Аз жаргалд хүрэх нэг үүд хаагдахад
Ахин өөр нэг нь нээгддэг
Хариу болгож бидэнд өөрийг нээж өгчихөөд
Харагдахгүй болон замхрах
Хаагдаж буй тэр хаалгыг
Харин бид харуусан удаан ширтдэг.
-Рабиндранат Таагүр
Олон улсын бестселлер зохиолч Николас Баррогийн 23 оронд хэвлэгдээд буй хайр дурлалын сэдэвт “Монмартраас ирсэн хайрын захидлууд” (2018) роман нь сэтгэл хөндүүрлүүлж, гуниглуулж эхэлснээ, яльгүй нууцлаг сэтгэгдэл төрүүлэн догдлуулж, дараа нь урам зориг итгэл өгч, эцэстээ итгэмгүй хөнгөрч, хөөрөн догдлох мэдрэмжийг өгдөг ер бусын зохиол.
Хайрт минь, тэр нэгэн тавдугаар сарынх шигээ наддаа ирээч…
Анир чимээгүй хот руу үүрд явсан эхнэртэйгээ салах ёс хийж буй залуу эр Жюльен, бяцхан хүү Артур…
Хайрын хот Парисын хаана ч явсан, юу ч хийсэн үүрд одсон үзэсгэлэнт гэргий Эленийг нь санагдуулж, цээж нь хөндүүрлэнэ.
Хүнд өвчнөөр өөд болсных нь дараа насных нь тоогоор 33 захидал бичих эхнэрийнхээ эцсийн хүсэлтийг нь хүчлэн байж биелүүлэхдээ хайрт гэргий нь тэнгэрийн орноос түүнтэй харилцаж буй гэсэн итгэл муутайхан амьдарч, ухаан санаагаа хаа нэгтэйгээс хайсаар өдөр хоногийг өнгөрөөх бэлэвсэн эр. Хачирхалтай зүйл тохиолдож өөд болсон эхнэртээ бичсэн захидал бүрд нь хариу ирнэ. Элен тэнгэрийн орноос хариу илгээгээд байна уу? Хариу захидал, дохионуудын учрыг олохоор гунигт, бэлэвсэн эр сонирхож, улмаар сэтгэл нь өдөр өдрөөр сэргэж, гуниг нь нимгэрч эхэлнэ.
Хамгаас хайрт Элен минь,
Одооноос эхлээд тавдугаар сарын арван дөрвөн миний хувьд онцгой өдөр байх болно. Энэ өдрөөс, өнөөдрөөс эхлэн би дахин нэг удаа миний сахиусан тэнгэр болсон чамайгаа надтай үргэлж хамт байх болно гэдэгт итгэнэ. Би халуураад хэвтэж байхдаа чамайг зүүдлэхэд, чи надад амласан шиг. Чи минь зүгээр л оршуулгын газарт хэвтээд, дэлхий ертөнцтэйгөө аажмаар эргэн уусан нэгдэж байгаа бие махбод гэдгээс хамаагүй илүү. Чи хаа нэгтээ оршиж байгаа. Нас барлаа гэдэг эндээс ор тас алга болно гэсэн үг биш юм. …
Элен, би өнөөдөр хоосон тасалгаанд ганцхан тэр зүрхэн чулуу байхыг хараад зүрх зогсчих шиг л болсон. Айх, баярлах зэрэгцэн хэлгүй мэт гацчихсан. Болсон зүйлийн талаар ойлгохыг оролдон Монмартрын гудамжнуудаар баахан сэлгүүцлээ. Зүрх баяр хөөрөөр дүүрч байсан ч дараа нь гайхширч эхэлсэн. Иймэрхүү зүйл жинхэнээсээ байж болшгүй хэрэг. Тийм үү? Итгэхийг ихэд хүсч байсан зүрхийг тархи захирахаар тэмцэж байлаа. Би хөгшин толгод өөд аахилан өгсөж байхдаа “байж боломгүй юм”, “байж болох юм” гэсэн хоёр үгийн хооронд дайвалзаж явлаа. …
…Бүх зүйл хэрхэн холбогддогийг би ойлгохгүй байна. Хайрт минь, миний мэдэж байгаа зүйл бол одоо тавдугаар сар. Боломжгүй хэдий ч би чамайг ямартаа ч дахин олсон. Яг л тэр нэгэн тавдугаар сар шиг чи надтай дахин хамт байна.
Ингээд чамдаа дурлалт хосуудын бас бидний сэтгэлийг бүх цаг үеийн турш эзэмдсэн Превертийн “Монсури цэцэрлэгт хүрээлэн” дэх үнсэлт шиг үүрд мөнхийн хайраа шингээсэн энэхүү захиагаа илгээж байна!
Жюльен чинь.
Цэцэрлэгт хүрээлэн
Дэлхий хэмээх одон дээрх
Парисын Монсури нэрт цэцэрлэгт
Өвлийн наран гийсэн нэгэн өглөө
Би чамайг үнссэн
Чи намайг үнссэн
Богинохон хэрнээ өнө мөнхийн энэ мөчийг учирлахад
Мянга мянган жил ч хүрэлцэхгүй буй за
Эцэст нь тэрээр өнөөдрийг бус өнгөрснөө л харан гуниглаж явснаас дэргэдээ буй хайрыг олж хараагүйгээ ухаарна. Шархалж үлдсэн зүрхийг жинхэнэ хайраар бялхсан нэгэн зүрх эдгээж, залуу зохиолч Жюльены хайр ургаж эхэлнэ.
Гүүдрийдс, Амазонд олон мянган сайшаалын үнэлгээг уншигчдаас хүртсэн тус номын сэтгэл догдлуулсан үйл явдлыг уншиж таашаахын сацуу сая сая жуулчдын харааг татдаг, хайрын хот Парисын түүх дурсгалын үзэсгэлэнт газруудаар аялаарай.