Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Мартин Иден

(ЖЕКЛОНДОН)

“Амьдрал чамайг хайр найргүй балбах үед бууж өгөөгүй атлаа агуу өндөрлөгт гармагц хувь заяаны өмнө өвдөг сөхөрлөө гэж үү?”

Энэ удаа Жек Лондоны “Мартин Иден” романы талаар ярьж өгье. Зохиогчийн жинхэнэ нэр нь Жон Гриффит Лондон (John Griffith London) бөгөөд 1876 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр АНУ-ын Калифорниа мужийн Сан Франциско хотноо төржээ.

“Мартин Иден” бол Жек Лондоны хамгийн алдартай роман бөгөөд 1909 онд анх хэвлэгдэж байв. Эл зохиолыг 2016 онд “Болор судар” хэвлэлийн газар уншигчдын хүртээл болгожээ.

46 бүлэгтэй тус романд тарчиг ядуу амьдралтай, боловсрол мэдлэгээр маруухан Мартин Иден хэмээх залуу баян чинээлэг айлын охинд дурлан, түүнтэй эн зэрэгцэхүйц нэгэн болохын төлөө зүтгэж, өөрөө өөрийгөө бий болгож чадсан тухай өгүүлдэг нь уншигчдын сэтгэлийг татаж, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болж чадсан юм.

Гол дүрийн баатар болох Мартин Иден Артур Морзыг дээрэмчдэд зодуулж байхад нь түүнд тусалснаар чинээлэг айл Морзынд анх удаа зочилж буйгаар зохиол эхэлдэг. Тэгэхдээ тарчигхан амьдралтай, боловсрол муутай Мартин, Морзын охин Руфьд дурласнаар үйл явдал өрнөнө. Өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөх хэдий ч дээдсийн зиндааны бүсгүйд дурласан залуу сэтгэлт бүсгүйтэйгээ эн зэрэгцэхүйц болж, түүнийг байлдан дагуулахын төлөө ном зохиолд шимтэнэ. Хайртай бүсгүйнх нь татгалзсан хариу, бүхэл бүтэн нийгмийн гадуурхал, коммунист, урвагч хэмээх нэрийдэл, ядуу хоосон амьдралаасаа болж бүхий л гутаан доромжлолыг даван туулсны эцэст мөрөөдлөө биелүүлж, алдартай зохиолч болдог.

Хүсч тэмүүлсэн эд хөрөнгө, алдар нэрээ олохын цагт өнөө л баригдмал, хязгаарлагдмал сэтгэхүй зонхилж, материаллаг зүйлсийг эрхэмлэх хүрээлэлдээ гутарч ганихран сэтгэл нь хоосордог. Мартинд язгууртны амьдрал өнгөн талаасаа сайхан санагдаж, ийм амьдралаар амьдрахыг хүссэн авч язгууртны амьдралд бага багаар нэвчих тусам тэр ялзарсан үнэрийг нь улам их мэдэрсэн юм. Эцсийн эцэст Мартины амьдрал зовлон болж, сэтгэлээр унаж, тэвчихийн аргагүй болох үед далай руу орж амиа егүүтгэдэг.

Хүмүүс “Мартин Иден”-ийг хайр дурлалын тухай ном гэж тодорхойлох нь элбэг. Гэвч миний хувьд хүмүүс амжилтын оргилд хүрээд, эсвэл хүссэн зүйлээ өөрийн болгосны дараа бүх зүйл утга учраа алддаг тухай харуулахыг зорьжээ. Мартин үнэн хэрэгтээ нэг эмэгтэйг өөрийн болгохын төлөө улайран хөдөлмөрлөж, түүнийхээ хүчинд алдар нэрд гарч, дурлалт бүсгүй Руфь нь түүн дээр өөрөө ирэхэд Мартин аль хэдийнэ тэр эмэгтэйгээс аз жаргал мэдрэхээ больчихсон байдаг.

Сонгодог зохиолын хүч чадал гэдэг хүнийг бодож, эргэцүүлэхэд хүргэж, хэзээ ч уншсан уншигчийг догдлуулж, түгшээж, сэтгэлийг хөвсөлзүүлж байдаг аж.

Зохиогч энэхүү зохиолоороо хүний статус нь түүнд хандах хандлагад хэрхэн нөлөөлдгийг тод харуулсан. Таныг мөнгөгүй, эрх мэдэлгүй үед хэн ч танихгүй, харин хөрөнгө мөнгө, алдар нэртэй болохын цагт бүгд л тантай хамааралтай болохыг хүсдэг. Ийм тогтолцоо өмнө нь ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байсаар байна. Учир нь хүний мөн чанарыг өөрчлөх боломжгүй юм.

Н.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *