“Миний Дагестан”-аараа уул нутгаа манант бөмбөрцөг даяар магтан дуулж чадсан Дагестаны их яруу найрагч, цуут Расул Гамзатовын 3864 мөр бүхий шүлэглэсэн туужийг шимтэн уншлаа. Шимтэхийн учир, сэтгэл зүрхийг булиглуулан булаах, басхүү гунин тунин яваа хонгорхон Асяг сэтгэлийн угаас өрөвдөн хайрлуулах шидтэй зохиол ажээ.
Ася хэмээх хонгорхон охин арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд дэгж дэрвэн хөөрч явна. Гэвч түүний замд тохиолдох булсан хавх шиг гай барцадыг эцэг нь аль эртнээс зэхсэн байсныг тэр яахин мэднэ. Учир нь, Асягийн аав хоньчин Али архины халуунд охиноосоо үе мултархай ах Осман гэгч олхиогүй амьтны эхнэр болгохоор Османы аавтай сүй тавьчихсан байна. Хэлсэн бол хэлсэн, буцах аргагүй, булзах газаргүй гэсэн уулынхны шударга зан Алид нэвт шингэчихсэн юмсанжээ. Хэлсэндээ хүрдэг хатуу эцэг нь охиноо цэцэг цэврүү шиг насанд нь архичин Османы эхнэр болгон өгөхөөр зэхээд сургуулиа төгсөхийг нь хүлээж байсан аж. Гэвч Ася бол өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх эрхтэйгээ ухаарсан зоригтой, ухаантай охин байлаа. Османд дургүйгээ, оюутан болж суралцах хүсэлтэйгээ эцэг эхдээ учирлавч нэгэнт шийдсэн эцэг нь өөрийнхөөрөө зүтгэнэ. Арга мухардсан Ася богтлогдохынхоо өмнөх шөнөө ангийн багштайгаа уулзсанаар зориг шулуудан гэрээсээ явахаар шийднэ. Маргааш нь Османы тэрэг тэрэг инж өглөгийг орхиод өөрийнхөө хувь заяаны эзэн болж явахаар шийдсэнээ эцэг эхдээ дуулгахад аав нь түүнийг гэрээсээ хөөнө. Худ ураг бололцох хүмүүс нь хүүхнээ авахаар хоньчин Алигийнд ирэхэд Ася бүсгүй аль хэдийнэ гэрээсээ хөл нүцгэн хөөгдөөд явчихсан байна. Уул нутаг, Кавказ даяар ийм явдал урьд өмнө тохиож байгаагүй гэж үзсэн хүмүүс Алиг өрхийн тэргүүн шиг тэргүүн байсангүй гэж, эмс охидоо толгой дээрээ гаргалаа гэж элдэвлэн шившиглэнэ.
…Хүйтэн халуун хачиртай мэдээг
Хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгов
Зарим нь гар барьсан юм шиг саймшрав
Зарим нь гал гарсан юм шиг сандрав…
Расул Гамзатовтой уран үгийг уралдуулж утга санааг ягштал буулгасан Р.Чойномын гайхамшигт орчуулга хэн бүхний зүрх сэтгэлийг эрхгүй булаана вий.
Харин инжилсэн хүүхэн нь дайжаад явчихсанд хорссон Осман хөрөнгө цохиж эцэг эхтэй нь тохиролцоод долоогоо ч төгсөөгүй хөөрхий Сүпээг авч сууна. Анхны шөнөө Осман, Сүпээтэй нүүр учирч:
“…-Амар байна уу? За яамай даа хө!
Алив гутлыг минь чангаагаач
Хром байтлаа хөл нухаад байх юм
Хойш нь тат! хөл мулталчихуузай
Уухайс даа! Овоо юм л даа чи чинь
Уг нь чи бид хоёр таарах л юм байна
Ус хийчих хө тэр түмпэнд
Угаачих хө энэ хөлийг
Айлын авгай шиг хөдлөөрэй хө
Ай цэгий! Юунд нүүрээ буруулаа вэ!
Орой болгон хоёул хэвтэх
Ороо засахаа мартаагүй биз?
За, за! Гонжийтол битгий зогсоод бай!
Залхууралгүй хувцас сандал дээр тавь!
Дуусгаач…, шөнө богино. Өнгөрлөө.
Дуулав уу?, Дэнлүү унтраа!…
Сүпээ охин хэнтэй сууснаа сүүлд нь мэдэж хар нялхаараа үйлээ үзнэ. Харин үүнийг мэдээд гэрээсээ хөөгдсөн Ася бүсгүйн зам ч дардан байсангүй. Кавказ бүсгүй Ася маань хоосон нойтон, хээр хөдөө явсаар Москвад ирж зорьсон ёсоороо оюутан боллоо. Энэ хугацаанд түүний сэтгэлт Юсуп гэнэт гарч ирнэ. Ася бүсгүйн хувь тавилан цааш хэрхэн өрнөхийг “Кавказ бүсгүй” номноос эрхэм уншигч мэднэ биз ээ. Уул нутгийн бүсгүйчүүлийнхээ зовлон жаргалыг сайнтай муутай нь дэлгэн харуулж, хуучны бурангуй ёс заншлаа эсэргүүцсэнээрээ Гамзатовын энэ зохиол онцлог билээ. Манайд 2002 онд эл шүлэглэсэн тууж ердөө 300 хувь хэвлэгджээ.
Г.ЛХАГВАДОРЖ