Сүүлийн үеийн зөгнөлт зохиолууд үнэхээр яаж хүний санаанд тийм зүйл ордог байна аа гэмээр супер зөгнөлүүдтэй болж байгаа. Шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудын зарим нь үнэхээр л хүний бодол санааны хил хязгаарыг давчихсан гэмээр. Тэдгээрийн нэг нь Филип Рийв гэдэг зохиолчийн “Үхлийн хөдөлгүүр” хэмээх дөрвөлсөн зохиол юм. Энэхүү зөгнөлт зохиолыг саяхан “Монсудар” хэвлэлийн газраас орчуулан гаргаж, уншигчдад хүргээд байна. Номын үйл явдал тун сонирхолтой. Одоогоос 900 орчим жилийн дараахь үйл явдал өрнөнө. Ирээдүйд дэлхий дээр “60 минутын дайн” гэгдэх цөмийн аймшигт дайн болох бөгөөд уг үйл явдлаас үүдэн дэлхийг тэр аяар нь экологийн сүйрэл нөмрөн авчээ. Геологи болон экологийн сүйрлээс амьд үлдэгсэд амьдрахын тулд тэр чигээрээ шахуу нүүдэлчид болон өөрчлөгдөнө. Гэвч энгийн морь малаар биш, асар том дугуй, хүчит хөдөлгүүр бүхий машин дээр хотыг бүтээн байгуулжээ. Хөдөлгүүр бүхий том хотууд дэлхийгээр хэсүүчилж, бусад жижиг явдаг хотуудыг ангуучилна. Ангуучилсан хотуудынхаа хүн амыг олзолж, харин залгиулсан хотыг нь өөрсдийн аварга хөдөлгүүрийг тэжээх түлш болгон ашиглана.
Зохиолын эхэнд нүсэр том явагч хот болох Лондон “Салтуко” гэх нэртэй жижиг хотыг хөөн барьж залгиж байгаагаар эхэлнэ. Аварга том Лондонд залгиулж байгаа жижиг хот болох Салтукогийн нэгэн оршин суугч нь Хестер Шо юм. Түүний цорын ганц зорилго нь ээжийг нь хөнөөсөн геологич Валентинийг хөнөөх. Харин өстөн дайсан нь Лондонд эрх мэдэл бүхий нэгэн болжээ. Нэгэнт Лондон гэх аварга явагч хот дээр ирсэн тэрээр Валентинаас өшөөгөө авахыг завдах үеэр түүхч Том гэх залуу түүнд саад болсноор зохиолын үйл явдал өрнөнө. Өшөөгөө авах нь бүтэлгүй болсон Шо Лондонгоос зугтах боловч түүнд саад болсон Томыг ч мөн тэндээс хөөнө. Ингээд Шо болон Том нар амьд үлдэхийн тулд хамтрагчид болохоос аргагүй боллоо. Харин Валентин хэзээ нэгэн цагт Шо-г эргэж ирэхийг мэдэж байгаа учраас түүнийг хөнөөлгөхөөр “дахин амилагч” буюу хүн төрхтэй Шрике гэх киборгийг илгээнэ. Киборг нь хагас хүн хагас робот гэхэд болно. Гэтэл олон жилийн өмнө Шо-г үхлийн ирмэг дээр байхад амийг нь аварсан киборг одоо аварсан хүнээ хөнөөхөөр араас нь ангуучиллаа. Том болон Шо нар ангуучаас зугтаж явсаар Андэр Фанг хэмээх тунчиг найрсаг авч эрэн сурвалжлагдаж байгаа нисгэгчтэй танилцан, Лондон руу дахин нэвтрэх арга замыг эрэлхийлнэ. Фангийн тусламжтайгаар Лондон руу нэвтрэх хамгийн боломжтой Эйрхевен буюу агаарт байх нисдэг бааз дээр очлоо. Гэсэн ч мөнөөх ангуучлагч киборг араас нь ирж нисдэг бааз дээр жижиг тулаан болж, улмаар мөнөөх бааз сүйрэх болно. Ийнхүү ер бусын адал явдлууд “Үхлийн хөдөлгүүр” хэмээх зохиолд өрнөнө.
Ер нь уг зохиолын гол цөм нь Лондон бөгөөд инженерүүд хотыг оршин тогтноход хэрэгцээт бүхнийг хийх ёстой. Хөдөлгүүрт Лондонгийн хамгийн дээд талд жаран минутын дайнаас үлдсэн цорын ганц барилга болох Сент Паулын сүм оршино. Уг сүмд зохиолын эсрэг талын баатар болох Валентин хуучны супер технологийн “Медуза” гэх аймшигтай, ер бусын хүчтэй зэвсгийг ашиглан дорно зүгийнхэн рүү дайралт хийхээр бэлджээ. Тэрхүү зэвсгийг зогсоох цорын ганц боломж гол баатар Хестер Шо-д ээжийнх нь үлдээсэн бичил чипэнд л бий. Аварга Лондон явсаар дорно зүгийн бат бэх хамгаалалт болох Гомпагийн бамбай хана цайзад тулж, уг цайз руу мөнөөх хөнөөлт зэвсэг “Медуза”-гаар буудан ханыг үндсэндээ сүйрүүлнэ. Хоосон хөндий хэрнээ аюул заналаар дүүрэн ирээдүйн тухай, явагч хотуудын тухай ер бусын сэтгэмжээр бичигдсэн “Үхлийн хөдөлгүүр” зохиолын тухай товчхон өгүүллээ. Харин энэ зохиолыг нэг уншаад эхэлбэл дуусгаж байж л сэтгэл амрах болов уу.