Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сэтгэл залгигч хот

Энэхүү номонд багаасаа найзалсан дөрвөн улирал шиг дөрвөн найзын тухай өгүүлнэ. Ингэхдээ тэдний алдаа оноо, амжилт бүтээл, баяр хөөр, уй гашуу, адал явдал, гэмт хэргийн талаар өгүүлэх болно. Хар багаасааа нөхөрлөсөн Агай, Гарьд, Шарав, Хүдэр нарын оюутан ахуй нас, амьдралд хөл тавьж эхэлж буй он жилүүд одоо болж буй гол үйл явдалтайгаа уялдан өрнөнө. Та энэхүү романыг уншиж байхдаа өнгөрсөн амьдралаа эргэж харна гэдэгт итгэлтэй байна.

Нийгэм шилжиж байсан ерөөд оны үед ганзагын наймаа хийдэг хүмүүс байсан шүү дээ. Энэ хүмүүсийн нэг бол Шарав юм. Тэр ганзагын наймаанаас эхлээд байшин барилга, уул уурхайн салбарт хүч үзсэн шинэ цагийн баян эр болтлоо өсч дэвших болно. Анх ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хотод орж ирсэн дөрвөн найзын нэг нь ингэж амжилттай явна. Тэр сайхан сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй сайн хүү. Хаяж явсан аавыгаа олчихоод хайрлаж, анхаарал халамж тавьж чаддаг сайн хүн. Түүнд одоо эд хөрөнгө, баялаг бүх зүйл байна. Гэтэл гэнэтхэн нэг өглөө өндөр байшин дээрээс үсэрч үхэх болно. Түүний энэ гэнэтийн үхэл олон хүнийг цочирдуулдаг. Гагцхүү эндээс л хамаг зүйл эхэлж өнгөрсөн дурсамжууд хөврөх болно.Тэр үнэхээр амиа хорлосон уу. Аль эсвэл хэн нэгэн түүнийг түлхчихэв үү. Гурван найз нь Шаравыг амиа хорлох хүн биш хэмээн хэргийг мөрдөж үхлийн шалтгааныг олохыг хичээнэ. Тэд үнэний араас явахдаа цагдаа нараас эмээх боловч сүүлд нэгддэг. Учир нь энэ хэргийн араас Шаравын эцэг нэгт дүү хурандаа Баттүвшин явж байдаг юм. Тэр энэ бүх хэргийн учрыг тайлахад туслах болно. Тэд хэргийн зангилааг хайсаар л.

Агай, Шарав хоёр өмнө нь найзын тангарагтай байсан ч бие биедээ сэтгэлтэй болж амраг хосын харилцаа үүсч хэсэг амьдарч байгаад тодорхой шалтгааны улмаас салдаг. Тэд хэдий хожуу учирсан ч амьдралын алдаа оноог ойлгосныхоо дараа учрах байж гэж өөрсдийгөө болон нөгөө хоёр найзыгаа тайвшруулдаг байсан юм. Шарав салснхыаа дараа удаан хугацаанд үхсэн амьд нь мэдэгдэхгүй явж байгаад гэнэт Агай бүсгүйтэй холбоо барьж уучлалт гуйж, байрны түлхүүр өгөхөд Агай авахыг хүсдэггүй. Гэвч Шарав “яавал намайг уучлах юм” гэхэд “үхээд өг” гэж хэлж орхидог. Энэ цагаас хойш тэд огт уулзаагүй. Харин үхсэнийх нь дараа Агай бүсгүй хэргийг нь мөрдөж яваа нь энэ. Ингэхэд энэ үгнээс болоод үхчихсэн юм биш биз дээ. Уншигч та яг ингэж бодох болно.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэзээ ч буруугаар бодох ёсгүй хүнээ буруугаар бодох, эсвэл сайнаар бодож эерүүлэхэд нөлөөлөхүйц юмыг нь харж өөрчлөгдөж байдаг. Агай бүсгүйн бодол ч ялгаагүй. Та үүнийг уншихдаа юмыг олон талаас нь харж бодох болно.Үнэндээ Шарав өнгө мөнгийг өөрийгөө гээж байж босгосон. Хүнд хэцүү цаг үед хэрсүүжиж, амьдралын алдаа оноон дээр явахдаа найз нөхдөөсөө холдож нэг үзээд, ойртож нэг үзэж явахдаа л өөрийгөө гээж эхэлж. Мэдээж амьдралын төлөө Шарав шиг зүтгэсэн хүн найз нарынх нь дунд байгаа ч өөрийгөө гээтлээ илүү ихэд шунахгүй байж чаджээ. Тиймдээ ч тэд хэрэг төвөгт орооцолдохгүйхэн шиг амьдарч яваа. Харин Шарав илүү их зүйл хүсч явахдаа их зүйлийг давхар алдсан. Тэр баян болохын тулд олон муу зүйл хийсэн.Тэр битгий хэл өөрийнхөө аавыг нууц хонгилд хүртэл хорьж байсан нь илэрдэг. Тэр өөрийнхөө аавыг хүртэл яагаад хорих болов, юуны учир ингэтлээ эвдэрсэн түүхийг та бүхэн шимтэн унших буй за.

Эцэст нь хот Шаравт бүхнийг өгсөн ч оронд нь өөрийг нь авч одно. Мөрөөдлийнхөө том байшингийн орой дээрээс өөрөө үсэрчихсэн (халтираад) болж таардаг. Үүнийг эцэг нэгт дүү Баттүвшин дуу хураагуурын яриа, чимээгээр нотолдог. Харин найз нар нь энэ үнэнийг мэдэх гэж л энэ хүртэл иржээ. Ямартаа ч хүн хорлоогүй, харин хийсэн гэмт хэргүүд нь илэрч ямар муу хүн болж хувирсныг найз нар нь мэдэх болно.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *