Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Философийн ертөнцөөр аялагтун

Хүн төрөлхтний бүтээн бий болгосон олон үнэт зүйлсийн нэгийг философийн шинжлэх ухаан гэж боддог. Философи бол ухаант хүмүүний мэдлэг хийгээд сэтгэлгээний хамгийн эртний хэлбэр билээ. Энэ тухай дунд сургуулийн хичээл дээр та бүхэн үзсэн биз. Саяхан ШУА-ийн Философийн хүрээлэнгээс нэгэн сонирхолтой ном хэвлэгдэн гарсан нь “Философийн үндсэн мэдэгдэхүүн” гэх бүтээл байв. Уг номын зохиогч философийн ухааны доктор С.Соёлмаа номын өмнөх үгэндээ “Философи бол ХҮН хэмээх мөнх бус амьтны бурхнаас өгсөн цорын ганц эрх чөлөө юм. Философийг танин мэдэх нь бид өөрсдийгөө авч үзнэ гэсэн үг. Энэ нь бидний цорын ганц оршихуйн ул суурьтай үндэслэл юм” хэмээсэн нь уг шинжлэх ухааныг тэр чигт базаад цөөн үгээр хэлчихсэн гэлтэй.

Уг бүтээлд философийн үүсэл хөгжил, орчин үеийн урсгал чиглэлүүд, салбар ухаанууд болон Монголын философи сэтгэлгээний түүхэн тоймыг багтаажээ. Энэ ч утгаараа оюутан сурагчид болон сонирхон судалгаа хийдэг хүмүүст тун хэрэгцээтэй ном болжээ. Арвин баялаг мэдлэг, сан хөмрөг бүхий энэ агуу шинжлэх ухааныг нэгэн номонд багтаах бололцоогүй. Гэсэн ч философи бол үзэл бодлын чөлөөт орон зай билээ. Энэхүү бүтээлд дурдагдаж байгаа үндэслэл тайлбаруудыг уншваас ер нь тун хэрэгтэй мэдлэгүүдийг гарцаагүй олж авах ажгуу.

“Философийн үндсэн мэдэгдэхүүн” ном нь “Философийн үүсэл ба хөгжил”, “Философийн орчин үеийн урсгал чиглэлүүд”, “Философийн салбар ухаанууд”, “Монголчуудын философи сэтгэлгээний түүхэн тойм” гэх үндсэн дөрвөн бүлгээс бүрдэж байна. Зарим хүмүүс философи гэхээр л нэг их уйтгартай, “толгой гашилгасан” зүйл гэж боддог. Гэвч үнэндээ тийм биш. Ямар ч хүний өдөр тутмын амьдрал, бодож байгаа бодлууд өөрөө философи юм.

Зохиогч философийг оюутан сурагчдад тодорхой хэмжээнд заахгүй бол хүмүүнлэг боловсрол, хүнлэг байх шинжээ алдах тухай өгүүлсэн. Хүмүүнлэг боловсролыг гагц уран зохиол, шашны боловсрол, эсвэл сонирхлын түвшинд олгохгүй. Энэ боловсролыг философийн сургалтаар иргэдэд олгоно гэжээ. Жирийн уншигчийн хувьд уг санаатай санал нэгдэж байгаа юм. Ер нь энэ ном нь оршин ахуй, танин мэдэхүй, үнэн болоод худал, үнэлэмж, урлаг, соёл, бодит байдал гэх зэрэг туйлын өргөн хүрээний сэдвүүдийг философийн салбар ухаануудын хүрээнд, нэрт философичдын үзлүүд дээр тулгуурлан товч бөгөөд ойлгомжтой, тодорхой авч үзсэнээрээ жирийн уншигчдад ч ойлгомжтой бичсэн нь давуу тал болсон байх юм. Философи бол ойлголтын тусламжтайгаар танин мэдэх үйл явц бөгөөд Германы сонгодог их сэтгэгч И.Кант “Би юу мэдэж чадах вэ”, “Би юу хийх ёстой вэ”, “Би юунд найдаж болох вэ”, “Хүн гэж юу вэ” гэх асуудлуудыг дэвшүүлсэн байдаг. Эхний гурван асуулт нийлж дөрөв дэх асуултад хүрэх ба эдгээрийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн, ёс суртахуун, үнэлэмжийн, итгэл үнэмшил шашны чиг бүхий философид тус тусад нь нарийвчлан авч үздэг ажээ. Ерөөсөө тун товчхондоо философи нь ертөнц ба түүнд хүний эзлэх байр суурийг судалдаг аж. И.Кантынхаар бол мэдрэхүй нь ойлголтгүйгээр сохор, ойлголт нь мэдрэмжгүйгээр хоосон бөгөөд энэ хоёрыг нэгтгэх хэрэгтэй гэжээ. За, ямартаа ч уншигч та энэ бүтээлийг уншаад үзвэл илүү дэлгэрэнгүйгээр философийн үндсэн мэдэгдэхүүнийг авч чадна. Бичлэгийн хэлбэр ч тэр таныг огт уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь, Ж.П. Дэлла Мирандолагийн “Бид чамайг үхэшгүй мөнх байхаар бүтээгээгүй, харин сонголтын өмнө эрх чөлөөтэй, яг бүтээгч шиг бүтээсэн болохоор Та өөрийгөө ямар байхыг хүссэнээрээ бүтээж болно. Чи өөрийгөө амьдралын доод хэлбэр болох тэнэг болгож болно, эсвэл сэтгэлээрээ өөрийгөө шүүн тунгааж бурханлаг дээд хэлбэртэй болгож болох хүч чамд бий шүү” гэсэн алдартай үгээр энэ бичвэрээ төгсгөе. Та хэн байх, хэн болох нь мөн чанартаа философи ажгуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *