Categories
мэдээ цаг-үе

Номоор баян, хаан түүхч, “Хан шувуу” Ж.Болдбаатарынд өнжлөө

“Номондоо түрэгдээд, эхнэр бид хоёр коридортоо унтах нь холгүй болсон” хэмээн түүхч Ж.Болдбаатар ярьсан. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатарынх үнэхээр их номтой айл байлаа. Зочны өрөөнийх нь ханыг тэр чигтээ номын сан эзэлжээ. “Номынхоо өрөөг дүүргээд, зочныхоо өрөөний ханыг тэр чигээрээ номоор дүүргээд, зусланд социализмын үеийн ном хичнээн хайрцгаар нь аваачиж хаяад ч багтахгүй байгаа” гэж гэрийн эзэн хэлсэн. “Хуучин онол, улс төрийн түүхтэй холбоотой ном их цуглуулж байлаа.

Одоо бол түүхийн бүх чиглэлээр ном цуглуулдаг. Ховор сонин номууд ч байдаг” гэнэ.

Номын тавиурт Ж.Болдбаатар түүхчийн “хуулбар”-ын зураг харагдана. Хальт хараад гэрийн эзний залуугийн зураг юм болов уу гэж бодсон ч ахиулж харвал хүү Б.Гүнбилэгийн “Бидний гарц” хуульчийн эрэгцүүлэл ном хүндтэй байранд заларсан нь тэр байлаа. Хуучны социализмын үеийн сэхээтнүүдийн маягаар амьдардаг айл шиг санагдсан. Том өрөөнд нь номын сангаас гадна ширээ онцгой зай эзэлжээ. Гэрийн эзний ажлын ширээнээс гадна, гэргий яруу найрагч С.Оюунчимэг эгчийн ажлын ширээ, компьютер, зочны ширээ хил залгах. Зочны ширээн дээр мөнгөн аяганууд давхарлан тавьсан байх агаад аяганууд дээр дурсгалын бичээс дурайна. Хажуугийн жижиг өрөөнд бурхан тахил байрлуулсан үзэгдэв. Бурхан тахилын дэргэдээс гэрийн эзэн Чойрын хийдийн Чогчин дуганы хуралд дууддаг бүрээ гаргаж ирж үзүүлсэн. Тэр нь шүр, сувд, номин шигтгэж, мөнгөөр тоноглосон дун байлаа. 1920-1930 оны эд гэнэ.

Алдартай түүхчид өөр ямар цуглуулга байдгийг лавлахад “Базаалттай ч юм биш дээ. Гэхдээ бас хоосонгүй, бага сага юм байдаг. Миний нагац өвөөгийн хонх бий. Хаант засгийн үеийн бирдаан буу худалдаж аваад, ханандаа өлгөчихсөн чинь авгай уурлаад “Хичнээн ч хүний амь хороосон юм билээ” гээд бараг гаргаад хаясан байх аа. Аав нь сүрхий түүхч байсан юм гэнэ лээ, юу үлдээчихсэн юм бэ гэж магадгүй гээд бага сага юм цуглуулж, хүүдээ өгсөн. Тэрнээс биш мундаг цуглуулагч нар шиг биш” гэж хариуллаа.

Биднийг очиход гэрийн эзэн угтсан юм л даа. “Манай хүн дэлгүүр хоршоогоор яваа” гэнэ. Гэргий нь гаднаас ирсэн зочдодоо үйлчлэх ажилтай яваа. Ж.Болдбаатар гуай бидэнд цай аягалж, бууз жигнэн таваглаж, амттай яриагаар дайлав. Тэрбээр хааяа гарынхаа хоолыг хийх дуртай. Их төлөв жинхэнэ монгол лавшаа хийдэг. Хоолны талдаа сүрхий. Дэлгүүрээс юм хум цуглуулах ажлыг би л хийдэг. Дандаа цаас шагайж суудаг хүн өөр орчинд орж байгаа нь тэр л дээ. “Ямар сонин юм бэ, дэлгүүрт явж байх юм. Хэдий завандаа ном бичдэг юм гэж нэг хүн гайхсан. Хэзээ бичдэг гэхээр бодол ханах цагтаа бичдэг. Юм уншаад, эргэцүүлээд, судлаад бодож байтал гэнэт бодол ханадаг. Тэгэхэд л сайхан бичнэ. Тэр их бодолд автаад заримдаа өөр замаар яваад өнгөрчихсөн байх тохиолдол байдаг. Таксинд суухаар жолооч юм ярих гээд би дуугардаггүй, юмаа бодох гээд. Бодол ханах цагт юм бичвэл амжилттай болдог. Тоосноос болоод архивт сууж чадахаа байсан” хэмээн хуучиллаа.

“Замбараагүй их юм бичиж дээ. Хэвлэлийн хуудсаар бол 34-35 мянган хуудас ном бичсэн” гэв. Түүний бичих арга барилыг сонирхлоо. “Сонин юм сонсвол орой нь очоод дор нь тэмдэглэдэг. Сүүлд хэрэгтэй үед сайхан материал болдог. Бичсэнээ хэвлэчихвэл тэмдэглэлээ хаячихдаг гэнэ. Өдрийн тэмдэглэл гадаадад явахдаа л ихэвчлэн хөтөлдөг. “Нэгэн жарны амьдрал” гээд өөрийнхөө амьдралын тухай хоёр боть бичсэн. Тэмдэглэл хөтөлсний үр дүн тэрэн дээр гардаг. Өглөө 4-5 цагт босоод найман цаг хүртэл сууж бичээд, ажилдаа явна. Зав л гарвал бичнэ. Хүмүүс тухалж бичих гэдэг. Би бол чамтай ярьж суугаад, дараагийн хүн таван минутын дараа орж ирэхэд юмаа бичиж л байна. Ямар ч нөхцөлд ажиллаж чадна. Их сургуульд оюутнууд шуугиад, багш нар орж гараад долоон шидийн юм яриад байхад ер саад болдоггүй. Орой гэртээ ирээд хоолоо идчихээд 23 цаг хүртэл бичнэ гэнэ.

Түүхч хүн хэдэн үеэ мэддэг бол хэмээн сонирхлоо.

-Би зургаан үеэ мэдэж байгаа юм даа. Тэрнээс цааш мэдэхгүй. Тэрнээс цааш мэдэх боломж байсан. Яахав “Мунхгийн ухаан үдээс хойш” гэдэг. Хөгшчүүл байхад тэрийг ухамсарлаж чаддаггүй л байж дээ. Манай аав сүрхий хүн байсан л даа. Үүх түүхээ мэдүүлэх гэж оролддог. Дайчин вангийн хошууны хамаг л юм мэддэг гэсэн хөгшчүүлтэй намайг оюутан байхад дагуулж очиж уулзуулж байлаа. Миний нагац өвөө Ёндон гэж хүн байсан. Гавж хүн. Нагац өвөөгөө дагаж, Булганы тэр үеийн том гэсэн лам, гавж нартай, уулзаж яриаг нь сонсч байлаа. Үүх түүх сонирхоход энэ гол нөлөө үзүүлсэн байх. Тавдугаар ангиасаа л би түүхч болно гэдэг дээр баттай зогссон хүн дээ. Намайг тавдугаар ангид байхад эртний дэлхий дахины түүхийг М.Шагдар багш заах гэж орж ирээд, Улс төрийн товчооны гишүүдийг хүүхдүүдээс асуулаа. Би арай том биетэй хүүхэд байсан учраас хойно сууж байсан. Эхний хүүхдүүд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Д.Моломжамц гээд хэдхэн хүний нэр хэлээд, сүүлийн эгнээнд ирэхэд би Улс төрийн товчооны гишүүдийг бүгдийг нэрлэхэд яамдын сайдуудыг асуусан. Хамгийн сүүлд “МУИС-ийн ректор хэн бэ” гэхэд нь Намсрайн Содном гэж хариулсан. Тэгсэн чинь манай багш маш их баярласан. Тавдугаар ангийн сурагч мөртлөө их юм мэддэг хүүхэд байна гэсэн. Тэр нь юутай холбоотой гэхээр манай аавын нөлөө байсан. Аав алба хааж байсан. Нэг их боловсролтой хүн биш л дээ. Бичиг үсэгтэй. Намын үүрийн дарга, сумын орлогч, нэгдлийн дарга хийж байгаад сүүлдээ зүрх нь өвдөөд, юм уншиж чадахаа больж, группт орсон юм. Намайг нэгдүгээр ангид орж уншдаг болсон үеэс авахуулаад, “Үнэн” сонины эхний нүүр, дөрөвдүгээр нүүрийг уншуулна. Би тэрийг нь уншсаар байгаад, сүүлдээ өөрөө сонирхолтой болсон. Тавдугаар анги гэхэд зөндөө л юм уншилгүй яах вэ. Олон улсын байдал долоон шидийн юм уншина.

Би ангийн ахлагч болчихсон. Ангийн дарга хичээл дуусаад багш нарын конторт журнал оруулж өгдөг. Тэгтэл арван хэдэн багш хичээл завсарлаад ирчихэж. Манай М.Шагдар багш намайг магтлаа. Тавын “А-гийн Болдбаатар бол түүхийн том эрдэмтэн болно. Гучин нас гэхэд дэд эрдэмтэн болсон байна. Та нар хараарай гэсэн. Тэрнээс хойш өөр тийшээ хазайгаагүй. Би түүхч болно. Нийгмийн ухааны хичээлд бусдаас сайн байх ёстой гээд хичээдэг. Их сургуулийн түүхийн ангид ороод төгсөөд, яг гучин насандаа түүхийн ухааны дэд эрдэмтэн хамгаалсан. Энэ чиглэлээр тууштай явахад олон сайн багш маань нөлөөлсөн дөө. МУИС-д ороод, Монголын бурхны шашны түүхийн их том мэргэжилтэн, профессор Пүрэвжав багшийг дагаж хоолонд хүрсэн. Пүрэвжав багш намайг архивт их суулгадаг. Багш маань их сонин хүн байсан. Шинжлэх ухааны төлөө хүн гэдэг тийм л байдаг байх. Москвад намайг аспирантурт байхад хоёр, гуравхан өдрийн хуралд оччихоод, зав зайгаар нь Лениний номын санд суугаад, бусад ирсэн улсууд нь дэлгүүрээр гүйдэг байсан. Эрдэм номд хачин их шуналтай. Тэр үлгэр жишээ намайг гайгүй түүхчийн замд ороход их нөлөөлсөн дөө хэмээн хуучилсан.

Хамба лам шиг төрхтэй харагддаг Ж.Болдбаатар гуай ийм тодорхойлолтыг уриалгахан хүлээж авав.

-Намайг 1992-1994 онд УИХ-д сууж байхад сэтгүүлчид төрх байдлаар маань шигтгээ хийж шоглоно. Батбаяр гэдэг сэтгүүлч харсаар байтал асар том ламын сүнс байх гэж бичиж байсан. О.Дашбалбар “Таныг харахаар том лам хүн санагдаад байдаг” гэж хэлсэн. Тиймэрхүү төрх байдаг юм байлгүй. Намайг дунд сургуульд байхад ангийн Лувсанням гэдэг хүүхэд гавж гэдэг байсан хэмээн хуучлав.

Алдарт түүхчийн гэргийтэйгээ танилцсан түүх уншигчдад маань ч сонин байх болов уу.

-Эхнэртэйгээ МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Марксизм, Ленинизмийн кабинетад ном уншиж байгаад танилцсан. Их сургуульд хэдэн залуу багш байлаа. МАХН-ын дарга байсан Б.Даш-Ёндон, сүүлд дэд доктор болсон Хүрэлбаатар, Гаваа гээд хэдэн залуу багштай найзууд л даа. Хуулийн ангийнханд бид хоёр дахь жилдээ л багшилж байсан юм. Хичээл завсарлаад ороод иртэл найзууд маань “Хуулийн нэгдүгээр курст танай Булганы нэг охин байна. Эвлэлийн XVI хурлын төлөөлөгч, сая факультетийн Эвлэлийн хорооны даргаар сонгогдсон. Тэр охиныг авч өгнө” гэлээ. Тэр нь манай хөгшин л дөө. Тав, зургаа ах юм чинь намайг хөгшин гээд тоохгүй ш дээ гэсэн чинь “Яг таарна” гэцгээсэн. Марксизм, Ленинизмийн кабинетийн эрхлэгч Цэрэн багш “Орой болгон манай энд суудаг юм. Чи одоо суу” гэсэн. Тэгээд тэнд сууж байгаад танилцаж, орой гэрт нь хүргэж өгдөг болсон. Хоёдугаар курст байхад нь гэр бүл болсон л доо. Гуравдугаар курст анхны охинтой болсон. Том охин маань Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багшилдаг. Хүү маань Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч доктор, Гүнбилэг гээд залуу байна. Хоёр хүүхэдтэй. Манайх хүргэн бэр, ач зээтэйгээ нийлээд 11 болж байх шив дээ. Миний нандин эрдэнэ болсон хоёр ач, гурван зээ байна. Анх бид хоёр их сургуулийн оюутны байранд тусдаа гарч байсан. Манай хүн буцалж, бургилсан зантай. Би бол хүлээцтэй, тийм нөхцөлд тохирдог шиг байгаа юм. Хоёр тачигнасан хүн тохирдоггүй, хоёр налайсан хүн чинь бас амьдрал нь явдаггүй. Буцалж бургилж явдаг зан нь намайг ирлэж өгсөн байх л даа гэж Ж.Болдбаатар гуай хуучлав.

Түүхээр амьсгалсан энэ хүнээс шүлэг төрдөг болов уу гэж бодогдлоо. “Юмны халгиа цалгианд залуу насандаа шүлэг бичих явдал байсан. Гэхдээ бараг хэвлүүлж байгаагүй. Ном, багшдаа зориулж шүлэг бичиж байсан гэнэ. Гэхдээ л энэ гүндүүгүй томоотой эр “Бурханы мэлмийтэй бүсгүй”-н тухай шүлэглэсэн удаатай.

Эр дунд насандаа эрхлэн энхрийлүүлэхийг хүслээ.

Насны намбаа бодохоор наалинхай байхын аргагүй

Бууравчлах насанд учирсан

Бурханы мэлмийтэй бүсгүй минь гэсэн үгс эр хүний эмзэг сэтгэлээс хөвөрсөн уянга. Хэнд зориулсан юм бэ гэж хэрэгт дурлахад маань “Зүгээр л нэг тийм сэтгэгдэл орж ирэхгүй юу даа” хэмээн булзааруулав. Бурханы мэлмийн тухай тодруулахад “Дарь эхийн царайтай бүсгүй гэсэн үг” хэмээн инээсэн.

Түүний гэргий яруу найрагч С.Оюунчимэг үнэхээр сайхан хэдэн дуутай.

Буцлаа ч ирлээ ч надад хоргодсон хан шувуу

Буулаа ч нислээ ч чамайг хайрласан хатан шувуу хэмээн сэтгэлд хоногшсон үгтэй түүний “Хан шувуу” дуу Ж.Болдбаатар гуай шиг монгол эртэй ханилсан бүсгүйгээс л төрдөг болов уу хэмээн санагдсан.

Ж.Болдбаатар гуай Монголын түүхийн архив болсон хүн. Харин өөрөө энэ тухайгаа “Монголын түүхийн бүх үеэр бага ч болсон судалгаа хийгээд, ярьдаг, бичдэг. Сүүлийн жилүүдэд ялангуяа улстөрчийн хөрөг, намтар судлалын чиглэлээр нэлээд бичиж байна. Их Монгол Улсын үе, Чингис хааны үе, XX зуун, Монголын төр эрх зүйн түүхээр голлож ажилладаг.

1991 оны нэгдүгээр сард доктор хамгаалаад ирсэн чинь Булган аймгийнхан цугладаг юм байна. Цуглаад гараад явж байсан чинь Гаадамба багш таарч баяр хүргээд, нэг хачин үг хэлэхгүй юу. “Болдбаатар, доктор болох яах вэ, доктор байх хэцүү шүү” гэсэн юм. Тэгэхэд Гаадамба багш доктор хамгаалаагүй, дэд эрдэмтэн байсан. Би залуу ч байж, юу гэж байгаа юм бол гээд онцгүй сэтгэгдэл төрж байснаа гэнэт ухаарсан чинь мундаг үг хэлсэн байна лээ. Би намын түүхийн сэдвээр хамгаалсан. Намын түүх шинжлэх ухаанд ялгаагүй хэрэгтэй. Гэхдээ эргэцүүлээд бодсон чинь Монголын түүхийн бүх үе дээр миний багш нар, алдарт эрдэмтэд эзэн суучихсан байгаа юм ш дээ. Тэр талын судалгаа хийж байгаа хүн тэдний юмыг харахгүйгээр явахгүй. Тийм юм надад хэрэгтэй болсон. Ингээд үзсэн чинь Монголын төр эрх зүйн түүхийг бүхэлд нь хамарсан зохиол байгаагүй. Тэрнийг барьж авах гэсэн чинь эрх зүйн мэдлэг дутаад болдоггүй. Өөрийн шавь, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд хэллээ. “Эрх зүйн талыг нь чи дэмжээд, хоёулаа “Монголын төр эрх зүйн түүхийн ном бичье” гэсэн. Тэгээд хоёулаа зориглож ороод,”Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал” гээд нэлээд том ном бичсэн. Энэ ном гарсан цагаасаа хууль, эрх зүйн ангийн оюутнуудад сурах бичиг болж байна л даа. Одоо бол Монголын төр эрх зүйн түүхээр ажиллаж байгаа хүн бид хоёрын судалгаан дээр улбаалахгүйгээр явахгүй. Ингэж өөрийнхөө замыг олж авсан. “Вопрос историй” гэж сэтгүүл уншиж байсан чинь Гуриевич гэдэг хүн түүхэн хүн судлалын тухай бичиж л дээ. Түүхийг бичнэ гэдэг чинь түүхэн том хүмүүсийг нарийн судалж байж, үнэн зөв гардаг. Тэгээд би намтар судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж, ерээд онд УИХ-д сууж байхдаа ч А.Амар сайдын тухай, Бага хурал болон Их хурлын тэргүүлэгчдийн дарга байсан Г.Бумцэнд гуай, Намын төв хорооны нэгдүгээр дарга байсан Д.Дамба гуайн тухай хэдэн товхимол бичээд, түүнээс хойш хүн судлалын чиглэлээр тасралтгүй бичсэн. Одоо түүхэн хүн судлалын чиглэлээр бичиж байгаа хүн намайг ишлэх болно. Өнөөдөр намайг Монгол дахь түүхэн хүн судлалын загалмайлсан эцэг гэж хэлж байгаа хүн ч байдаг. “Монгол түмний сод хүмүүс” гээд 12 боть ном хийхээр бодсон. Тав зургаан боть хэвлэгдээд байна гэж түүхч ярилаа.

Түүхэн хүмүүсийн намтар бичдэг түүнтэй Монголын түүхэнд үлдсэн хүмүүсийн хувийн амьдралын тухай хөөрөлдсөөр сүүлдээ Богд хааны үр удам, амраг сэтгэлийн тухай ярианд шилжив. Мань түүхч “Богд хаан Дондогдулам хатнаас өмнө, Норов хатнаас нэг охинтой байсан” хэмээн хуучилсан нь цочир сонин байлаа. “Цэрэндорж гүнгийн хатанг залуудаа эргүүлээд, сүүлдээ бөөн зарга болжээ. Норов хатанг нөхрөөсөө салсан хойно нь Богд өөрийн ордны урлал, хувцас хунар хариуцдаг ажилд авчээ. Шаравдоо гэдэг донир Норов хатантай учир ургуулаад, улсууд тэр тухай Богдод хов хэлсэн чинь Шаравдоог нь зуу ташуурдаад, Богдын ордноос холдуулсан юм байж. Тэгээд ийм дуу гарсан байгаа юм хэмээн хуучлангаа

Цагаан шаазанг цавтай байвал

Цайгаа уухаа болих уу даа хө

Цааз хууль нь чанга байвал

Норовтой уулзахаа болих уу даа хөхэмээн эвлэгхэн аялав. “Одоо бол миний хоолой байхгүй болж, тэрнээс биш залуудаа дажгүй дуулчихдаг байсан юм. Гэхдээ би жигтэйхэн саваагүй хүүхэд байсан юм шүү дээ. Биеийн тамирын уралдаан тэмцээнд гүйж л явна, урлаг уран сайханд гүйж л явна, нийгмийн янз бүрийн арга хэмжээнд гүйж л явна. Ёстой хэнхэг хүүхэд байсан. Ямар сайндаа Сурагчдын зөвлөлийн дарга болчихоод наймдугаар ангид байхдаа, сургуулийн хоёрдугаар давхарт бүх сурагчдыг цуглуулаад, дунд нь ширээн дээр гарчихаад үг хэлж байсан хэмээн дурсав.

Гэргий С.Оюунчимэг эгч гаднаас “Шоппинг хийх чинь миний ажил биш юм аа” гэсээр орж ирлээ.

-С.Удвал багш “Зүүний үзүүр элээхээс өмнө, хэдэн үзэгний хошуу элээсэн хүн дээ” гэдэг шиг би бол наймаанд сонирхолгүй ч хүн юм гэж тэр хэлэв.

-Огурцы, помидор байгаа шүү дээ өвгөөн, гэж түүнийг хэлэхэд нөхөр нь

-Тэрнийг чинь эрээд олдоггүй гэсэн яриа гэр бүлийн хоёрын дунд өрнөв.

“Ж.Болдбаатар гуай зөөлөн хүн шиг харагддаг. Гэртээ чанга дуугарах үе байдаг уу” гэж гэргийгээс нь асуувал “Хүн л юм чинь байлгүй яах вэ. Хий гаргалгүй яах вэ дээ. Маршал унгадаг юм байна гэдэг шиг юм болох нь шив дээ” гэж байна.

-Би ер нь одоо эргээд бодоход маш их зарагдсан хүн. Анх энэ хүнтэй нийлэхэд Болдоогийн удаах дүү багшийн дээдийн оюутан байсан. Манайд амьдарч байгаад төгссөн. Түүний дараагийнх нь хамт амьдардаг байлаа. Түүний дараагийнх нь ч бас. Манай хадам найм, арав төгсгөдөг. Бид хоёр амьдралд хүргээд авгай аваад манайхаас гардаг. Зарим жил манайд таван хүүхэд суусан удаа байсан. Манайх арван хэдэн жил оюутны байранд байв. Хүүгээ таван нас хүрэхэд улсын байранд орсон доо. Манай хоёр хүүхэд оюутны байранд өссөн. Жижигхэн өрөөнд тэр олон хүн амьдраад байдаг. Гэхдээ манай хэдэн дүү нар дуулгавартай хэмээн эзэгтэй хуучиллаа.

“Нөхрөө анх харахад ямар залуу санагдсан бэ” хэмээн хэрэгт дурлахад маань “Энэ хүн л намайг сонгосон байх, би лав сонгоогүй. Эдний аав ээж хоёр аймагт манайд очиж хадаг тавьсан юм билээ. Ээж маань “Өндөр шар хүн, намхан шар авгай хоёр ирээд хадаг тавиад явлаа, ямар учиртай юм бэ” гэж байсан. Манай буурай аав уншлагатай. Би буурай аав дээрээ өссөн. Аавын маань ээж 82 хүрсэн. Нөгөөдүүл чинь ламаас асуужээ. Би бол Ж.Болдбаатар гэж хүний тухай асууна даа. Тэр хөгшчүүл харин “Жигжидийн гэдэг айл хэр нуруутай вэ” гэж асуусан юм байна. Буурай ээж маань “Эрэгтэй тал нь амны хишигтэй айл байна” гэж ирсэн. Тэгээд боломжийн гэж үзсэн юм байгаа биз дээ. Хадам ээж ирээд явахдаа Болдоод “Айлын эрх охин гэсэн шүү, сайн хувцаслаж байгаарай” гэж хэлсэн гэдэг. Гуйгаад очихоор нь манай ээж “Ээ бурхан минь ээ, тэр хүүхдийн толгойг бид нар мэдэхгүй. Хоёр хөгшин нь өсгөсөн, зоргоороо хүн шүү. Та нар эрхлүүлж чадах юм болов уу даа” гэж л дээ. Манай ээж айлын ганц охин. Би дөрөвдүгээр анги төгстөлөө буурайгийнхаа нуруун дээр өссөн хүн дээ.

Манай аав намайг нөхөрт гарахад гурван юм захисан юм. Н.Жанцанноровын Уугантуяа хуримаа хийхэд П.Очирбат гуай, Ш.Цэвэлмаа эгч бид хэд нэг ширээнд таарлаа. Намайг үг хэл гэхээр нь аавынхаа захисныг хэлээд өнгөрсөн. Ноднин Х.Уртнасан эгчийн 70 насны ой боллоо. “Инээмсэглэл”-ийн Ч.Ганболдын авгай “Би таны хэлсэн үгийг мартахгүй, бодож явдаг” гэлээ. Би чиний ухаан санаад оршихоор юу хэлсэн юм бэ гэсэн чинь. “Та Уугантуяагийн хуриман дээр нэг үг хэлсэн дээ” гэсэн. Тэр нь аавын маань захисан үгийг хэлж байгаа нь тэр. Нэгдүгээрт, эр хүн эрэл сурал, наймаанд хэд хоногоор ч яваад ирж болно. Өөрөө л хэлэхгүй бол хаашаа яваад ирэв гэж битгий асуу. Хэзээ ирэх вэ гэж битгий асуу. Эр хүн цалин дээрээсээ хоолны мөнгө өгнө. Тэрийг нь хүргэ. Түүнээс эр хүний хэтэвчийг битгий ухаж бай, хэрүүл үүснэ гэсэн. Эмэгтэй хүн өөрийн хөрөнгөтэй байх ёстой. Би бол угаасаа үнээ малтайгаа ирсэн хүн л дээ. Аав маань бас “Эр хүнд торгон өмд өмсгөж бай” гэсэн. Манай аав агент байсан хүн л дээ. “Торгон өмд өмсгөж бай” гэсэн чинь П.Очирбат гуай “Оюунаа чи бод доо. Торгон өмд өмсдөг эр нэг муу бахиал хөлдөө шаах уу даа. Лут эр явжээ, танай аав” гэсэн юм. Аав, ээжийн сургаал миний амьдралын философийг бий болгосон. Нагац эмээ маань цай дэврэхээр “Ээ, шүтээн минь” гэдэг. Миний “Ээж шүтээн” гэдэг анхны дуу маань эндээс эхтэй. Хүн чинь уулга алдахдаа хүртэл гоё үг хэлэх ёстой юм байна. Үр хүүхэд нь сонсоод л үлддэг. Сэтгэлийн халуун угт тэр хүний ярьж хэлж байсан үг л үлддэг хэмээн С.Оюунчимэг эгч ярилаа.

“Та тэгээд аавынхаа хэлсэн захиасыг биелүүлсэн үү, нөхөртөө торгон өмд өмсүүлсэн үү” гэчихэв. “Энэ нөхөр юу гэж торгон өмд өмсөх вэ дээ. Болдоо бол маш гоёмсог, дээд зэргийн костюм өмсөнө шүү дээ. Сонинд өөдтэй өгүүлэл ч бичээгүй хүнтэй сууж байсан. Ер нь хүнийг хажуудах нь өрөмдөж, хөгжүүлж байж өөдтэй явдаг. “Залуучуудын үнэн” сонинд “Зоригийн хүмүүжил” гэдэг өгүүлэл надтай суусныхаа дараа л бичсэн хэмээн гэргий хэлсэн. Эзэгтэй биднийг сайхан айргаар дайллаа. “Одоо хэр нь Булганы Могодын айраг салахгүй. Өвөлжингөө айраг ууна. Сайхан амьдарна гэдэг санааных” гэж тэр хэлсэн юм. “Би заримдаа шөнө босоод шүлгээ бичдэг. Нөхөртөө өглөө болгон шинэ хоол хийж өгнө. Бид хоёр тав хагас гээд босдог” гэсэн.

Тэрбээр “Манай өвгөн насаараа нарийн бичигтэй явсан хүн. Компьютер шагайж хараагаа муутгахгүй, дандаа гараар бичдэг” хэмээн тайлбарлав. Эзэгтэй долоо хоногт нэг удаа бүжгэнд явдаг, нөхөр нь ч Орост төгссөн учраас сайн бүжиглэдэг байж.

Гэрийн эзэн цанын улсын нэгдүгээр зэргийн тамирчин явжээ. Боксоор хичээллэж байсан удаатай гэнэ. Эхнэр, нөхөр хоёрыг нэг орой харьж явтал хэдэн залуу замыг нь хааж, нэг нь “Зогс буудлаа” гэж л дээ. Нөхөр нь сүрдүүлэгчийг цохиод унагачихсан түүхтэй. Нөхрөө академич, том түүхч эрдэмтэн болгож “зэрэг нэмэхэд” ар тал нь болж явсан энэ эмэгтэйд ч бас тэвчээр шаардсан өдрүүд байжээ.

Нөхрөө, аспирантур, докторт сурч, олон жилээр харьд суух хооронд хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх үүрэг гэргийд ногдсон. Ямар сайндаа хүү нь багадаа “Ээж ээ, аав энэ шинэ жилээр гэртээ байх болов уу” гэж асуусан удаатай.

Эзэгтэйг багад буурай аав, ээжийнхээр нь хүүхдүүд орж гарах дуртай байжээ. Одоо ч С.Оюунчимэг эгч олонтой явдгаа “Буурай аав, ээжийнхээ буяныг хариулж байна гэж боддог” гэнэ. “Мартсан тус хүнд буян болж ирдэг” гэж буурай ээж нь хэлдэг байж. Цагаан сарын бэлтгэлээ хэдийнээс хийдгийг нь сонирхоход “Цагаан сар дуусаад л цагаан сарынхаа бэлтгэлийг хийж эхэлдэг” гэж хариулсан юм.

Харин Ж.Болдбаатар гуайгаас дуурь, кино жүжиг үздэг үү хэмээн асуухад “ Дуурь их үздэг, бөхийн хорхойтон байлаа. Бурхан багшийн өгсөн цаг, томилолтын хугацаа цөөхөн үлдсэн. Одоо цагаа хайрлаад, элдэв юманд цаг гаргаж чадахаа байсан гэлээ. Тэрбээр жилд хоёр боть ном гаргах зорилготой яваа. Түүнтэй ярилцахыг хүсэхэд маань эхэндээ завгүй гээд байсан юмсан…

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *