Францын 1800-гаад оны үеийн эдийн засагч, улс төрч, нийтлэлч Фредерик Бастиагийн “Ил харагдах, үл харагдах хоёр” номын тухай өгүүлсү. Уг номд өгүүлэхдээ Эдийн засгийн үзэгдлүүд дэх аливаа үйл ажиллагаа, зан заншил, тогтоол, хууль дүрмүүд ганц нэг ч биш, бүр бүхэл бүтэн, цуврал үр дагавруудыг төрүүлж байдаг агаад эдгээрээс хамгийн эхнийх нь буюу үйл ажиллагаа нь л түүнийг төрүүлсэн шалтгаантайгаа нэгэн дор, нэгэн зэрэг ажиглагдаж байдаг болохоор түүнийг “ил” гэж нэрлэж болно. Харин бусад нь ар араасаа цувран гарч ирэх тул тэдгээрийг анзаарахгүй байж болох учраас “үл харагдах” хэмээн нэрлэх нь зүйн хэрэг, гагцхүү түүнийг урьдчилан олж харж чадах нь чухал юм гэжээ.Тэгээд үл харагдах, ил харагдах олон жишээн дээр үүнийгээ тайлбарласан байдаг.
Хүүгээ цонх хагалсныг сонссон ч огт уурлаагүй, түүгээр ч үл барам “Үйлдвэрлэл гэдэг чинь ийм л замаар тогтнож байдаг юм. Хэн ч шил хагалдаггүй бол шилчид чинь яаж амьдрах болж байна” гэх мэтээр тайвшруулдаг эцгийн талаар эхлээд өгүүлнэ. Үүнд өөрийн гэсэн онол агуулагдаж байдаг. Шилийг зургаан франкаар шиллэнэ. Тэр нь шилний үйлдвэрт урамшуулал болон орно гэж энэ онол хэлээд байгаа. Энэ бол нөгөө ил харагдаж байгаа зүйл юм.Гэвч сайтар бодоод үзвэл энэ бол худал зүйл бөгөөд “Нүд харавч үл үзэх”-ийн онол юм. Шилэнд зарсан зургаан франкаа хүүгийн аав өөр юманд зарцуулж болох байсанд хамаг учир байгаа юм. Ханзархай гутлаа солих ч юм уу, шинэ ном ч авах гэх мэт. Гэтэл тэр мөнгийг одоо юунд ч зарах хөг нь өнгөрчээ. Шилний үйлдвэрийн тухайд гэвэл шил хагарсан, зургаан франкаар баяжсан уу, баяжсан. Энэ бол ил харагдаж байгаа зүйл. Хэрэв шил хагараагүй бол тэр зургаан франк гутлын ч юм уу, өөр ямар нэгэн гар урлалын салбарт ашиг болон очих байлаа. Энэ бол бидний олж харахгүй байгаа зүйл. Олж харахгүй байгаагаа эсрэг нотолгоо гэж үзээд харин ил харагдсаныг нь эерэг нотолгоо гэж үзээд дүгнэлт хийх юм бол ер нь үйлдвэрлэлд, бүр тодруулбал үндэсний хөдөлмөрт шил хагарах эсэхээс ямар ч ашиг гарахгүй.
Одоо шилний үнийг төлсөн эцгийн өмнөөс тооцоо хийж үзэцгээе. Шил хагарсан болохоор зургаан франк үрэхэд хүрсэн. Яг өмнөх шигээ шилэн цонхтой үлдсэн. Хоёр дахь тооцоогоор шил хагараагүй бол зургаан франкаараа шинэ шаахай ч юм уу худалдаж аваад шинэ хос шаахай нэмэгдэж шилэн цонх нь бүтэн хэвээрээ л байх байлаа. Бүхий л нийгмээ цогцоор нь аваад бас дээр нь нийтийн хөдөлмөрийн баялгийг, түүнээс гарах сэтгэл ханамжийг тооцох юм бол нийгэм маань бүхэлдээ уг шилний үнэ цэнийг алдаж орхисон байна. Цаашдаа нийгэм маань ямар ч ашиггүй устгагдсан хэрэгслийн үнээр хохирол амсчээ гэсэн үг. Эцэст нь базаад үзэхэд хагарсан шилний харгайгаар нэг биш, хоёр хохирол амсахад хүрсэн хүүгийн эцгийг хэрэглэгч гэж тооцъё. Мөн хагарсан шилний ачаар хөлстэй ажил олсон шилчинг үйлдвэрлэгч гэж үзье. Тэгвэл хамгийн гол хохирогч хэн байх вэ. Энэ бол хагарсан шилний гайгаар бага ч гэсэн ашиг олж чадах байсан ч юу ч олоогүй гуталчин ч юм уу хэн нэг үйлдвэрлэгч юм. Чухамхүү энэ гурав дахь үйлдвэрлэгч л хэзээний бүх юмны сүүдэрт үлдэх агаад огтоос үл харагдахын учирт л үл харагдах ил харагдахын гогцоо байх юм гэжээ.
Мөн татварын ил харагдах, үл харагдах зүйл гэж юу вэ.Татвар төр аваад түүнээ тараах, түүнээс татаас авч байгаа байгууллагууд, татвар төлж байгаа хүн, эд нар бол ил харагдах зүйл. Харин татвар төлөгчийн үүрч байгаа алдагдал бол үл харагдах зүйл.
Төсвийн байгууллага зуун су мөнгө өөртөө илүү зарцуулна гэдэг нь татвар төлөгч өөртөө зуун су мөнгө дутуу зарцуулна л гэсэн үг. Энэ бол үл харагдах зүйл юм. Түшмэдэд зуун су өгөөд түүндээ таарсан үйлчилгээ авч байвал энэ нь гуталчинд зуун су мөнгө өгсөнтэй яг адил, харин зуун су өгөөд дээрээс нь дарамтлуулаад таарвал тэр мөнгийг хулгайд алдсанаас юуны ялгаа хэмээн өгүүлсэн байдаг.
Уг номыг Ж.Нэргүй орчуулжээ. Харин “Алтан тариа” компанийн эзэн П.Цэнгүүн ивээн тэтгэсэн байна. Та бүхэн олж аваад уншихад сонирхолтойгоос гадна маш сургамжтай, юмыг өөр нүдээр харсан нь гайхалтай санагддаг юм билээ.