүрд байхаа нэгэнт больж, ардчилал маань ч хумигдсан нь дээрх үйл явдлаас харагдлаа. Бид угтаа Орос, Украины дайныг хулчийж биш зоригтой эсэргүүцэж дуугарах ёстой байсан юм. Өдийг хүртэл дүлий дүмбэ оргиод суугаад байсны хариу л энэ шүү дээ.

Бид өмнө нь “Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн дайн, гутамшиг хоёрын хоёулангийнх нь лай ланчгийг үүрдэг”. Дайн нэгэнт л эхэлсэн бол түүнийг эсэргүүцсэн, эсэргүүцээгүй аль нь ч хамаагүй дайн болж л байдаг. Гутамшгийг нь сонгосон газарт тэр дайны сүүдэр заавал ч үгүй ирдэг гэж бичиж л байсан. Үүнийгээ ч эхнээсээ харав бололтой.

Бүр болоогүй цагдаа хүчний байгууллага нь дур зоргоороо иргэдийг барьж саатуулдаг нь хэрээс хэтэрч байгааг Нэгдсэн үндэсний байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг манай улсад ажиллах үеэрээ хэлчихээд явлаа. Ажлын хэсгийнхний санааг маш их зовоосон зүйл нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих явдал гэнэ. 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн бол 2021 онд энэ тоо 98.3 хувь болж. Баривчлах ажиллагаа шүүхийн урьдчилсан, хяналтгүйгээр явагдаж байгаа нь олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн хүний эрхийн талаарх үүрэг хариуцлагатай огт нийцэхгүй гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Энэ бүгдэд иргэд төр засгаа л буруутгаж суугаа. Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг. Бүх л зүйлийн буруутан төр засаг болчихсон. Гэвч үнэн хэрэг дээрээ бид өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Яагаад гэвэл, тэднийг төрд хэн сонгож гаргаж ирсэн юм бэ. Бид өөрсдөө л сонгож гаргасан. Бидний сонголтоор манай төр засаг бий болдог. Өөрсдийн сонголтоороо улс орныг удирдуулах хүмүүсийг гаргаж ирдэг шүү дээ. Ямар ч үнэт зүйл, үзэл бодолгүй, туйлширч хуйлардгаа больё. Иргэд хэтэрхий их хуйларч, туйлширснаас өнөөдрийн төр засаг бүрдсэн. Ардчилсан улсад нэг нам “дангаараа”, дараалан төрийн эрх барих нь ардчилал гээгдэх, хүний эрх хөлийн ул руу ойртох сөрөг үр дагавартайг бид өөрсдөө бодитоор мэдэрч, харж ч байна. Тиймээс ард түмэн хариуцлагатай байх ёстой. Хариуцлага хүлээх ч учиртай.

Өөрсдийгөө буруутгаж буруугаа хүлээж суръя. Буруугаа хүлээж сурч чадвал дараагийн сонголт мэргэн байна аа. Одоогийн байгаа байдал олон улсад ардчилалгүй гэж улсынх нь нэр хүнд унаж, төр засгийн давамгайлал, өр зээл, ам.долларын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ зэрэгт сэтгэл чинь ханамжгүй байгаа бол дараагийн удаа сонголтоо өөрөөр хий. Сэтгэлийн хөөрлөөр нэгийгээ магтаж, муу хэлж сонголт хийдгээ боль. Энэ хүн төрд гараад юу хийж чадах вэ, ямар хууль гаргаж чадах уу, бидний амьдралд яаж нөлөөлөх үү гэдгийг эргэцүүлдэг, тунгаадаг болъё оо. Өнөөдрийн нийгэм бол бидний тусгал. Бидний амьдрал бидний л ямар хүмүүс вэ гэдгийн тусгал. Өөр юу ч биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *