Энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудын заавал унших ёстой “Холбон тоглогчид” номыг онцолж байна. Орчуулагч Н.Энхбаярын бүтээл болох тус ном нь түүний сагсан бөмбөг болон хөлбөмбөгтэй холбоотой ес дэх ном. “Холбон тоглогчид” ном нь Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн хамгийн шилдэг холбон тоглогчдын талаар өгүүлдэг. Өнөөгийн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шилдэг 10 багийн гол тоглогч эсвэл лигийн шилдэг 10 тоглогчийн дийлэнх нь холбон тоглогч гэдэгтэй спорт сонирхогчид санал нийлэх биз ээ. Багийнхаа тоглолтыг удирдах, довтолгоо зохион байгуулах үүрэгтэй байсан холбон тоглогчид эдүгээ олон талт тоглолтоороо бүхнийг гайхшируулж байгаа билээ. Тэдгээр шилдгүүдээс энэ номонд долоог нь сонгож, намтар түүхийг нь уншигчдад танилцуулснаараа онцлогтой юм. Тодруулбал, Кайри Ирвинг, Энтони Паркер, Дэмиан Лиллард, Кристофер Пол, Айзайя Томас, Жонатан Уолл, Расселл Уэстбрук нар юм.
Номонд тухайн тоглогчийн үүх түүхийг төрөхөөс нь эхлээд нуршин өгүүлэхийг хичээсэнгүй. Харин үүний оронд өдий зэргийн амжилт, өндөрлөгт хүрэхэд нь юу нөлөөлснийг, яагаад ийм мундаг тоглогч болсныг нь ойлгуулах хамгийн сонирхолтой, өмнө нь олны сонорт хүрч байгаагүй нийтлэл, эсээг сонгон номдоо оруулжээ. Жишээ нь, К.Ирвингийн бага нас, дунд сургуулийн амжилт, хувь хүний төлөвшил, түүнд хамгаас их нөлөөлсөн хүн болох аавынх нь тухай нийтлэл бий. Орчин цагийн сагсан бөмбөгчдийн өнгө төрх, чанар чансаа, авьяас чадварыг тодорхойлж буй тоглогчийн тухай энэхүү ном таны таалалд нийцнэ байх. Байж боломгүй үсрэлт, тэсрэлт, бие махбодьтой Рассэл Вэстбрүүкийн гайхамшигт бие махбодийн нууцийг энэ номонд мөн задалжээ. Жонатон Уолл буюу “галзуу жэй” хочит гудамжны дээрэнгүй, дээрэмчин залуу хэрхэн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогч болсон. Тэрээр хэрхэн ядуусын хорооллын тэдгээр харанхуй өдрүүдийг даван туулж, жилийн 40 сая ам.долларын орлоготой тоглогч болж чадсан бэ гэх мэт олон асуултын хариулт энэ номонд буй. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогчид ихэвчлэн хар бараан амьдралаас өндөрлөгт хүрсэн байдаг. Тони Паркер гэх Франц залуу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг гэх энэ том хаалганы өмнө ирээд хэрхэн хүнд бэрхийг даван туулсан, яаж дөрвөн удаагийн аварга болж, үнэ цэнэтэй тоглогч болсон түүхийн талаар ч мөн өгүүлжээ. Түүнчлэн өөрөөс дор хаяж 15 см өндөр залуустай тоглодог жижиг Айзайя Томасын түүх хамгийн гайхалтай нь. Сагсан бөмбөгийг зүрх сэтгэлээрээ хэрхэн тоглодог болохыг тэрээр өөрийн амжилтаараа харуулж чадсан юм. Түүнчлэн намхан нуруутай залуус сагсан бөмбөгт хэрхэн амжилтад хүрч болохыг тэрээр өөрийн гайхамшигт түүхээрээ баталж чадсан. Мөн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн хамгийн шилдэг сэтгэл зүйтэй тоглогчдын нэг Дэмиан Лиллард, хамгийн өндөр IQ-тэй тоглогч Кристофер Пол нарын түүхийг энэ номноос уншаарай.