Майн Ридийн “Тэнгисийн чоно” гэдэг номын тухай ярья. Сүүлийн үед Майн Ридийн номыг олноор нь орчуулан гаргаж байна. Хүмүүс ч үүнийг сонирхон унших дуртай байдаг. Яагаад гэвэл Майн Рид зохиолоо маш сайн бодож бичдэг юм. Түүний номын үйл явдал их үнэмшилтэй, нэг үйл явдлаас нөгөө үйл явдалд шилжихдээ яах аргагүй л жамаараа явагдаж байгаа мэт уншигдаж байдагт онцлог нь байдаг. Майн Ридийн номыг манайхан аль социализмын үеэс уншиж ирсэн. Гэхдээ тэр үед маш цөөхөн зохиолыг уншсан. “Морь унасан толгойгүй хүн”, “Зоригт анчин бүсгүй”, “Оцеола баатар” гэсхийгээд л дуусдаг. Тэгвэл одоо үед түүний зохиол бүтээлийг уншаад ч барахааргүй олноор орчуулан хүргэж байна. За түүний “Тэнгисийн чоно” номонд юу гардаг вэ. Энд нэгэн жаал хүүгийн урт удаан хүнд хүчир үхэл заналхийлсэн хөлөг онгоцны харанхуй хөндий дэх тэмцлийн талаар бичсэн ном юм. Филипп Фостер хэмээх арван гурав, дөрөвтэй хүү далайчин болохын тулд гэрээсээ оргон хөлөг онгоцонд сууснаар яаж үхэх дөхөж Европоос Америк хүртэлх Атлантын далайг хөндлөн туулж амьдарлын төлөө тэмцэж амь гарснаа чөлөөнд гарсан далайн ахмад болчихсон хойноо нутгийнхаа багачуудад ярьж байгаагаар бичигдсэн зохиол оо энэ. Далайчин аавтай, тэнгисийн хөвөөний тосгоны жаалхүүд далайчин болохоос өөр зам үгүй аж. Тэрний ганц бахархах зүйл нь далайчин болж хорвоо ертөнцөөр хэрэн тэнэх, адал явдалтай нүүр тулахаас өөр мөрөөдөл үгүй. Аав нь далайд өөд болж, ээж нь өвчнөөр нас баран хүү өнчин хоцорно. Өнчин хоцорсон хүү ээжийнхээ хамаатныд мал маллан уйтгарт өдөр хоногийг өнгөрүүлнэ. Гэвч далайчин болох мөрөөдлөө үл гээн зүтгэх бөгөөд амралтын ганц хоногтоо далайн хөвөөнд очин ирж буцах хөлөг онгоц харуулдан хэдэн үеэрээ далайчин явсан цусаа хөөрүүлэн мөрөөдөлд автан байх дуртай аж. Гэхдээ гэрээсээ оргож далайн хөлөг онгоцонд суугаад нутгаа орхин одно доо гэсэн хатуу бодлоо нэг өдөр ч үл гээнэ. Ингээд нэг удаа далайн хөвөөний жижиг хотод наймаа хийх гэж очоод том сүрлэг хөлөг онгоц “Маргааш Перу явна” гэсэн зарлал хадаастай зогсож байхтай тааралдана. Хөлөг онгоц яг хаашаа явах гэж байгаа, Перу гэдэг нь юу юм гэдгийг ч мэдэхгүй хэрнээ энүүгээр л оргоё гэж хатуу шийдвэр бяцхан оюундаа цахилгаан мэт гаргана. Гэвч хэрсүү жаал маш олон талаас нь бодоход явах арга үгүй мэт. Мэдээж цуг яваа том хүндээ би энүүгээр Перу явчихаад ирье гэлтэй биш. Шууд л авгад нь очоод хэлчихэд тэр дороо морьтой давхиж ирээд шавхуурдаад аваад явчихна. Оргосон ч мэдээж гадагшаа явах гэж байгаа усан онгоцонд л хамгийн түрүү хайж эхэлнэ. Ингээд гэрийнхэндээ мэдэгдэлгүй бэлтгэлээ базааж байгаад маргааш нь биш, нөгөөдөр өглөө эрт нөгөө хөлөг онгоцон дээр ирнэ. Далайчид маргааш явна гэсэн байвал нөгөөдөр нь ч юмуу хэд хоногийн дараа явдаг, зорчигчдоо суулгахын тулд ингэж худал хэлдгийг мэддэг байсан учир тэгж өглөө ирсэн хэрэг. Гэвч дахин дахин гуйж ахмадтай уулзсан ч ахмад түүнийг хэтэрхий жаахан байна, алив чи наадахаа бүүр эрэг дээр гаргаж өгөөд ир гэж нэг усан цэрэгт тушаана. Гэвч жаал хүү цөхөрсөнгүй тэднийг цайндаа орсон хойно нууцаар нэвтэрч ачаа бараа ачиж байсан хөлөг онгоцны хөндийд ороод нуугдаж орхино. Жаал хүү харанхуй хөндийд унтаж сэрээд л хэвтсээр байгаад гадаа далай цалиглаж эхлэх үед дээш гарах гэсэн чинь ачаа бараа дүүртэл ачсан хөлөг онгоцны доод хөндийн хамгийн цаад талд нь гацчихсан байгаагаа ойлгоно. Битүү ачаа хав харанхуй хонгилд яаж ч орилоод дуу хүрэхгүй, нөгөө бараануудыг нь хөдөлгөж дийлэхгүй үй түмэн авдартай бараануудын ёроолд амьдаараа булшлагдсан мэт байдалд оржээ. Эхлээд цангаж өлсөж үхэж байхдаа гэнэт азаар хармаанд нь хутга байгаагаа мэднэ. Хутгаараа бараануудыг огтлон нүх гаргаж тамаа цайж явж торхтой ус олно, дараа нь хайрцагтай хатаасан талх ч олно. Ингээд усан онгоц зогстол дороо хэвтэж байя гэж шийдээд байж байтал хайрцагтай талхаа хархнуудад идүүлээд дахиад л өлсөж үхэх аюулд орно. Ямар ч байсан дээшээ л зүтгээд байя гэсэн бодлоор зүтгэсээр байгаад эцсийн эцэст нэг юм барааны дээр гарч амь аврагдана. Нэвтэрч гарамгүй саадтай учрах, амьд явахын баталгаа болсон хутгаа хугалах зэрэг түмэн бэрхшээлийг туулж байж хөлгийн тавцанд тулж ирнэ. Ийм л адал явдлыг нүдэнд харагдтал, биед мэдрэгдтэл бичсэн зохиол юм. Амьдралын төлөөх жижигхэн биедээ ахадсан цөхрөлтгүй оролдлого, мөн сэргэлэн ухаан хоёр нь л түүний амь насыг авардаг.
Ж.Сандагдорж