Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Үлдэх үү, эсвэл…

Америкийн уран зохиолч Гэйл Форманы шүүмжлэгчдийн дунд чамгүй нэр хүнд хүлээгээд буй “Үлдэх үү, эсвэл…” хэмээх туужийг энэ удаа онцолж байна.

Мияа бүхий л зүрх сэтгэлээ морин хийлдээ зориулсан, ирээдүйд алдартай хөгжимчин болохыг мөрөөддөг жирийн нэгэн охин. Гэхдээ түүнийг бас ч жирийн гэж хэлж болохгүй мэт. Тэрээр өөрийгөө гэр бүлийнхээ бусад гишүүдээс сонирхлоороо ч, зүс царайгаараа ч ер нь бүх юмаараа огт өөр гэдгийг мэддэг. Аавынх нь үсний этгээд хачин стиль, ээжийнх нь сонсдог цахилгаан гитар түүний бага наснаас дасал болсон зүйл хэдий ч тэрээр үүнд хэзээ ч татагдаж байсангүй. Гэр бүлд нь түүнийг хэн ч ойлгохгүй мэт, өөрийгөө магадгүй төрөх эмнэлэгт солигдчихсон юм уу, харь омгоос олдсон мэтээр төсөөлдөг. Түүнийг жижигхээн биендээ томоос том морин хийл бариад суухад рок гэр бүл нь шоолон инээдэг байв. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг сонгодог хөгжим сонсдог даруухан охинд сургуулийнх нь төгсөх ангийн сурагч, хүчээ авч буй рок хамтлагийн гоцлооч хөвүүн сэтгэл алдран дурлана. Рок найз хөвгүүнтэй болсны ачаар тэрээр ойлголцдоггүй байсан гэр бүлийнхэндээ өөрийгөө бага ч гэсэн хамааралтай юм байна гэдгийг мэдрэх болно. Хайртай залуугийнхаа тусламжтайгаар амьдралын эгзэгтэй асуудлуудын учрыг аажим, аажмаар тайлж, хайр дурлалын жинхэнэ амтыг мэдэрч, морин хийлийн хүссэн сургуульдаа орохын өмнөхөн түүний мөрөөдөл, ирээдүй гээд бүх зүйл нь нэг л агшинд үгүй болдог.

Гэр бүлээрээ авто осолд орж аав, ээж, дүү нар нь бүгд амиа алдах бөгөөд Мияа л амьд, үхсэний завсар ухаангүй хэвтэж үлдэнэ. Үхэл амьдралын зааг дээр байгаа Мияагийн сүнс эмнэлгийн орчинд бодит ертөнцөөр эргэлдэхдээ аав, ээжийгээ үхсэн гэдгийг олж мэдэх бөгөөд энэ л үедээ амьдралын утга учир, үнэ цэнийг таньж эхэлнэ. Тэрбээр сүүлчийн найдлага тавин хүлээж байсан дүүгээ ч алдсаныгаа ойлгоно. Мияад энэ амьдралд үлдэх шалтгаан үгүй мэт байлаа. Гэвч тэрбээр тийм хурдхан нөгөө ертөнц рүү явчихыг хүссэнгүй. Амьдралд үлдэх шалтаг, шалтгаан байхгүй боловч нэг л зүйл түүнийг хойш нь татаж байв. Түүнийг дэлхий ертөнцөд торгоож авч үлдэх хүч бий болов уу?

Нэг л мөчид хамаг бүхнээ алдаж, үхэл амьдралаас хавьгүй хялбар санагдах үед итгэл хүч өгөн амьдралд хөтөлж буй анхны ариухан хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлийн талаар өгүүлэх энэхүү ном нь дэлхийн олон орны өсвөр насны хүүхэд залуусын унших дуртай ном болоод байна. Энэхүү туужаар хийсэн “If I stay” нэртэй уянгын кино ч кино шүүмжлэгчдийн сайшаалыг хүртжээ. Өсвөр насныхан болон томчуудын хоорондын энгийн хэрнээ эгзэгтэй, сэтгэл татам мөчүүдийг гайхалтай урнаар харуулж чадсан “Үлдэх үү, эсвэл…” ном нь хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа санаа тавьдаг орчин цагийн ээж аав, эмээ өвөө нарын унших номын нэг юм.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *