Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хувилгаан гэрэл” дэлхийн дайдыг бүтэн ороожээ

Яруу найрагч, уран бүтээлч хүн гэдэг яруу сайхны гайхамшигт ертөнцийг оюун санааныхаа ой сандаа бүтээж, тэрхүү ариун тансаг цэцэрлэгт хүрээлэндээ урлан туурвиж, дурлан цэнгэж, уйтгарлан гуньж, инээж хөхрөн, эсхүл нулимсаа залгилж тэргүүнээ тэврэн хөхрөн сүүмийж байх мэт санагддаг. Гэхдээ л яруу найрагчийн бүтээсэн тэрхүү онгон дагшин ертөнцөд жир амьдралын уур нүдүүрийн чимээ сонсогдож, үүл уур хоёр тэврэлдэх шиг, үйл лай үнсэлдэх шиг, үнэн худал зөрөлдөх шиг, үнэг бүргэд хөөцөлдөх шиг олон хэлбэр дүрсийн юмс зэрэглээтэн үүлгэртэн, нэг нэгэндээ нэвчдэг билээ.

Тийм ч учраас үзсэн нь үг, зүүдэлсэн нь зүг болдог зөн билэгтэй найрагчийн дотоод ертөнц гадагшлахдаа амьдралын бодит байдлыг алмайран гайхах мэт, огтоос эс таалагдах нэгэнтэй уулзсандаа ой гутах мэт, басхүү барьц алдах мэт олон янз ай амьсгаа, дуун алдартаар зураг зурж, шүлэг өрсөн байдаг. Яруу найрагчийн ийм араншинг илэрхийлэгч миний л мэдэх цөөн найрагчийн нэг бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл юм. Түүний шинэхэн “Хувилгаан гэрэл” номын тухай энд өгүүлж байна.

Яруу найрагчийг ялласан

Ямар ч хүнийг Тэнгэр оршоохгүй

Яруу найрагчийг ялсан

Ямар ч тэнгэрийг Бурхан өршөөхгүй

Үгээр жигүүр хийсэн

Үйлийн заяа минь мөхөшгүй

Үнэнээр сүнсээ гийлгэсэн

Үлэмжийн тавилан минь мохошгүй …” хэмээн асах, агсрахын хоорондох зайд нэгэнтээ зорчоод үл зогсох. Цаашаа басхүү шазрах мэт одох…

Танайх руу оройхон дөхчих

такси ч олдохоо больж дээ…

Мөнхийн гай зовлон руугаа бүү зүглэ

Мөрөө хөөж, зүгээ буруул гэж

Замын гэрлэн дохио хүртэл

Тамын амьтдын нүд шиг улаанаар ширтэнэ…” гэсэн шүлгийн мөрүүдийг нь үзэж хирдхийн цочих юм уу “Дүү минь юу болоо вэ” гэж асууж болно гэж үү. Чи яагаад ингэж бичсэн юм бэ гээд л нойтон хамууран ноцоод байдаг тийм цаг үеэс нэгэнт хагацаж санаа амарчээ, бид. Харин яруу найрагч маань ийм омогт үгийг хэлж гунигт агшныг давсан л байна даа хэмээн бахархах сэтгэл уншигчийн хувьд төрж болох нь тэр ээ.

Батцэнгэл яах аргагүй хайрын дууч юм. Гэхдээ нялуун хайрын биш, шулуун хайрын дууч юм. Тэр хайрыг бүрэг зөөлөн үгээр бус сүрэг сүрэг үгээр цацан илчлэгч юм. Энэ нь түүнийг эцэстээ хүний мөн чанарыг уут савнаас нь урж тасчин гаргаж ирэгч болгоном. Энэ бол араншин. Батцэнгэлийн араншин.Түүний бусдаас ялгарах ялгаа нь энэ. Ялгаатай болохоор яруу найрагч нь хэнийг ч эс дагах, эсхүл нэг хэсэгтээ сугадалцаж яваад салъя гэсэн шиг шүргэлцээн, давхцал, хольцоо үгүй.

Тэнгэрийн гэрэлт шат шиг сэтгэл минь

Тэдний цонхнуудаар айлчлан сэлгүүцнэм

Олон олон үдэш мөрөөдлөөр далавчлан

Охин хонгоруудын нууцын өргөөнд гийчилнэм…”

гэж уншаад саваагүй золиг гэхээсээ илүү хүн болгон л ингэдэг шүү дээ гэж бодном. Энэ бол жинхэнэ хүний л араншин. Хүний араншинг нууцгүй бичсэн нь хүн байж чадсаных гэхээс өөрөөр яана.

Чамгүй байхад би, хагацлын тухай дуулаад хичнээн омог бардам байдаг байлаа

Чамтай учирснаас хойш талх барихаар исгэсэн гурил шиг

Эхүүн болоод цаанаа л нэг зөөлхөн болчихлоо…”. Батцэнгэлээс өөр хэн ч ингэж бичиж эс чадна. Өөрийгөө “Талх барихаар исгэсэн гурил” гэжээ. Оюуны талхны онцгой гурил нь сануулах юун. Амьдрал дээр бууж ирж буй шатны гишгүүр нь нэг тийм л амт үнэртэй, зөөлөн, наалдам. Зөрүүд Батцэнгэлээс холдож зөөлөн Цэнгэлийг сонсож ч болно. “Хувилгаан гэрэл” дотор буй зөөлөн Цэнгэлийг үзмү.

Салхинд хийсэх навчсын сэрчигнээнд

Сар луу одсон өвгөдийн сүнс хэсүүчилнэ

Уйтгар гуниг сэтгэлд хургаж

Учрал хагацлын аялгуу тоглоно

Хөглөхийг мартсан төгөлдөр хуур мэт

Хөх тэнгэр гунигтай бүүдийнэ…” Ямар сайхан юм бэ? Ийм мөр сонсож ингэж дуун алдаад үгүйсгэлийн чөтгөр Мефистофельд сүнсээ “өгсөн” ч яахав. “Хөглөхийг мартсан төгөлдөр хуур шиг, хөх тэнгэр гунигтай бүүдийнэ”. Энэ мөр гайхамшигтай зураг, ганлингийн эгшиг, эс бөгөөс зүрхэн дотроос минь маажсан гадаад их ертөнцийн хумс шиг санагдах нь юу вэ.

Гэрэлтэгч мөнгөн лаа мэт яруухан бэлхүүс чинь

Гэгээн шөнөөр сэтгэлийн нүдэнд туяарахад

Урсагч лаа мэт халуун хөлс бөнжийн урсаж анивчаад

Уран баримлын хэв мэт туяхан бие алганы аясаар бөмбөрнө… ”

Үүнээс цааш газар үгүй гэдэг билүү…Үүнээс цааш зөндөөн явж болж байна. Тэгэхээр “Хувилгаан гэрэл” дэлхийн дайдыг бүтэн ороосон тийм гэрэл ажгуу. Эрхэм уншигч та үүнээс цааш буй “газрыг” нь өөрийн нүдээр үзэж, өвс цэцэг, өвч байгаль, өнгөт тэнгэрийг үзэн шинжиж, сэтгэлийн цэнгэл эдлэгтүн.

Т.БАЯНСАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *