Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Тахлын үеийн дурлал

Бид энэ удаагийн “Ном ярьж
өгье” буландаа Нобелийн шагналт
зохиолч Г.Г.Маркесын “Тахлын
үеийн дурлал” романыг толилуулж
байна. Нобелийн шагналт зохиолч
Габриель Гарсиа Маркесын “Тахлын
үеийн дурлал” роман анх 1985 онд
хэвлэгджээ. Ихэнх зохиолчид,
тэр дундаа алдартай зохиолчид ч
хүртэл зохиол бүтээлдээ хайрын
зөвхөн нэг талыг барьж авах нь
элбэг байдаг бол Маркес “Тахлын
үеийн дурлал” романаараа хайрыг
олон талаас нь харуулсан гэдгээрээ
онцлог юм.
Энэхүү романд Флорентино
Ариза, Фермина Даза болон Хувенал
Урбино гэх гурван гол дүрийн
тухай өгүүлдэг. Флорентино өсвөр
наснаасаа Ферминад сэтгэлтэй
байсан хэдий ч охины эцэг нэр төрд
дуртайгаас гадна түүний элдэв арга
чаргаас болж Фермина нэр хүндтэй
эмч Хувенал Урбинотой гэрлэдэг.
Тэд зохиолын үйл явдал өрнөж
буй Колумбид, Карибын тэнгисийн
хөвөөнөө орших нэр нь үл мэдэгдэх
боомт хотынхоо соёл, улс төрийн
амьдралд нөлөө бүхий үүрэгтэйгээр
элбэг хангалуун амьдралыг туулна.
Энэ хооронд Флорентино ч усан
тээврийн компанийн ерөнхийлөгч
болж басхүү хөрөнгө чинээтэй нэгэн
болдог. Фермина Даза, Хувенал
Урбино хоёр эцэг эх болж аль
хэдийн 50 гаруй жилийг хамт үдсэн
байдаг. Ингэж байтал Хувенал
Урбино санамсаргүй байдлаар
амиа алддаг. Урбиног амиа алдсан
талаар сонссон Флорентино олон
жилийн өмнө эхнэрээ болгохыг
хүсэж байсан Ферминад дахин
хайр сэтгэлээ илчилнэ. Тэрээр
Ферминагийн өөр нэгэнтэй гэр
бүл болж явснаас хойших өдөр
хоног бүрийг тоолж, хожим дахин
нийлнэ хэмээн найдсаар эцэс
төгсгөлгүй олон жилийн хүлээлт
дунд амьдарсаар ирсэн байдаг.
Фермина Флорентинотой 50 гаруй
жилийн дараа уулзаж хамтдаа арав гаруй хоногийн урт аялалд гардаг. Буцах замдаа онгоцны
ахмадад “Тахлын шар туг мандуулан нэг ч зорчигч бүү
ав” хэмээдэг. Тахлын халдвартай хүн тээж яваа онгоц
шар туг намируулан явбал нэг ч боомт дээр зогсохгүй
явж болдог байжээ. Тахлын үеийн дурлал зөвхөн хайрын
тухай өгүүлдэг гэвэл үгүй. Хайр дурлал ч тухайн цаг
үеийнхээ нийгэм, улс төрийн орчин нөхцөлөөс ангид
оршдог зүйл огтоос биш аж. Номын зохиолч “Хүмүүс
хэрхэн яаж амьдрах учиртайгаа эргэцүүлсээр амьдралаа
дуусгадаг. Анд нөхдөөсөө энэ тухай асуухад яв цав мэдэх
нэг ч хүн гараагүй. Харин одоо бол надад энэ бүхэн
тодорхой болсон. Би “Тахлын үеийн дурлал” романаа
бичиж байсан үеийнх шигээ л амьдармаар байна…” гэж
хэлсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *