Ф.М.Достоевскийн “Солиот” романыг энэ удаа товчхон танилцуулахаар шийдлээ. Арваннэгдүгээр сарын хуучдаар Петербург-Варшавын галт тэрэг Петербург руу уухилан дөхөж явна. Түүний нэгэн тасалгаанд уг нь сурвалжит ноён боловч тун тааруухан хувцастай Мышкин, танхайдуу шинжийн царайтай, намхавтар ч чийрэг биетэй Рогожин хэмээх хоёр эр өөд өөдөөсөө харсан суудалд таарчээ. Мөнхүү тэнд бас Лебедев гэгч дээдсийн хүрээнийхний амьдралыг нэвт шувт мэддэг дундаж сэхээтэн явах аж. Мышкин ухаан балартаж, унаж татдаг өвчнөөсөө шалтгаалан Швейцарьт эмчлүүлж байгаад буцаж буй нь энэ. Рогожины хувьд Настасья Филипповна хэмээх сайхан бүсгүйд өндөр үнэтэй ээмэг авч өгөөд хүүхэндээ ч тал олсон юмгүй. Харин бүр гай болж чинээлэг худалдаачин эцэг нь гэрээсээ хөөчихсөн. Одоо аавыгаа нас барсан учраас буцаж байгаа хүн. Өв хөрөнгөтэй болсон тэрээр Настасьяг өөрийн болгох нууц бодолтой, жигтэйхэн хартай, хямрамтгай байдалтай. Лебедевийн хувьд их хөрөнгө өвлөсөн Рогожинд илт зусардах бөгөөд Мышкиныг нэр хүндтэй генерал Епанчины гэргийтэй нэг угсааны хүн болохоор их сонирхоно.
Энд сонирхуулахад сурвалжит ноён Тоцкий хэмээгч алсдаа тун ч царайлаг болж магадгүй өнчин охин Настасьяг багаас нь өөртөө ойрхон өсгөж амралтаараа ор дэр нийлүүлдэг нүгэлтэй. Цаг явахын хэрээр хөгширч басхүү хэл ам гарах болсон тул өөрөөсөө холдуулах гэсэндээ Ганя гэгч баяжихыг ихээр хүсэгч Епанчин генералын удирдлагад ажилладаг жижиг түшмэлтэй суулгах гэнэ. Ганя нь Епанчины охин Аглаяд санаатай. Гэвч архинд орсон, худалч генерал эцэгтэй, гэр ахуйн байдал нь ядуувтар тул нэр төрөө гишгэлэн 70 мянган рублиэр Настасьяатай гэрлэхийг бараг зөвшөөрчихөөд байгаа. Ийм үед дээрх эрхмүүд Петербургт ирлээ. Сурвалжит ноён Мышкин генерал Епанчинтай уулзаж нүүр хагарна. Энэ үеэрээ хамаатных нь хүн өөрт нь магадгүй 500 мянган рублийн үнэ бүхий хөрөнгө гэрээсэлж үлдээсэн тухайгаа ярьдаг. Ингэхдээ генерал Епанчин, ноён Тоцкий нар Ганя, Настасья хоёроо гэрлүүлэхээр гэрт нь үдэшлэг зохион байгуулах гэж байгааг мэддэг. Хотод ирсэн даруйдаа Настасьяг нэг удаа харсан хөөрхий Мышкин түүнд дурлачихжээ. Нөгөө талд Рогожин яваад байгаа. Тиймээс үдэшлэг тун ч хачин болно. Настасья өөрийг нь 70 мянган рубль өгөхөөр амлаж Ганятай хуримлуулах гэж буйд зэвүүрхэн цадиггүй аашлахаар шийддэг. Юу гэхээр Рогожиныг орой гэхэд 100 мянган рубльтэй ирвэл гэрлэнэ гэж амлана. Өнөөх нь хамаг юмаа барьцаанд тавиад нөгөө мөнгийг нь олоод ирдэг.
Генералаас эхлээд Тоцкий, Ганя эвгүй байдалд орно. Угаас ч нэр төрөө алдаж байна хэмээн битүү шаналж явсан Ганягийн нүдэн дээр Настасья 100 мянган рублийг ил гал руу боодолтой нь шидээд нүцгэн гараараа авбал өгнө гэж тохуурхдаг. Тэнд байсан Лебедев шүдээрээ ганцхан мянган рубль авчихъя гэж гуйж ч байх шиг. Энэ цагт өмнө нь тус үдэшлэг болохыг мэдсэн Мышкин шинэ тоглогч болж орж ирлээ. Тэрээр “Та уг нь ийм хүн биш шүү дээ” гэж Настасьяд хэлнэ. Бүр улмаар гэрлэхийг хүсч байгаагаа түс тас хэлж орхино. Гайхалтай нь Настасья олон эрийн эрх ашгийн дунд төөрч, муухай авирлаж эхэлсэндээ өмөг түшиг эрж байсан уу Мышкинд дурлачих шиг болдог. Мышкинд нүүр өгч “Би тэгвэл сурвалжит авхай болохоор боллоо” хэмээн даажигнан Рогожины царайг тун ч барайлгана. Эцсийн бүлэгт тэрбээр Мышкинийг гэнэн цагаанаар нь дуудаж тоглоом тохуу болгоод Рогожины хамт гарч оддог.
Мышкиныг гэрт нь зочлоод явсны дараа Епанчин генералын царай зүс, биеэ авч явах байдлаараа хот даяар алдар суутай Аглая охин түүнд дурласнаа зарлана. Түүнийг Настасья Мышкинтэй суухыг ятгаж байгаа нь ч ил болно. Ямар ч өндөр тушаалын хүнтэй суулгах боломжтой хэмээн ихээхэн найдлага тавьдаг охин нь “солиотой” ч юм шиг биеэ авч явдаг хэт цайлган зантай Мышкинтэй суух боллоо. Гэвч Мышкин яг загалмайлах дээрээ тултал зугтаад алга болов. Хожим Аглая тэнүүлч, луйварчин гүн гэгдсэн нэг цагаачийг дагаад замаа алдана. Нөгөө талд Рогожины байдал ч сайнгүй байв. Настасья хэд хэдэн удаа загалмайлна гэж амлаад Мышкин рүү зугтаад байх. Тэгснээ Мышкинтэй хуримлах өдрөө л Рогожин руу зугтана. Энэ бүхэн хэд хэд давтагдсаны хойно Рогожин өөрийн байшиндаа Настасьяг зүрхэнд нь хутгалж хөнөөдөг. Мышкин Рогожиныд очиж мэдээд хоёул цогцосны дэргэд хононо. Сүүлд Мышкин эргээд унаж тусдаг нь хөдөлж ухаан мэдрэлгүй хүн болох аж. Их зохиолчийн сэтгэлзүйн адармаат нарийн зүйлсийг нэвт харуулсан уг романыг тун ч модон маягаар тоймлоход ийм байна. Та бүхэн өөрсдөө уншиж оюундаа тунгаавал маш их хайр, харамсал шингэсэн бүтээл юм шүү.
Ж.БАЯРСАЙХАН