НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн сарын сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гаригт болно. Тохирлыг “Боловсрол” телевиз орон даяар шууд дамжуулна.
Иргэд аравдугаар сарын 1-31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 17-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлэх ёстой аж. Энэ удаагийн тохирлын супер азтан 175 сая төгрөг хожих боломжтой юм.
2016-2018 онд нийт 40 удаагийн сугалааны тохирол явагдаж давхардаагүй тоогоор 260 гаруй мянган иргэн азтан болжээ. Тус систем 708 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд эдгээр хэрэглэгчийн 38 хувь нь сугалааны тохиролд азтан болсон байна. Татварын ерөнхий газрын мэдээллээр сард дунджаар 34 мянган баримт хэвлэгддэг байна. Үүний 21 мянгийг нь иргэд бүртгүүлдэг гэнэ. Нэг хэрэглэгч сард дунджаар 30 баримт бүртгүүлдэг гэсэн сонирхолтой статистик ч мөн бий. Өнгөрсөн сард гэхэд НӨАТ-ын буцаан олголтоор нэг хүний авах мөнгөн дүн дунджаар 100 мянга, нийт олгох дүн 78.4 тэрбум төгрөг байгаа гэнэ.