Categories
мэдээ нийгэм

Номын өдөрлөг болж байна

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас “Номын өдөрлөг”-ийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

“Номын өдөрлөг”-ийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ “Төрийн дээд институциуд, төрийн албан хаагчдад шинээр хэвлэгдсэн ном товхимлуудыг суртачлан танилцуулах зорилгоор УИХ-ын Тамгын газраас санаачлан Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, номын худалдаа эрхлэгч, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газруудтай хамтран 5 дахь жилдээ энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байгаа”-г онцлов.

Энэ хүрээнд Америкийн Монгол судлалын төвөөс англи хэлээр хэвлэгдсэн хууль эрх зүй, эдийн засаг, маркетинг, менежмент болон бусад шинжлэх ухааны 163 нэрийн 430 гаруй номыг УИХ-ын Тамгын газрын номын санд хандивлалаа.

Америкийн Монгол судлалын төвийн Монгол дахь суурин захирал Марк А.Тассэ энэ үеэр Монгол Улс бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо болон дунд сургууль төгсөгчдийн тоогоороо дэлхийд дээгүүр ордог болохыг онцлоод, тус төвөөс сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын 500 гаруй номын санд 60.000 гаруй ном хандивлаад байгаагаа танилцуулсан юм.

Төрийн ордонд болж буй “Номын өдөрлөг”-т хэвлэл, номын худалдаа эрхлэгч 9 байгууллага оролцож, шинээр хэвлэгдсэн ном товхимлуудаа танилцуулж байна.

1995 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас /ЮНЕСКО/ дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэж иржээ. Энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, олон нийтэд ялангуяа хүүхэд залуучуудын дунд ном уншихын ач холбогдлыг суртачлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор дэлхийн 100 гаруй орон тэмдэглэдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *