Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Лолита

Хаант Оросын үеийн өндөр соёлт язгууртны гэр бүлд төрсөн Владимир Набоковын “Лолита” романыг хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл элдвээр шүүмжилж, эгдүүцэж, садар самуун зохиол гэж цэрвэж, гаж өгүүлэмжтэй хэмээн өөлж ирсэн ч дурлаж уншсаар байна. Утга зохиолд шимтэгсдийг дурлуулсаар яваагийнх нь нууцыг шүүмжлэгч Мартин Эмис “Үргэлжилсэн үгийн зохиолын өгч болох хамгийн дээд, таатай мэдрэмжийг өгдөг, оюуны, төсөөллийн, гоо зүйн гайхалтай өдөөгч” гэж тодорхойлсон нь бий. Набоков “Лолита”-гийнхаа гар бичмэлийг шатаах гэж олон удаа оролдож байж. Тэр бүрд эхнэр Вера нь болиулж байсан гэдэг. Бүр нэг удаа галд үйж байхад нь шүүрч авсан түүхийг “Лолита”-г орчуулсан “Монсудар”-ын редакцийнхан номын өмнөтгөлд сонирхуулжээ. Номын өмнөтгөлд “Лолита”-г наминчлалын романд хамаарна гэж онцолсон байна лээ. Унших явцад энэ тодотголд толгой дохимоор хэсэг цөөнгүй таарсныг онцолъё.

Тухайн үед “Лолита”-г зориглож хэвлэх хэвлэлийн газар олдоогүй, эротик агуулгатай зохиол бичдэг жижигхэн хэвлэлийн газар л толгой дохисон, хэвлэгдсэн эхэн үедээ хэний ч сонирхлыг татаагүй, 1955 оны зул сарын баяраар алдарт зохиолч Грэхэм Грийн “Лолита бол энэ жил уншсан хамгийн шилдэг гурван номын минь нэг” гэснээр олны анхааралд орсон, 1958 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа гялалзсан амжилт олж Набоков хормын төдий дэлхийд алдартай чинээлэг зохиолч болсон гэх мэтээр энэ номын тухай яривал олон сонирхолтой түүх өгүүлж болно.

Зохиолын үйл явдлыг товч сийрүүлье. Ном бүхэлдээ утга зохиол судлаач Гумберт Гумбертийн дурсамж, өгүүлэмжээр өрнөнө. Зохиолын гол баатар хүн амины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаад шүүх хурал болохын өмнө титэм судасны бөглөрөл өвчнөөр нас бардаг. Шоронд байхдаа өсвөр насны охин Долорес Гейз охинд өгсөн, байж боломгүй хайр сэтгэлийнхээ тухай хүүрнэнэ. Долорес Гейз өсвөр насных нь дурлал Аннабеллийг санагдуулсан учраас сэтгэл алдан дурласнаа Гумберт “Аз эзийн алин болох нь бүү мэд, Аннабела бол Лолитагийн эхлэл гэж би бат итгэсэн хэвээр үлдсэн” хэмээдэг. Тийм ч учраас номын өмнөтгөлд “Бидний сэтгэлийн гүнд буй хүсэл сонирхлыг өдөөн сэрээхийн хамт эцсийн эцэст энэ бол ердөө л хоригдож дарагдсан хүсэл шунал, амьдралын золиос болсон хүний тухай зохиол юм гэдгийг ухааруулдаг. Үнэндээ амьдрал л түүнээс анхны хайртыг нь булааж аваагүй гэж үү. Хүсэл шуналаа зоргоор нь тавьчихалгүй асар удаан барьж, тэвчиж яваагүй гэж үү” гэсэн тайлбар зүүсэн байх. Бага жаахных нь дурлал болсон Аннабела нь хөтлөлцөн гүйж үерхэж эхэлсэн тэр жилээ гэдэсний хижиг өвчнөөр нас барсан юм.

Идэр залуу нас нь аль хэдийнэ хэвийсэн үед Аннабелтайгаа хачин адилхан Лолита охинтой таарсан Гумберт охинтой ойр байхын тулд ээжтэй нь буюу бэлэвсэн хатагтай Шарлотта Гейзтэй гэрлэнэ. Хэсэг хугацааны дараа Шарлотта автын осолд орж нас барна. Ээжээсээ өнчирсөн Лолитаг асрах эрх хойт аав болох Гумбертэд шилжинэ. Дагавар охиндоо хандах жир бус хандлагыг нь мэдчих вий гэсэн болгоомжлол нь Гумбертийг АНУ-аар хөндлөн гулд аялахад хүргэнэ. Аяллын хань нь хэн гэдэг нь тодорхой. Мэдээж хонгор багын дурлалт охиныг нь санагдуулсан бяцхан жаахан Лолита. Аяллынхаа эцэст тэд шинэ Англи маягийн Бердслей хэмээх хотод суурьшина. Лолита сургуульдаа сурч, амьдрал үргэлжиллээ. Эцэст нь Лолита Гумбертээс зугтана. Гуниг, цөхрөлд автсан эр сүүлд Лолитагаа олох ч тэс өөр Лолитаг олж харна. Ингээд ч зогсохгүй санаанд оромгүй аймшигт аллагатай нүүр тулна.

50 настайдаа “Лолита”-гаа бичиж дэлхийн зохиолч болсон Набоковын хорхойсон дурладаг хобби нь эрвээхэйн цуглуулга байж. “Гоё сайхны араас, эрвээхэйн хойноос хөөцөлдөж явсан дотоод тэмүүлэл нь “Лолита”-г бичих шалтгаан болсон байж магадгүй, төрөлхийн үзэсгэлэн төгсийг хайсан мөнхийн эрлийнх нь илэрхийлэл “Лолита” байх” гэсэн утгатай үгийг энэ романыг хэд хэдэн удаа уншсан сурагч охин унагасан байна лээ. Бас л сонин өнцөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *