Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ханзны хатан хаадын хилэнц”

Зохиолч, нийтлэлч Ж.Наранагийн “Ханзны хатан хаадын хилэнц” романы тухай товч өгүүлье. Яагаад ч юм чухамхүү энэ сэдвээр урьд нь тухайлан уншиж байгаагүй тул шинэ үеийн бидэнд ихэд сонин сэтгэгдэл төрүүлэхээр, басхүү маш сургамжтай сэдэв шиг санагдлаа. Ганц нэг кинонд зурвас гараад өнгөрдөг, өнгөрсөн зууны эхэн үеийн хот хүрээний амьдралын толь болсон хятад данжаадын авгай хүүхнүүдийн талаарх бодол маань бас нэлээдгүй баяжиж үлдлээ.

Уншигч би бээр бодохдоо тухайн үедээ өнгө мөнгөөрөө гайхуулсан, ааш аагаа багтаасандаа хөгшин хужаа нартай дэр нэгтгэчихээд, хар тамхинд донтон, хувь заяагаа ээдүүлсэн тэдгээр хүүхнүүд дуртайдаа задарч явсан улсууд юм даа хэмээн бодож байсан минь зарим талаараа ташаа байсан мэт ээ. Тухайн үеийн Хүрээний хүн амын тоотойгоо харьцуулаад үзэхээр аргагүй жин дарах бурхны олон шавь нарын тоо нь нэг зуун мянгад хүрч, энэхүү романд гарч буй гол баатар Дийдэнханд бүсгүйн аавын хэлдгээр “Тоотой хэдэн ноёд, баяд нь тоосон хүүхнүүдээ их, бага хатан болгож аваад, арчаатай гэгдсэн арилжаа наймаа эрхэлдэг монгол эрчүүдийн цацаа цалгиатай амьдрал нь нэг харахад сэргэн мандаж, нөгөө харахад модоо барьчих шахаад, арчаагаа барсан арай дорой хэсэг нь арав таван мөнгөөр бусдад зарцлагдахаас илүү гарч чадахгүй, Гандан хүрээ хийдээр дүүрэн шавилан сууж, улаан шарыг намируулан бурхны ном бувтнах чөлөөндөө хаа нэгтээ зугаа гаргахдаа хүүхэдтэй болгон хаяхаас илүү гийгүүлж чадахгүй эрчүүдтэй тийм бурангуй нийгэмд охид бүсгүйчүүд нь амьдралын эрхээр хятад цагаачидтай ил, далд ханилахдаа хүрч байсан” юмсанжээ. Аргагүйн эрхэнд богтлогдож очих нэг нь байхад, ов мэхэнд нь орж, залуу насны гэнэн цайлган зангаараа хавханд орж, хашаанд хоригдсон хүүхнүүд ч бас байж. Өнгө дагаж мөнгө зарлагадаад, нэг өдрийн жаргал нь мянган өдрийн зовлон болох нь ч буй гэдгийг уг зохиолд их энгийн үгээр атлаа санаанд тод үлдтэл дүрслэн өгүүлж чаджээ.

Нэгдүгээр дэвтэрт нь өнгөрсөн зууны 1920-иод оны дундаас 1960-аад оны дунд хүртэлх нийслэл Улаанбаатар хотын хүн зоны амьдралыг Дийдэнханд, Дариймаа хэмээх хоёр бүсгүйн болон тэдний эцэг эх, хамаатан садны амьдралаар тод томруун өгүүлсэн бөгөөд хувь заяаны эргүүлэгт орсон хоёр бүсгүй хятад хүмүүстэй дэр нэгтгэснээр ямаршуухан амьдрал туулж өнгөрсөн талаар маш сонирхолтой өгүүлэхдээ тэдний үр хүүхдийн амьдралыг хамтад нь толилуулж, удам судар, хүний ген гэдэг хүмүүний амьдралд ямар их чухаг нандин, хайрлаж хамгаалж явууштай юм бэ гэдгийг онц сонирхолтойгоор хүүрнэн толилуулсан.

“Хүний буян хүнд наалддаггүй” гэсэн үг бол энэхүү зохиолын гол үзэл санаа нь бөгөөд ахархан зуурын жаргал ганц биеэрээ ч дуусаж болох нигуртай гэдгийг, хүн гэдэг амьтан өөрсдийн үр удамдаа цэвэр нэр төр, удам судрын буян заяа, тэгш дүүрэн буян нүнжигээ үлдээх ёстойн чухлыг өгүүлсэн байна. Өнгөц харахад “хоёрхон биеэрээ үйлдэх тэр нэгэн жаргал” нь хожмоо үр хүүхэд, ач зээ, жич жичинцэр хэмээх тунчиг олон хүмүүсийн хувь тавиланг “шийддэг” гэдгийг уг зохиолд үйл явдлын гогцоо бүрээр сүлэлдүүлэн харуулжээ.

Харин хоёрдугаар дэвтэрт нь Дийдэнханд Лиү данжаад хоёрын ганц охин Байхуарын тухай өгүүлэхдээ 1970-аад оны дунд хүртэлх тухайн үеийн нийгмийн бодит тусгал болох Хятадын эрлийз, хурлийз хэмээх хүмүүсийн тухай давхар өгүүлж, олон сонирхолтой хэсгүүдээр тодотгосон нь уншихад сонирхолтой, басхүү тэдний өнгөрүүлсэн хувь хүмүүний жаргал зовлонгийн тухай, тэдэнд хандах тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг хамтад нь мэдэж авах боломжтой юм байна.

Хятад хүмүүний мөн чанар, дотоод сэтгэлийг тольдон харсан монгол хүний өнцгөөс бичсэн энэхүү хос роман нь өгүүлэмж энгийн мөртлөө сонирхолтой, зохиолын ерөнхий чиг нь амьдралын бодит байдлыг ятган үнэмшүүлэх тал барьсан, зөвхөн тухайн өнгөрсөн нийгмийнхээ тухай бус харин ч өнөө үед байнга л амны уншлага болсон “Энэ ч хятадын эрлийз, тэр ч бас хурлийз” хэмээн нэг нэгнээ хар таамгаар хардан бусниулдаг, дур дураараа цусны шинжилгээ хийдэг аливаа үйл явдалд углуургатай хандахын чухлыг тодотгон өгүүлсэн гэж болно. Гадаадын эрстэй, тэр тусмаа хятад, вьетнам гэх эрчүүдтэй ил цагаан хэлхэлдэн цэнгэж буйгаа олон нийтийн сүлжээгээр тунхаглан зарлаж, ичиж айхаа умартан баясах болсон өнөө цагийн хүүхнүүдийг бага ч атугай сэхээрэхэд энэ мэт зохиолыг нэг уншаад авах нь юутай ч нэгийг бодож, хоёрыг тунгаахад нь тус болж ч мэднэ.

Өнгөрсөн зууны үйл явдлыг өгүүлж буй мэт боловч харин ч өнөө цагийн энэ мэт явдлын тухай тодорхой өгүүлсэн ийм нэгэн уншууртай зохиол манайд одоо бестселлер болоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *