НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд дараа онд нь ордог. Иймээс иргэд 2017 онд хэвлэгдсэн төлбөрийн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийг хүртэл бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр та 2017 оныхоо төлбөрийн баримтынхаа 20 хувийн буцаан олголтыг авах боломжтой болох юм.
Нэг иргэн өөр дээрээ 1-3 бүртгэл үүсгэсэн тохиолдол олон байдаг бөгөөд эдгээр иргэд 2017 оныхоо НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд бүх бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Нэг хүний нэр дээрх хоёроос гурван данс руу гүйлгээ хийх боломжгүй учраас заавал нэгтгэх ёстой ажээ. Иймээс бүртгэлийн нэгдсэн системдээ нэвтэрч, урамшуулал гэсэн хэсэг руу орж, бүртгэлээ нэгтгэх цонхыг бөглөх хэрэгтэй юм байна. Хэрэв бүртгэлийн системээ нэгтгээгүй бол олон бүртгэлтэй хүнд урамшуулал олгохгүй гэнэ. Ойролцоогоор хоёр болон түүнээс дээш бүртгэлтэй 15 мянган хэрэглэгч байгаа ажээ. Мөн Butsaalt.ebarimt.mn сайтаар орж бүртгэлээ хэрхэн нэгтгэх, буцаан олголтоо хэрхэн авах талаар мэдээлэл авч болох юм.