Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Ичиго Ичие буюу одоо цагтаа оршихуй

Хэгтор Гарсиа ба Францез Мираллэс хоёрын ийм ном байдаг. Үүнд япончуудын одоо цагтаа амьдрах нууцын тухай өгүүлжээ. Ичиго Ичие гэдэг нь үгчлэн орчуулбал “Ганц удаа, учрал” гэснээс гадна “Яг энэ агшинд, аз завшаан” гэсэн үг гэнэ. Ер нь бол яг одоо болж байгаа бүхэн дахин хэзээ ч давтагдахгүй, тиймээс тухайн учралыг алдалгүй барьж авч анзаарч баясаж бай л гэсэн үг юм. Бидний хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж байгаа хором бүр хэмжээлшгүй үнэ цэнэтэй байдаг. Үүнийг анзаарч байхгүй бол тэр цаг дахин хэзээ ч тохиохгүй. Испанид байдаг нэг сүмийн лам нар тааралдах бүрийдээ “Ах минь амьдрахын эцэст үхэх буюу” гэж мэндэлдэг аж. Тэр нь тухайн хүмүүсийг гуниг, шаналлаас ангид байж хором мөч бүрийг талархан амьдрах урам зориг өгдөг. Хором мөч цаг хугацаа гэдэг бол одоо цаг. Үүнийг л алдалгүй ангуучлахыг Ичиго Ичие гэдэг байна.Чарли Браун гэдэг хүүхэлдэйн кинон дээр “Нэг л өдөр бид бүгд үхнэ, Снүүпи”, “Тэр ч тийм л дээ. Гэхдээ бусад өдрүүдэд нь бид үхэхгүй шүү дээ” гэж ярилцдаг. Бид хэзээ явахаа мэдэхгүй ч “бусад өдрүүдээ” хэрхэн өнгөрүүлэх нь биднээс шалтгаалдаг. Амьдралын сайхныг амтлах нь хүмүүсийн зан чанараас шалтгаалдаг ч тэд ихэнх тохиолдолд одоо цагтаа амьдарч чаддаггүйтэй холбоотой байдаг. Хүмүүс уурладаг, тэр нь өнгөрсөн цагтаа л байгаа нь тэр, тиймээс эргээд ирэх хэрэгтэй, гунигладаг, бас л өнгөрсөн цагтаа байна, ямар нэг зүйлийн дараа л гунигладаг биз дээ. Тэднийг сэрээх хэрэгтэй. Айдас бол ирээдүйн цагт та байгаад байна гэсэн үг. Ажлаасаа халагдвал, өвчин тусвал гэх зэрэг дан ирээдүй цаг байгаа биз дээ. Мөн л эргүүлж авч ирэх хэрэгтэй. Аз жаргал бол одоо цаг дээр байдаг. Хүмүүс өнгөрсөн, эсвэл ирээдүйн юманд тэгж их бүүр зуун хувь баярлах нь ховор. Яг одоо цаг дээр л баярлаж хөөрдөг. Энэ бол Ичиго Ичие юм. Цаг хугацаа үргэлж одоо цаг дээр оршдог бөгөөд агшин хором бүр нь бидэнд өгч байгаа бэлэг юм. Одоо цагтаа байж сурахын тулд бясалгал хийж сурах хэрэгтэй гэж уг номонд бичжээ. Хамгийн түгээмэл бөгөөд хялбар за зэн арга. Аарцгаасаа хүзүүгээ хүртэл нуруугаа цэхлэн суугаад нэг метрийн зайнаас хоосон хана ширтэнэ. “Сууж байхдаа юу ч бодохгүй байх тухай бод.Яаж бодохгүй байх тухай бодох вэ. Юу ч бодохгүйгээр. Энэ л за зэн бясалгалын мөн чанар” гэж үүнийг үндэслэгч Доген Зенжи (1200-1253) хэлжээ. Хүслээ хязгаарлаж, байгаа юмандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Үүнийг зөвхөн буддистууд сургадаггүй. Христийн сүмийн санваартнууд “Моменто Мори” буюу “Та үхнэ гэдгээ сана” гэж сургадаг. Ялалт байгуулж энэ дэлхийг эрхшээлдээ оруулсан жанжин эртний Ромын гудамжаар багтаж ядан сагсалзаж байхад нь хэн нэгэн хүн дэргэд нь дагаж “Моменто мори” гэж хэлж явдаг байсан. Энэ нь ялалтдаа эрдэж ихэрхэг зан гаргаж бусдад түвэг удуулахгүй байхад нь сургадаг байжээ. Энэ мөрийг уншиж байхдаа манай олон залууст ингэж хэлж өгөхгүй яав даа гэсэн харуусал төрж байлаа. Манай олимпийн “алтан жаал”-д хэн нэгэн нь ингээд хэлээд явсан бол юү боллоо гэж ингэж сүйд болж сүйрэлд орж байх вэ. Битгий хөөр, битгий онгир, чи үхнэ гэдгээ сана гэж хэлж байхгүй яав даа. Энэ бүх амьдрал бол агшин зуурдынх юм гэдгийг бүгд санаж байх ёстой. Ингэж байж одоо цагтаа анхаарал хандуулдаг. Хувь заяа ганцхан мөчөөс шалтгаалдаг. Тухайн мөчид яг яаж хандсанаас болоод хувь заяа өөр өөр байдаг. Үүнийг хувь заяаны үр дүнд нөлөөлөх “эрвээхэйн нөлөө” гэдэг. “Хонконгт эрвээхэй далавчаа дэвэхэд Нью-Йоркт хар салхи дэгддэг” гэдэг нь үйл заяа хэрхэн хоорондоо холбоотой байдгийг ёгтолж хэлсэн үг. Уг номд одоо цагтаа төвлөрөхөд тус болох олон аргыг тайлбарлажээ. Ертөнцийг сонсохуй, харахуй, хүрэлцэхүй, амтлах, үнэрлэх гэх мэт мэдрэхүйгээрээ орчлон ертөнцийг амталж сурах ёстой аж. Нэг сонин жишээ бол хүн харсан зүйлийнхээ гурван хувийг, сонссон зүйлийнхээ таван хувийг үнэрлэсэн зүйлийнхээ 35 хувийг санадаг гэжээ. Хамтдаа байсан энэ цаг хугацаа бол дахин давтагдахгүй учрал юм Ичиго- Ичие.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *