Уг нь бол хайртай, амраг сэтгэлтэй хүнээ мартана гэж байдаггүй. Хайрын сэтгэл гэнэт л ул мөргүй болох ч юм уу, эргээд харахад л алга болчихдог зүйл биш. Хичнээн гомдол тээн хоёр тийш саллаа ч, хайрын сэтгэл нь сэвтлээ ч хайрын сэтгэл хайрынхаараа үлддэг. Насан багын хайр, анхны хайр, оюутан цагийн хайр дурлал, идэр насанд учирсан хоёр, цайгаа хамтдаа суугаад хувааж уух нэгэн гээд нас насанд хайр, хайрт байх ажгуу. Эсвэл анхны харцаар л дурлаад бие биедээ татагдсан ч заяа төөрөг нийлээгүй үхэн үхтэлээ нэгнээ дурсан хайрладаг хүмүүс ч буй. Хүн хэдий хөгширч, өөр тивд амьдарлаа ч, анги нэгэнтэй гэр бүл боллоо ч насан багын хайр, анхны хайраа сэтгэлийнхээ мухарт өөрөө ч мэдэлгүй санагалзан байдаг. Эсвэл мартчихсан гэж боддог ч түүнийг нь санагдуулах ямар нэгэн дурсамж, дуу, яриа гарахад сэтгэл нь анхных шигээ догдолдог. Ийм болохоор хайртай хүнээ мартана гэж байдаггүй. Харин яагаад Ж.Заяабаатар асан “Хайртыгаа битгий мартаарай” гэж өгүүллэг бичсэн юм бол. Хүмүүс хайртаа мартчихдаг болохоор, мартчих гээд байдаг болохоор эрхэм найрагч маань тэртээ он жилүүдэд “Хайртыгаа битгий мартаарай” гэж бичиж бидэнд захиж үлдээжээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Ж.Заяабаатар 1991 онд 25 насандаа “Хайртыгаа битгий мартаарай” нэртэй богино өгүүллэгийн номоо 10 мянган хувь хэвлүүлсэн нь тухайн үедээ уншигчдын дунд эрэлт болж, залуухан найрагч олонд танигдаж уг номоороо МЗЭ-ийн шагнал хүртэж байсан түүхтэй.
“Хайртыгаа битгий мартаарай” ном бол яг энэ цаг үед залуусын гэлтгүй хүн бүрийн унших ёстой ном. Ялангуяа хайр сэтгэл, гэр бүлийн тал дээр асуудал гаргадаг, ааш зан нь хаврын тэнгэр шиг хувирч зүрх сэтгэлээ өөрөө ч мэдэлгүй шүүрэн шанага шиг болтол нь сийчсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулах л бүтээл. Энэхүү номонд нэлээд хэдэн өгүүллэг багтсан.
Хилийн застав, хилийн заставын бэр гэж чухам ямар хүн байдаг, хайрын сэтгэлийг нэг л хөргөвөл яаж ч уучлал эрж өвдөг сөгдөн мөргөсөн ч буцааж хэвэндээ ордоггүйг, үнэнч бус загнах нь гал халуун хайрыг дахиж сэргэхгүйгээр газрын гаваар оруулчихдагийг өгүүллэгүүд нь өгүүлнэ. Хүний амьдралд байдаг л асуудал мэт боловч зохиолчийн бичлэгийн ур чадвар таныг аяндаа хөтлөөд явчихна.
Хайртай хүн нь тав, гурван жилийн хугацаагаар эр цэргийн албанд мордоход үнэн сэтгэлээрээ эр нөхрөө хүлээн суух бүсгүй байхад цээжинд нь бүлээн нулимсаа урсган байж “Хүлээнэ ээ” хэмээн хэлснээ мартаад өөр нэгнийг даган одох бүсгүй байх. “Хайртай, хүлээнэ ээ” гээд хоцорсон бүсгүй нь хилийн заставынх нь даргын гэргий болоод өлгийтэй хүүхдээ тэврээд онгоцноос буугаад ирнэ гэдэг хэнд ч төсөөлөгдөшгүй их урвалт. Нулимсаа залгин, гомдлоо даран байж тэр бүхнийг хараад албаа хаана гэдэг далай мэт тэвчээр.
Нэгнээ ойлголгүй, залуу халуун насны ааг омгоор омголон загнаж урлагийн ажлыг нь хөнгөн хийсвэр, хормой султай хүний хийдэг зүйл гэж хэлж гомдоож байсан бүсгүй нь тэртээ он жилүүдийн хойно нутагт нь бригадаар ирж дуулах. Дуулах дуулахдаа хайрын тухай дуулах. Харамсан, гомдон, хайр эрэн дуулах. Царайг нь харахаас гэрэвшээд дууг нь холоос сонсчихоод гэртээ орж ирээд уйлан суух эр. Цагийг эргүүлж болдог бол, цаг хугацааг буцаадаг бол залуу насандаа очоод алдаагаа засахсан хэмээн машид ихээр харамсах.
“Хайртыгаа битгий мартаарай” бол миний ширээний ном л доо. Хамгийн нандин номнуудын маань нэг нь. Энэ номыг оюутан ахуй цагаасаа өдийг хүртэл жилд хэдэн удаа уншив. Бүх өгүүллэгийг нь цээжээрээ мэдэх ширээний ном маань. Энэ ном бүхэлдээ “Хайртай хүнээ уучилж сур. Хайрлаагүй цаг хугацаа чинь насны эцэст маш их зовлон болж сэтгэл зүрхийг чинь урж хэмлэж байдаг. Бас хайртай хүндээ үнэнч бай. Ямар ч сайн сайхан, муу муухай зүйл тохиолдсон бай бүхнийг сөрөөд үнэнч л зогсч бай. Хорвоогийн хамгийн чухал зүйл бол хайр. Хайр бол аз жаргал юм” гэдгийг хэлж өгдөг юм.
Ж.Заяабаатар асан уг номоо бурхны таалалд очихоосоо өмнө дахин хэвлэж нийтэд түгээсэн билээ. Гадуур худалдаанд ганц хоёр байж магад. Та бүхэн олж уншаарай. Бид чинь хайртынхаа дэргэд байгаа хэрнээ л түүнийг мартчихдаг тийм хэцүү цаг үед амьдарч байгаа болохоор эрхэм зохиолчийн бичиж үлдээсэн үгийг төгсгөлд нь хэлье. ХАЙРТЫГАА БИТГИЙ МАРТААРАЙ.