Нэр бүхий зургаан шүүгчид АТГ-аас энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэл нээж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан билээ. Тэгвэл, шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж Нийслэлийн ерөнхий прокурор үзэж энэ тухайгаа албан бичгээр илгээжээ. Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу халдашгүй эрх эдэлж буй зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэх үндэслэлгүй, хангалттай нотлох баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд АТГ-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэмээн албан бичигтээ дурьджээ. Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү хүсэлт гаргаад шалгаж эхэлж байсан юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн шүүгчдийн нэгэнтэй холбоотойгоор шалгаж байсан иргэн Б Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид амиа егүүтгэсэн харамсалтай явдал гарсан билээ.