Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Сэтгэл судлаачийн 101 хариулт”

Энэ номонд хүмүүс сэтгэл судлаачдаас хамгийн түгээмэл асуудаг асуултуудыг багцлан асуулт, хариулт хэлбэрээр оруулжээ. Хүмүүс сэтгэл судлаачдаас “Гоц авьяас, залхуу удамшдаг уу”, “Яаж сэтгэлийн тэнхээтэй байх вэ”, “Хүлээцтэй байхад суралцаж болох уу”, “Өөрийнхөөрөө байх хэрэгтэй юү”, “Гар, хөлөөрөө байнга ямар нэгэн юм оролдох нь хэвийн зүйл мөн үү”, “Өөрийгөө ойлгохоо байх үед яах хэрэгтэй вэ”, “Зөв уурлах гэж байх уу”, “Хөлрөх нь сэтгэл санааны байдалтай холбоотой юу”, “Эсрэг хүйстнийхээ дэргэд биеэ барихаа яаж болих вэ”, “Зөрүүд зан засардаг уу”, “Хүүхдийнхээ найзуудтай хэрхэн харилцах вэ”, “Салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ”, “Хоёр хүнд зэрэг хайртай байж болох уу”, “Заавал гэрлэх ёстой юу”, “Нас барсан хүний араас шаналах нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ”, “Үхлийн тухай байнга бодох нь юутай холбоотой вэ”, “Марталт асуудал мөн үү”, “Өнгөрснийг байнга дурсах юутай холбоотой вэ”, “Яаж эмэгтэйчүүдийг өөртөө татах вэ”, “Үнэхээр хайртай болсноо яаж мэдэх вэ”, “Шөнө болгон секс хийж байна гэж зүүдлэх нь гаж үзэгдэл үү”, “Хардах дон гэж байдаг уу”, “Өөрийгөө магтах, өмөөрөх нь дон мөн үү” гэх мэт түгээмэл 101 асуулт асуусан бөгөөд үүнд Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчид мэргэжлийн хариулт өгсөн байна.

Үүнээс “Гар, хөлөөрөө байнга ямар нэгэн зүйл оролдох нь хэвийн зүйл мөн үү” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүс “Гар болон биеийн бусад хөдөлгөөн нь зан араншин төдийгүй сэтгэл санааны байдлыг тодорхой илэрхийлдэг болохоор тухайн үйлдэл хэр удаан хугацаагаар, хэр идэвхтэй байдлаар хийгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь аливаа үйлдэл улигт үйлдлээс илүүтэйгээр сэтгэл санааны таагүй байдалд орох үедээ хийгддэг рефлекслэг шинжтэй болсон байдаг. Өөрөөр хэлбэл, сандрах, түгших, айх мэдрэмж төрөх үед биеэ зайлах, гараараа хувцас, бусад зүйлээ оролдох зэрэг үйлдлийг хийдэг. Сэтгэл хөдлөлийн тавгүй байдал нь бие махбодыг тодорхой үйлдлүүдэд чиглүүлж байдаг. Яг л баярласан үедээ инээж, гунигласан үедээ уйлдагтай адилхан таагүй орчин нөхцөлд гараа зөрүүлэх, хөлөө ачих зэрэг үйлдлүүдийг хийдэг. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж, өөрийн сэтгэл хөдлөлөө тайвшруулж, тайван байхад суралцах нь үр дүнтэй байх болно. Байнга гараараа юм оролдох хөлөө хөдөлгөх зэрэг үйлдлүүдийг хийж байна гэдгээ мэдэх бүрдээ өөрийгөө хянаж, үйлдлээ зогсоох хэрэгтэй болно. Мэдээж хэрэг ганц хоёр удаагийн оролдлогын дараа зуршил алга болно гэж байхгүй. Зуршлаа багасгах, болихын тулд тодорхой хугацаа хэрэгтэй болохоос гадна өөр хэрэгцээтэй үйлдлээр орлуулах шаардлагатай ч болж магадгүй. Хамгийн гайхалтай нь бидний ухамсар, бодол санаанд энэ бүгдийг хийх хязгааргүй хүч бий. Тиймээс өөрийгөө тухайн үйлдлийг хийж байна гэдгээ мэдсэн даруйдаа зогсоох хэрэгтэй. Албадлагаар энэ зуршлаа болино гэж байхгүй учир хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай” гэсэн хариулт өгсөн байна.

“Хадмууд болон хүргэн, бэрийн харилцаанд үүсэх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?” гэсэн асуултад сэтгэл зүйчид “Хадмууд хийгээд хүргэн, бэрүүдийн хооронд үүсдэг хэд хэдэн асуудал байдаг. Гэр орны ажил болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил дээр зөрчилдөх, санхүү эдийн засгийн асуудал үүсгэх, өөрийн хүү, охиноо хэт өмөөрөх, гэр бүлийн хувийн орон зайг хүндэтгэхгүй байх, хувь хүний онцлогийг харгалзахгүй байх гэсэн асуудлууд бий. Аливаа нөхцөл байдалд өөрийн байр суурийг хатуу баримтлах нь тэр бүр амжилтад хүргэхгүй. Харин уян хатан байдлаар хандах нь асуудлыг зөөлрүүлдэг гэдгийг санаарай. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидний амьдралд хичнээн чухал гэдгийг та бид мэднэ. Энэхүү тайван, жаргалтай байдлыг гэр бүлдээ бий болгохын тулд аль аль тал нь хичээж, харилцаагаа зөрчилгүй байлгахад зорих хэрэгтэй. Ингэхийн тулд бэр, хүргэнээ өөрийн хүү, охиноо гэж үздэг, хадам аав, ээжийгээ өөрийн аав, ээж гэж хүндлэн харилцдаг сайхан монгол уламжлалаа дагаж мөрдөх нь хамгийн чухал” гэж хариулжээ. Энэ ном сэтгэл зүйн зарим эргэлзээтэй асуудалд тодорхой хэмжээний хариулт өгч туслах бөгөөд номын сандаа байлгаж байхад илүүдэхгүй бүтээл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *