Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Зам” хэмээх номын тухайд DNN.mn

Японы алдартай, томоохон корпорациудын нэг бол гарцаагүй “Панасоник”. “Панасоник” гэх том эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ гэх эрхмийн “Зам” хэмээх номыг О.Жаргалсайханы орчуулгаар “Монсудар”-аас эрхлэх гаргасан юм. Төдийлөн сонирхол татахгүй мэт санагдаж болох уг номыг нээгээд эхний хуудсыг эргүүлэхэд л эрхгүй бүгдийг нь уншмаар сэтгэгдэл төрөх болно.

“Хувь заяагаа ярж нээхүйн тулд”, “Шийдвэр гаргах цаг дор”, “Бэрхшээлтэй тулгарах үед”, “Өөртөө итгэх итгэлээ алдсан үед”, “Ажил хэргийг улам сайжруулахын тулд”, “Бизнесээ улам илүү тэлэхийн тулд”, “Үнэ цэнтэй амьдралаар амьдрахын тулд” зэрэг бүлгээс уг бүтээл бүтнэ. Ямар ч хүний амьдралд тулгардаг саад бэрхшээл, түүнийг даван гарах тэнхээ, амьдрахуйн мөн чанар, цаг тутам тохиолддог шийдвэр гаргахуй гээд олон олон зүйлсийг энэ номоос уншиж болно.

Хүн бүхэнд оногдсон, зөвхөн тэр хүн л туулан өнгөрүүлэх зам гэж буй. Тэрхүү зам өргөн цэлгэр, бас яаж явах билээ гэмээр нарийхан давчуу байж болох ч зөвхөн та л тэрхүү замыг туулан гарна. Бэрхшээл хүндрэлтэй таарах аваас шантарч буцах биш, харин яаж ийгээд зогсохгүй алхах л хэрэгтэй. Танаас өөр хэн ч явахгүй тийм л чухал зам учраас. Зам хэдий алс хол мэт бодогдовч урагш тэмүүлэн алхсаар байвал шинэ зам нээгдэнэ. Зоригоо чангалах аваас хөгшин залуугийн ялгаа үгүй зам нээгдэж байдаг. Хүний амьдрал гэдэг өдөр өдрөөр үхэл рүү хүрэх аян зам гэж хэлж болох байх. Энэхүү аян замыг хэн ч өөрчилж үл чадна. Тиймийн учир гагцхүү хүн л энэ бол байгалийн хууль мөн гэдгийг мэдэж, аян замаа цэгцэлж чадах юм.

Энэ номонд нэг сонин санаа байсан нь “Сүрхий хүн өдөрт гурав холбирдог”. Өнгөц ойлговол барьцгүй, хэлсэндээ хүрдэггүй хүн гэж бодогдохоор. Тэгвэл уг утгыг нэг өдөрт гурван удаа санаа сэтгэл хувирна гэдэг нь тэр хэрээр шинэ зүйлсийг харж, гаргаж ирдэг болохоор сүрхий хүн гэгдэх учиртай хэмээн тайлжээ. Асуудлыг тал талаас нь харж нягтална аа гэсэн үг байх нь. Хүний амьдралын нэн чухал үеүдийн нэг бол гарцаагүй шийдвэр гаргах. Одоо яах билээ, яг аль нь зөв байх бол, энүүгээр үү, түүгээр нь үү гээд эргэлзэж тээнэгэлзэх явдал түмэн удаа тохионо. Яг ийм үед хамгаас чухал нь шийдвэр гаргах. Та бурхан биш учраас гаргасан шийдвэр ямар ч байж болно. Шийдвэр гаргахын эрхэмсгийг тунгаан бодууштай гэж бас энэ номонд байна. “Тушаал буулгахуй” хэмээх дэд хэсэгт… “Өөрийнхөө ингэмээр байна, тэгмээр байна гэж бодогдсон зүйлээ тушааж, тушаал ёсоор хүн нь хөдөлж эхэлнэ гэдэг ажил төрөлд тун чухал хэдий ч тушаал зааварт дасаад тушаахгүй л бол хөдлөхөө байвал туйлын бэрх билээ. Яг ийм нөхцөлөөс хөгжил дэвшил үл төрнө.”Иймийн учир тушаал буулгахаас өмнө эхлээд заавал хүний хэлж ярихад чих тавин сонс. Сонсохын хажуугаар бас асуу. Харилцан хүлээн зөвшөөрөлд хүрч байх аваас амжилт аандаа ирэх ажээ.

Я.БАЯРБААТАР

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *