Categories
мэдээ соёл-урлаг

Ноос, ноолуурын дизайнерууд ур чадвараараа өрсөлдлөө

Монголын Ноос, Ноолуурын Холбооноос “KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг амжилттай зохион байгууллаа. Уг шоугДэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх Олон улсын худалдааны байгууллагаас Монголын ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, гадаад зах зээлд гарахад дэм үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд шилдэг дизайнеруудын шилдэг бүтээлийг шалгаруулах, тэдний бүтээлийг нийтэд сурталчлах, үйлдвэрлэгч болон дизайны сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ залуу дизайнеруудын авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой ажээ.

Загварын шоунд ноолуур боловсруулах салбарын үйлдвэр, компаниудаас шалгарсан 21 загвар зохион бүтээгч, мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиас шалгарсан долоон оюутан өөрсдийн урласан бүтээлээрээ өрсөлдсөнөөс”Гоёо” компанийн дизайнер Л.Амаржаргал тэргүүн байрт шалгарч дэлхийн дизайны чиглэлийн шилдэг сургуулиудын нэг Лондонгийн Хувцас Дизайны сургуульд дадлага хийх эрхээр шагнагдсан байна. Удаахь байрт “Говь” ХХК-ийн дизайнер Ч.Чулуунцэцэг, “Буян” ХХК-ийн дизайнер Ч. Алтанцэцэг нар шалгарсан бол оюутнуудаас Сити дээд сургуулийн оюутан С.Цэцэгдарь, ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутан Т.Саруул, Б.Одмаа нар эхний гурван байр эзэлжээ.

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн тусгай байрын шагналаар Аяс Кашмир ХХК-ийн дизайнер М.Оюунбилэгийн “Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн”шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Дашрамд дурдахад Монголын Ноос, Ноолуурын Холбооны хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэн АНУ-ын Лас Вегас, Японы Токиогийн “International fashion fair”, Хонконгийн “Cashmere World”, Францын зэрэг гадаадын олон үзэсгэлэн худалдаанд үйлдвэрүүдээ амжилттай оролцуулж, энэ оны есдүгээр сард Нью-Йорк болон Миланы загварын шоунд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг амжилттай сурталчилсны үр дүнд нийт бүтээгдэхүүнийхээ борлуулалт, экспортыг 20 гаруй хувиар өсгөсөн амжилтаар шинэ оноо угтаж байгаа аж. Мөн үндэсний брэндээ олон улсад амжилттай таниулж чадсан Этиофийн туршлагаас судалж, Африкийн гар аргаар хийдэг даавуун бүтээгдэхүүнийг Монголын цэвэр ноолууртай хослуулсан шинэ бүтээгдэхүүн, түүнчлэн Тайландын силктэй хольсон бүтээгдэхүүн гаргахаар хамтран ажиллаж байгаа юм байна.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *