Парисын Дарь эхийн сүм гал түймэрт өртсөний дараах сэргээн босголтын ажилд Францын бизнесмэнүүд нийтдээ $1 тэрбумыг хандивлаад байна.
Тэгвэл энэхүү түүхэн дурсгалыг бараа бүтээгдэхүүндээ ашиглаж орлого олдог компаниуд мөн их хэмжээний хандив өргөжээ.
Тухайлбал видео тоглоом бүтээгч Ubisoft компани 500 мянган еврог сүмийн сэргээн босгох үйлсэд хандивлахаар болсноо мэдэгдсэн байна.
Тус компанийн бүтээсэн “Assassin’s Creed Unity” видео тоглоомонд Дарь эхийн сүмийг компьютер графикаар дүрслэн ашигласан байдаг.
Үүнээс гадна Ubisoft энэхүү тоглоомныхоо PC хувилбарыг дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл үнэ төлбөргүй болгож, Нотр Дамын дурсгалыг хүндэтгэхээр болжээ.
Ubisoft-ийн тоглоомонд Дарь эхийн сүмийг маш нарийн дүрслэн үзүүлсэн байдаг. Зарим хүмүүс сүмийн сэргээн босголтын ажилд тэдний график дүрслэлийг ашиглах санал гаргаж байгаа юм.
Энэ талаар байр суурийг нь тодруулахад тус компанийн төлөөлөгч “Сэргээн босгох үйлсэд манай туршлага, мэдлэг хэрэг болно гэвэл бид маш их баяртай байх болно” гэж хэвлэлд ярьжээ.
Ubisoft-оос гадна Виктор Гюгогийн “Notre-Dame de Paris” зохиолоор хөгжимт энимэйшн кино бүтээж, Оскар болон Алтан бөмбөрцөг наадмын шагналд нэр дэвшүүлж байсан Дисней компани $5 саяыг сүмийн сэргээн босгох үйлсэд хандивлахаар амласан байна.