Өдгөөгөөс гуравхан жилийн өмнө Англи,
Америкийн амьд сэрүүн буй
алдартай 125 зохиолчийн дунд XIX, XX зууны
шилдэг 10 зохиол, бүх цаг
үеийн шилдэг 10 зохиолч шалгаруулах санал
асуулга болсон. Энд “ХХ
зууны шилдэг бүтээл”-ээр
Набаковын “Лолита” тодорсон бол
XIX зууны шилдэг бүтээлээр Лев
Толстойн “Анна Каренина” тодорч, мөн
түүний “Дайн ба Энх”
нь гуравдугаарт шалгарсан төдийгүй түүнийг бүх цаг
үеийн хамгийн шилдэг зохиолч
мөн хэмээн санал өгсөн
байдаг. Мэдээж
“Бүх цаг үеийн шилдэг”
гэсэн тодотголтой ном зохиол шалгаруулах
олон арга хэмжээ зохиогдоход эдгээр
жагсаалт дунд “Анна Каренина”,
“Дайн ба Энх” романууд
цохиж явдаг. Реалист
уран зохиолын ноён оргил гэгддэг Лев
Толстойн бас нэгэн зохиолыг
шимтэн унших боломж монголчуудад олдлоо. “Монсудар”
хэвлэлийн газар Лев Толстойн “Иван
Ильичийн үхэл” хэмээх суут
бүтээлтэй танилцах боломжийг номын хорхойтнуудад
олгожээ.
“Иван Ильичийн үхэл” хэмээх энэхүү
туужид шүүхийн танхимын тэргүүлэгч
гишүүн Иван Ильич онош
нь тодорхойгүй өвчинд нэрвэгдэн, зовж
тарчлан хэвтэхдээ өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож буй тухай
өгүүлнэ.
Өнгөцхөн харахад түүний амьдралд
харамсах зүйл үгүй мэт.
Тэр шүүхийн байгууллагад цалин
сайтай, өндөр албан тушаал
хашиж, алдар нэртэй хүмүүсээр
хүрээлүүлж, бусдын л адил
гэр бүлийн амьдрал зохион,
тансаг сайхан байшинд амьдарч,
хэний ч хувь заяаг
шийдэж чадах эрх мэдэл
өөрт нь байгааг бодон
баясаж, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг
байлаа. Гэтэл үхэл гэгч
хаалгыг нь тогшиход тэрээр
амьдралынхаа “үнэн”-тэй нүүр
тулна.
Тэрбээр үхэлтэй тэмцэх гурван
сарын хугацаандаа эхлээд түүнээс айн
зугтаж, дараа нь нүүр
тулан уулзаж, эцэст нь
хүлээн зөвшөөрөхдөө өөрийг нь бүчин
хүрээлсэн худал хуурмаг бүхнийг
анх удаагаа нэвт шувт
харж, туулж өнгөрүүлсэн амьдралдаа
харамсавч нэгэнт оройтжээ.
Иван Ильичийг нас нөгчсөн тухай
сонсоод түүнийг жинхэнэ андын
ёсоор хайрладаг байсан гэх ажлын
найз нөхөд нь уй
гашуу болохоосоо урьтаж, түүний албан
тушаалд хэн томилогдох бол
хэмээн бодож, насаараа
ханилсан эхнэр нь түүний
эд хөрөнгөөс өөрт нь юу
ногдох тухай
санааширна.
Энэ бол үхлийн тухай
бас үнэний тухай, утга
учир, агуулгатай амьдрах тухай зохиол
юм. Бусдын үхэл бусдынхаараа
л дуусдаг орчлонд
хүний үхлийг хүнд
мэдрүүлсэн зохиол бол “Иван
Ильичийн үхэл” мөн.
Үнэндээ хүн үхлийн өмнө
үхлээс бус “үнэн”-ээс
л айх аж.
Өнгөрүүлсэн амьдрал нь утга
учиргүй байх вий, шударга
бус байх вий, амьдралд
хууртагдсан байх вий, эцэс
төгсгөлгүй худал дунд “худал”
амьдарсан байх вий. Тэгээд
эцэст нь үхэл гэгч
гарцаагүй ирчихсэн нь үнэн байх
вий гэх амьдралынхаа эцсийн
шүүлтийн өмнөх “үнэн”-үүдээс
л айх…
Эндээс л ерөөс үхэл
гэгч аймшигтай биш, үхэж буй
хүн хэн байсан бэ,
хэрхэн яаж амьдарсан бэ
гэдэг л амьдралын эцэст
аймшигтай байдаг гэдгийг харах
болно. Туужийн гол баатар
Иван Ильич өөрийн амьдралаа
бусдын аяст тааруулж, өөртөө
биш хүмүүст зориулж амьдарчээ.
Түүнийг хүмүүс бас амьдрал,
бүр өөрөө өөрийгөө хуурсан
хуурамч амьдрал дунд нэг
насаа өнгөрүүлсэн аймшигт үнэнтэй үхлийн
өмнө нүүр тулна. Түүнийг
өвчин нь биш гагцхүү
энэ үнэн л тарчлаан
зовоох аж. Хүний амьдралын
ийм л нүцгэн үнэнийг
Лев Толстой энэхүү туужаараа
өгүүлсэн байна. Нэг л
олдох амьдрал юм чинь
дээ…
Б.Эгшиглэн