Categories
мэдээ цаг-үе

Норовын Гантулгын “Эх орон” шүлэг дэх монгол ахуйн дүрслэл хийгээд, сэтгэлгээний мөн чанар

“Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын “Голын цаана” бүтээлийн тухай утга зохиолын магистр П.Отгонбаярын бичсэнийг хүргэе.


“Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын “Голын цаана” бүтээлтэй танилцаад хүн байхын утга учир хийгээд, хүний амьдалын жам ёсны тухай өгүүлэх олон сайхан шүлгийг шимтэн уншиж, яруу найрагчийн сэтгэлийн догдлол, тэмүүлэл, мөрөөдөл, мөнхийн хүслэнг мэдэрлээ.

Түүний шүлгүүд нэг л ер бусын тансаг аялгуу, уянгалаг болоод эрчимлэг хэмнэлтэй бөгөөд гүн утга найрсан байгаа нь миний сэтгэлийн утсыг хөндөж, дотоод сэтгэлд минь нуугдан байх ч, хэзээ мөдгүй илэрхийлмээр байсан тэр л мэдрэмжийг хөндөж чадсан нь өчүүхэн судлаач миний яруу найргийн тансаг сайхныг мэдрэн, уншиж ойлгож чаддагт бус ерөөс түүний шүлгээ тийнхүү урлаж бичдэг, бичлэгийн чадварт байгаа нь ажиглагдлаа. Монгол ахуй, соёл, зан заншлын нандин эрхэмсэг хийгээд нууцлаг чанд олон зүйлсийн цаад мөн чанар, монгол хүмүүний л олж харж, мэдэрч, хүртэж хүлээн авч болохуйц сэтгэлгээ, эрэлхийллийн өвөрмөц тусгал түүний шүлэг бүтээлд нэвт шингэжээ.

“Хаан Чингисийн хүлэг амгай даран ергүүлэхэд

Халтар тоос нь тэнгэрт босох эх орон минь юм

Хаврын зэрэглээн дунд хөллөж тэнцсэн унага

Халуун сүүгээ садартал хөхөх эх орон минь юм…”хэмээн эхлэх “Эх орон” шүлгийг сурагчдадаа уншиж өгтөл алга нижгэнүүлэн таших нь би өөрийн зохиосон шүлгээ дуудан уншиж, талархал хүлээж байгаа юм шиг л сайхан санагдлаа.

Ингэж л сонсголонтой, утга уянгатай бичих нь түүний төрөлхийн авьяас билгийн охь, дээж гэлтэй. Монгол хүний эрхэмлэн дээдэлж, сүлдэндээ залсан молор эрдэнээ Чингисийн хүлэг хэмээн өргөмжлөх нь уншигчдын омогшлыг төрүүлээд зогсохгүй, түүхийн улбааг шингээсэн чухаг санааг гаргажээ.

“…Хэрлэнгийн шугуйд далиа сэгсэрсэн өвгөн бүргэд

Хээр талд газардаж, Өгөдэйн бууцанд шингэх эх орон минь юм

Дэлүүн болдогийн оройд азарган чоно улих

Дэргэд суугаа ижий минь Алунгоон сургаал хайлах эх орон минь юм…” гэсэн мөртөөс эх орон хэмээх ойлголт энгийн хэрнээ эрхэмсэг, түүх шаштир нь энэ газар нутагтаа шингэн үлддэг төдийгүй энэхүү ойлголт нь “Чонын улиан”, “Эхийн сургаал”-аар дамжин бидэнд уламжлагдаж, цаашид ч үл тасрах гэгээн, мөнхийн аялгуу юм гэсэн санааг гаргасан бололтой.

“…Нууц товчооны алтан хуудас дэргэтэл янцгаах

Найман шаргын сул намирсан дэл сүүл эх орон минь юм

Нуураа цалгитал ниссэн шувуудын аранзал улаан ганганаа

Намаржаан дээгүүр минь нулимс цэлэлзүүлж буцах эх орон минь юм…”

“…Наран ургах тэртээгээс эцэг минь хөтөлгөө морьтой давхиж

Намрын зүсэрсэн бороо хөх өвгөд шиг минь буцах эх орон минь юм

Дурлан цэнхэр үдэш амрагаа санаж гансрах

Дуран хар нүднийх нь талимаанд буцахаа хүртэл мартах эх орон минь юм…” хэмээн хэтрүүлэл, зүйрлэлийн ур маягийг их чадмаг ашиглан, содон дүрслэл бүтээжээ. Улирал бүхэн л өөр өөрийн онцлог, мөн чанартай бөгөөд хүний сэтгэл ч түүнийг даган хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Ийм ч учраас сэтгэлийн утсыг хөндөн, уярал, бодрол, санаашрал, уйтгар гуниг, баяр баясгаланг мэдрүүлж чаддаг биз ээ.

Намрын улирлын нам гүм, анир чимээгүй яруу найрагчийн зүрхэнд хүрч, сэтгэл санааг нь бөмбөрүүлээд зогсохгүй асар их уярал, ухаарлыг төрүүлсэн нь дамжиггүй юм.

“…Замбуулин цууртал хашхирсан нялх хүүхдийн дуу

Занабазарын урласан Ногоон дарь эх эх орон минь юм

Эрдэнийн хос загас морин хуурын чавхдас

Эхийн сүү нэвчсэн зурхайгаас морьд эргэх эх орон минь юм…”хэмээн зуун зууны туршид өртөөлөн ирсэн өв соёлоо эх орны амин зүрх гэж тодотгоод ерөөс хүн байгалийн хүйн холбоо болоод нандигнан хайрлах, уламжлан хөгжүүлэх учиртайг ч сануулах мэт.

“…Нялхад эцгийн минь үргээсэн сэвлэг үнэрээ гээж

Насны мөнгөн хяруу шанханд минь буух эх орон минь юм

Надад бүтнээр нь өгсөн эрх чөлөөг хязгаарлаж тэнгэрийн зүг одоход

Нар сарны алтан заагаар харвах ганц од эх орон минь юм”

хэмээн хүний амьдралын жам ёсны тухай хийгээд мөнх, мөнх бусын тухай өвөрмөц гаргалгааг харж болох юм. “Насны мөнгөн хяруу шанханд минь буух”, “Надад бүтнээр нь өгсөн эрх чөлөөг хязгаарлаж тэнгэрийн зүг одоход” гэх мэт дүрслэлүүд нь шинэлэг болоод найрагчийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний цар хүрээг илтгэх бөгөөд монгол ухаан, шүлэгчийн ухаарал билээ. Ийнхүү түүний шүлэг бүтээлийг нарийвчлан судлах, түүний сэтгэлгээний ертөнцөд улам гүн нэвтэрч, бүтээлч унших хүсэл төрлөө.

Яруу найраг шимтэн уншдаг, шүлэг зохиол бичдэг, шавь нартаа, оюутан залуус, мэргэн уншигчид Та бүхнийг Норовын Гантулгын “Голын цаана” бүтээлтэй танилцан, “Шувуудаа үгүйлсэн сансрын тойрог зам”, “Ямархан газрын эрх чөлөө”, “Хөхрөгч аглагийн тэнгэр” тэргүүт бүлэг шүлгүүдийг уншин, яруу найргийн тансаг сайхныг мэдэрч, түүний ертөнцөөр аялахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *