Өнгөрсөн онд улс, аймаг, цэргийн цол шинээр хүртсэн бөхчүүдийн тухай өгүүлсэн “Шороон гахай жилийн шинэ цолтнууд” хэмээх ном энэ хавар уншигчдын хүртээл болсон юм. Бөх судлаач, үндэсний бөхийн улсын гарын даа Т.Түмэндэмбэрэлийн бие даан хэвлүүлсэн хоёр дахь ном нь энэ бөгөөд шинэ номоо цаашид жил бүр хэвлүүлэх ажээ. “Шороон гахай жилийн шинэ цолтнууд” номд өнгөрсөн жилийн төрийн баяр наадмын түрүү бөх Энхтөгсийн Оюунболдоос эхлээд баяр наадмын чимэг Баярсайханы Орхонбаяр начны тухай шинэ соргог мэдээлэл, үнэн баримт түүхүүд багтсан байна.
Улсын аварга Э.Оюунболдын 20 настайдаа улсын харцага цол хүртэж, үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд хол тасархай түрүүлж байсан зэрэг сонирхолтой баримтуудыг оруулжээ. Мөн 2015 онд анх удаа улсын наадамд түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбатын 22 насандаа улсын наадамд түрүүлсэн амжилтыг 52 жилийн дараа давтсан зэрэг сонирхолтой баримтуудыг хавсаргаж өгчээ.
Улсын начин Б.Орхонбаяр үндэсний бөхийн өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд ямар амжилттай барилдаж байсан зэрэг төдийлөн хүмүүсийн мэддэггүй баримтуудыг энэ бүтээлээс уншиж болно.
Түүнчлэн 21 аймаг, хотын статустай хоёр дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд шинэ цолд хүрсэн 100 гаруй бөхийн үүх түүх, барилдааны амжилт, гэрэл зураг, удам судрыг багтаажээ.
Уг номыг уншсанаар монгол бөхийн дэвжээнээ суу алдраа мандуулж, цолоо ахиулж, шинээр цол чимэг хүртсэн залуу хүчтэнүүдийн талаар сонирхолтой, баримттай мэдээллийг авч, мэдлэг нэмэх бүрэн боломжтой юм. Зохиогчийн хувьд уг номоо бөхийн хорхойтон уншигчдад хүргэхийн сацуу энэ номд багтсан, шинээр цол чимэг хүртсэн залуу хүчтэнүүдэд урам нэмэх, ойр тойрны хүмүүст нь итгэл өгөх, дэмжигчдэд нь бахдал төрүүлэхийг зорьжээ. Тиймийн тул тухайн бөхийн гол сайн чанар, онцлог шинжийг тулгуурлан бичсэн байна.
Мөн олны танил болж амжаагүй цаашид сайн барилдах өсөх ирээдүйтэй шилдэг залуу бөхчүүдийн барилдааны онцлог давуу тал, удам судар зэргийг энэхүү номноос уншиж мэдлэгээ арвижуулж болно.
Үндэсний бөхийн үнэн бодит баримтад тулгуурлаж бүтсэн энэ ном бөх судлаач, сонирхогч хэн бүхний ширээний ном болох нь дамжиггүй. Түүнчлэн баримтад тулгуурласан тус бүтээл үндэсний бөхийн үнэн бодит мэдээллийг хойч үед өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юм.